"Тавдугаар сард цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ"

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

"Тавдугаар сард цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ"

"Тавдугаар сард цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ"

Цаг уур орчны шинжилгээний газрын урт хугацааны цаг агаарын төлөвийн тухай тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар инженер Э.Доржпүрэвээс тодрууллаа.


-Энэ сард ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шурга шуурсан. Ирэх тавдугаар сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?

-Тавдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар, тавдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, тавдугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст ахиу хэмжээний цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.

Ирэх сарын температураас үзвэл зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дундаж хэмтэй байгаа бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл болох магадлал бага байгаа.

Хур тунадасны тухайд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон  жилийн дунджаас ахиу, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дундажтай харьцуулахад бага, бусад нутгаар хэвийн хур тунадастай байна. Баруун аймгуудын нутгаар сарын нэг болон хоёрдугаар 10 хоногийн дунд үед агаарын температур 2-4 градус хүйтэрнэ. Хоёрдугаар 10 хоногийн сүүлээр зарим газраар салхины хурд 12-14 м/сек, алтайн уулархаг нутгаар 18-24 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

-Урьдчилсан байдлаар аль бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна вэ?

-Агаарын дундаж температур ерөнхийдөө олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байгаа ч зарим бүс нутгаар үе үе огцом хүйтрэх үзэгдэл тохиолдох магадлалтай байна. Тухайлбал, Төв аймгийн нутгаар нэг ба хоёрдугаар 10 хоногийн дунд үе болон сүүлээр 3-8 градусаар агаарын хэм хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж,  уулархаг нутгаар нойтон цас орж хүйтрэх төлөвтэй. Салхины хурд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үед гуравдугаар арав эхэн болон сүүлчээр 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар эхний 10 хоногийн үед агаарын температур 3-10 м/секунд хүрч  сэрүүснэ. Салхи ихэнх нутгаар 14-16 м/секунд байх бөгөөд Арц богдын өвөр хоолойгоор 20-24 м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас ихтэй байгаа уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор иргэд, малчдад онцгойлон анхааруулах зүйл бий юу?

-Малчид, тээвэрчдэд анхааруулахад тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир  хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа.

Тиймээс иргэд, малчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, хуурайшилттай бүс нутагт зорчихдоо сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Монгол орны  гол мөрний тавдугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Шишхэд,  Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Орхон голын адаг хэсгээр, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж зэрэг голууд  олон жилийн дунджаас  10-70 см ахиу байх төлөвтэй байна.  Харин Хэнтэй нурууны ар ба зүүн хажуугаас усжих  Хэрлэн, Онон, Эг, Балж, Хурх Хангайн нурууны өврөөс эх авах Завхан, Богд, Түй, Байдраг, Зүйл, Онги голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх бол  Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Булган голуудын түвшин олон жилийн дунджаас 10-20 см бага байх төлөвтэй байгаа аж. Иймд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарах хэрэгтэй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж