“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг /2021.04 28/ гарсан. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тэрээр халдварын голомтод хоёр дахь хоногоо ажиллаж байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө ажлаа хэвийн хийж байсан аж.

Талийгаач 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай сувилагч байжээ.

ТУСГААРЛАЛТЫН БҮСЭД ХОЁР СУВИЛАГЧ ТАВАН ЦАГААР ЭЭЛЖЛЭН АЖИЛЛАДАГ

Монгол Улсад covid-19 халдварын тархалт эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутмаг байгааг албаныхан мэдээлж буй. Энэ цаг үед ийм харамсалтай хэрэг гарсан нь олныг цочроов.

Цар тахалтай холбоотойгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэмэлтээр 90 ор дэлгэсэн гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн юм. Тус эмнэлгийн эмч, ажилчдын нэг баг 30 гаруй хүнтэй. Нэг тасагт ойролцоогоор 30 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр сувилагч тав таван цагаар ээлжлэн ажилладаг байна.

Эмнэлгийн улаан бүсэд ажилласан эхний баг 14 хоног ажиллаж, тусгаарлагдсан. Өнгөрөгч Даваа гаригаас хоёр дахь ээлжийн 34 эмч, ажилтан ажиллаж эхэлжээ.

“СУВИЛАГЧИЙН ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН БАЙСАН”

УНТЭ-ийн дарга Д.Хишигбаяраас тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч Covid-19 халдвар авсан эсэхийг тодруулахад “Халдварын улаан бүсэд ажиллаж байсан сувилагч орохоосоо хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Эмч ажилчдын хоёр дахь ээлжинд ажиллаад хоёр хонож байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн. Шалтгаан нь тодорхой болохоор албан ёсны мэдээлэл хийх байх. Тэр болтол хэвлэл мэдээллийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

 “ХЭРГИЙГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС ШАЛГАЖ БАЙНА”

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унасан байдалтай нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Талийгаач 42 настай, тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тус эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас унасан байж болзошгүй байгаа. Бид үүнийг бүрэн шалгасны дараа эцэслэн тогтооно" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Гэрэл зургийг Д.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж