“Эсрэг бие илрүүлэх шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

“Эсрэг бие илрүүлэх шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй”

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад нэг сая 80 мянган иргэн хамрагдаад байгаа. Үүний 782 мянга нь нэгдүгээр тунд, 298 мянга нь хоёрдугаар тунд хамрагджээ. Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэд өөрт нь эсрэг биет үүссэн эсэхийг хэрхэн мэдэх, цаашид ямар горим баримтлах вэ. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.


-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс өөрт нь эсрэг биет үүссэн эсэхээ мэдэхийг хүсч байгаа. Тэд хаана шинжилгээ өгөх вэ гэж маш их асууж байна. Тэгэхээр энэ асуултад хариулт өгөхгүй юу?

-Нийт хүн амын дунд дархлаа тогтолт хэр байгааг, мөн суурь өвчтэй хүмүүс болон эмнэлгийн ажилчдын дунд ямар байгааг тогтоохоор олон хүнийг хамруулсан судалгааг улсаас хийж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө очиж эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Нийт хүн амын дунд дархлаа тогтолт ямар байгааг судлаачдад даатгах хэрэгтэй. Сайн дураараа эсрэг биетийн шинжилгээ өгч, цаг зав, мөнгө санхүүгээ үрэх шаардлагагүй.

-Гэхдээ иргэд өөрсдөд нь эсрэг биет үүссэн эсэхийг мэдмээр санагдвал хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш хэд хоногийн дараа, хаана шинжилгээ өгөх боломжтой вэ?

-Эсрэг бие илрүүлэх шинжилгээг хепатит В, С ч юм уу вирус илрүүлэх шинжилгээг хийж байгаа бүх газруудад хийх боломжтой. Уг нь хүмүүс эсрэг биетийн шинжилгээ өгөх гэж туйлшраад байх шаардлагагүй.

-Иргэд хувийн эмнэлгүүдэд уг шинжилгээг өгөөд эхэлсэн байна. Зарим хүний эсрэг биет маш өндөр үзүүлэлттэй гарч байна. Энэ нь хэр найдвартай хариу вэ. Ер нь эсрэг биет ямар хэмжээнд байвал боломжийн гэж үзэх вэ?

-Эсрэг биет үүссэн эсэхийг үзэх нэг хэрэг.  Харин дархлаа тогтоц хэр хэмжээнд үүссэн байгааг тогтоох нь амаргүй. Хэдэн хувьтай тогтсоныг лаборатори бүр хийх боломжгүй. Вакцин тариулснаар хүний биеийн дархлааны эд эсүүд ажиллаж, санамжийн эсүүд үүснэ. Ингэснээр эсийн дархлаа, шингэний дархлаа оролцоно. Тиймээс хоёр тунгаас хойш 14 хоногийн дараа зөвхөн эсрэг биет үүссэн үүсээгүйг мэдэх гэж сэтгэл санаагаа чилээж, туйлшрах шаардлагагүй.

Ер нь эсрэг биет үүссэн эсэхийг гурван сарын дараа, зургаан сарын дараа, есөн сарын дараа, нэг жилийн дараа хэр хэмжээгээр үүссэн байна гэж удаан хугацаанд судалдаг.

-Өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр дотоодод халдвар гарахаас өмнө зарим иргэнд эсрэг биет үүссэн байсан гэх судалгааг танилцуулсан. Тэгэхээр вакцин хийлгээгүй иргэд эсрэг биетийн шинжилгээ өгч болох уу. Магадгүй нэгэнт эсрэг биет үүссэн байвал вакцин хийлгэх шаардлагагүй юм биш үү?

-Энэ судалгаагаар массын дунд эсрэг биет үүссэн байх магадлал тун бага гэсэн дүн л гарсан. Тиймээс хүн бүр дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Харин дархлаа тогтсон эсэх, хэр хэмжээнд тогтсон зэргийг судлаачдад нь үлдээ.

-Бүрэн тунгаа аваад 14 хоносон иргэд орон нутаг руу явахдаа шинжилгээ, бусад зүйлийг шаардахгүйгээр зорчих журам боловсруулж байгаа гэсэн. Энэ нь вакцинд хамрагдаагүй хүмүүст халдвар тараах эрсдэлийг бий болгож байгаа юм биш үү. Ер нь хоёр тун вакцин хийлгэсэн хүн нийгмийн харилцаанд орохдоо юун дээр анхаарах вэ. Хэзээнийг хүртэл маск зүүх вэ?

-Вакцинаа бүрэн хийлгэсэн ч халдварт өртөж хөнгөн өвчлөх, бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүд, харшилтай иргэн зэрэг вакцин хийлгээгүй хүмүүсээ халдвараас хамгаалах учиртай. Үүний тулд халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Ер нь бүрэн тунд хамрагдсан ч 2023 оныг хүртэл маск зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа баримталж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол авах хэрэгтэй. Таны асуусан журамд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Сайдын тушаал гарсны дараа бид олон нийтэд мэдээлэх учиртай болохоор журмыг батлагдахаас нь өмнө мэдээлж болохгүй.

-Зарим орны хувьд хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон хүнийг тусгаарлахгүй, харин Энэтхэг, Өмнөд Африк, Их Британи зэрэг мутацид орсон вирустэй газраас ирсэн иргэнийг хоёр дахь тунгаа хийлгэсэн байсан ч тусгаарлаж байгаа юм билээ. Харин Монголд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бид одоогоор агаарын хил нээхтэй холбоотой тушаал, шийдвэр дээр ажиллаж байгаа. Үүнийг удахгүй танилцуулна. Одоогоор манайд хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон хүнийг тусгаарлахгүй байгаа.


ЭСРЭГ БИЕ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭГ 40-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА

Сонирхуулахад, эсрэг биеийг судлаачид дараах байдлаар тайлбарлажээ.  Бидний биед нэвтрэн орж өвчин үүсгэдэг гадны биетийг antigen буюу эсрэгтөрөгч гэдэг. Дархлааны системийн В лимфоцит хэмээх эсүүд биед халдвар үүсгэгч орж ирэхэд өвөрмөц уургийг нийлэгжүүлж эхэлдэг бөгөөд үүнийг эсрэг бие гэж нэрлэдэг байна.

Эсрэг биет цусаар эргэлдэх явцдаа биед гаднаас нэвтэрсэн эсрэгтөрөгчтэй холбогдох бөгөөд эсрэгтөрөгч болон эсрэг биет хоорондоо холбогдсоныг “дархан бүрдэл” гэж нэрлэдэг ажээ.

Улмаар үүссэн “дархан бүрдлийг” дархлааны системийн залгиур эсүүд устгаснаар биеийг халдвараас хамгаалдаг. Эдгэрсний дараа тухайн өвөрмөц эсрэгтөрөгчид тохирох эсрэг биет ялгаруулсан В лимфоцитууд санамжийн эс болж хувирах бөгөөд харилцан адилгүй хугацаанд (вирусээс шалтгаалж) цусанд хадгалагддаг байна.  Өөрөөр хэлбэл, халдвар биед дахин нэвтрэх үед дархлааны систем өвөрмөц эсрэг биетээ шууд ялгаруулахад бэлэн болсон байдаг байна. Үүнийг л дархлаа тогтох гэж нэрлэдэг ажээ.

Эсрэг биет илрүүлэх шинжилгээг “Сонгдо”, “Интермед” зэрэг хувийн эмнэлгүүдэд 40 мянган төгрөг, “Сан медикал центр”-т 50 мянган төгрөгөөр тус тус хийж байгаа юм.

Тус шинжилгээг аль ч төрлийн вакцинд хамрагдсан, вирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд хийлгэж болох бөгөөд вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаар өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж