Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Б.Амарзаяатай ярилцлаа. Олимпийн эрх олгох тэмцээн нь илд /Sabre/, хөнгөн /Foil/, хүнд сэлэм /Epee/ гэсэн үндсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Б.Амарзаяа хүнд сэлэмний төрөлд 14 орны шилдэг тамирчидтэй өрсөлджээ.
-Монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Сэтгэгдэл өндөр байгаа байх?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Монголын туялзуур сэлэмний спортын түүхэн дэх олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнээс хүртсэн анхны медаль боллоо. Өмнө нь мэдээж, манай тамирчид клубийн түвшний олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж байсан.
-Таныг ганцаараа Ташкентыг зорьсон гэж дуулсан. Дасгалжуулагч, багшгүйгээр яагаад ганцаараа явах болов?
-Улаанбаатар-Сөүл-Истанбул-Ташкент гэсэн маршрутаар явсан. Монголын туялзуур сэлэмний холбоо 2014-2016 оны хооронд ОХУ-ын мэргэжилтэн, багш А.Ровнягинтай хоёр жилийн гэрээтэй ажилласан. Одоог хүртэл холбооны зөвлөх багш гэж явдаг. Тэр багш маань Ташкент хотын ойролцоо амьдардаг. Тэмцээний үеэр надтай ажиллаж, дасгалжуулах ёстой байсан. Тийм учраас эндээс дасгалжуулагчгүй ганцаараа явсан. Харамсалтай нь багшийн маань байгаа газар хатуу хөл хорио тогтоосон тул Ташкентад ирж чадаагүй. Манай холбооныхон Казакстаны олимпийн хорооны ахлах мэргэжилтэн Х.Болат ахтай холбогдож туслалцаа хүссэн. Х.Болат ах надад бүх зүйл дээр тусалсан. Мөн холбооны хүсэлтийн дагуу Узбекистаны дасгалжуулагч Г.Тимур багш намайг дасгалжуулсан нь үр дүнгээ өгсөн. Монголд үлдсэн Д.Ганбаатар багштайгаа тулааны өмнө, дараа шууд холбогдож заавар зөвлөгөө явсан.
-Тэмцээний зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэм хэр байсан бэ. Сүүлийн үед гадаад руу явсан тамирчид халдвар авлаа гэсэн мэдээ их гарах боллоо?
– Тэмцээн зохион байгуулалт сайтай, сайхан болж өнгөрлөө. Онгоцны буудлаас тосч аваад шууд зочид буудалд хүргэж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гартал өрөөндөө тусгаарлагдсан. Зочид буудлаас цэнгэлдэх хүртэл автобусаар хүргэж өгч, авч байсан. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа.
-Монголдоо тэмцээнийхээ бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
– Уг нь энэ тэмцээн зургадугаар сарын 15-нд Солонгос улсад зохион байгуулагдах товтой байсан юм. Гэвч өнгөрөгч гуравдугаар сард Ташкент хотод дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүд явагдана гэж тов баталсан. Би 2020 оны арванхоёрдугаар сард Баганууртаа ирээд хөнгөн хувийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Гуравдугаар сарын 10-наас Багануурын Б.Хатанзориг багштайгаа тэмцээний бэлтгэлээ хийж эхэлсэн. Улаанбаатар хотод бэлтгэл хийх боломж байгаагүй.
-Хүчтэй өрсөлдөгч гэвэл аль орны тамирчинг нэрлэх үү?
-Вьетнам, Казахстан, Энэтхэг, Австрали, Тайландын тамирчид чансааны оноогоор илүү бас туршлага сайтай. Миний хувьд хамгийн сүүлд олон улсын тэмцээнд 2019 оны зургадугаар сард Японы Чиба хотод Азийн аваргад оролцсон болохоор бага зэрэг сандрал байсан. Эхний тулааны дараа гайгүй сандралаа дарж чадсан. Вьетнам, Сингапур, Тайланд, Казахстаны тамирчдыг эхний байруудад орно гэж тооцолж байсан талаар дуулсан. Сүүлд сонсоход Монголын тамирчин хагас шигшээд үлдэнэ гэж хэн ч бодоогүй, таамаглаагүй гэсэн. Би таамгыг эвдэж гол өрсөлдөгч Вьетнамын тамирчинг ялж чадсан.
-Таамаг эвдсэн учраас эхний байранд орно гэж байсан Филиппин, Вьетнам, Казахстаны тамирчидтай хийсэн тулаанууд ямар байсан бэ?
-Филиппиний тамирчинтай тулаан эхлэхэд онооны давуу байдлаа бий болгож үүнийгээ хадгалж чадсан. Өрсөлдөгчөө 15-3 гэсэн харьцаатай ялж урам зориг авч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн шүү. Медалийн төлөө Вьетнамын тамирчинтай тулалдахад энэ нь ч сайнаар нөлөөлсөн. Хэдийгээр Вьетнамын тамирчинд хэсэгтээ 5-3 гэсэн харьцаатай ялагдсан ч медалийн төлөө өөрийн бүх хүчээ дайчилж, хариугаа авч чадсан.
-Хагас шигшээд үлдэхэд олимпийн эрх сэтгэлд багтаж байв уу. Хоёрхон тулаан үлдчихсэн байсан шүү дээ.
-Харамсалтай нь хагас шигшээд Казахстаны тамирчинд ялагдсан. Улмаар Казахстаны тамирчин маань финалд Сингапурын тамирчинд ялагдаж, олимпийн ганц эрхийг Сингапурын тамирчин авсан. Надад хожих боломж ер нь байсан. Өөртөө ч итгэлтэй, зоригтой байлаа. Оноо бол эн тэнцүү, өгөө аваатай тулалдсан.
–Олимпийн эрх олгох дахиад тэмцээн бий юу. Ер нь гадаад, дотоодын тэмцээн товлогдсон уу?
-Өөр олимпийн эрх олгох тэмцээн байхгүй ээ. Дотоод, гадаадын ч төлөвлөгдсөн тэмцээн одоогоор алга.
-Хэзээнээс туялзуур сэлэмний спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэ спортыг сонгох болов?
– Би 2015 оноос Багануур дүүргийн Уурхайчин клубийн багш Б.Хатанзоригийн удирдлага дор туялзуур сэлмээр хичээллэх болсон. Тулалдаж үзмээр байсан юм л даа. 2018 онд оюутан болоод Улаанбаатарт Д.Ганбаатар багштай бэлтгэл хийх болсон. Би уг нь волейболын секцэнд явдаг байсан юм. Хатнаа багш маань сэлэмний секцэнд намайг оруулсан.
Ганц нэг удаа шантарч байсан үе бий. Гэхдээ багш, найзуудынхаа дэмжлэгээр энэ бүх бэрхшээлийг давж гарсан.
-Тулязуур сэлэмний спорт маань хэр ачаалалттай спорт вэ. Таны ярилцлагыг уншиж буй манай уншигчдад товчхон мэдээлэл өгөөч?
– Туялзуур сэлэмний спортыг харахад энгийн юм шиг мөртлөө хурд хүч, тэсвэр шаарддаг. Энэ спорт хүнд маш олон давуу талыг бий болгодог. Богино хугацаанд зөв шийдвэр гаргах, самбаачлах чадварыг сайжруулдаг. Мөн бэртэл гэмтэл авах магадлал багатай, аюулгүй спортод тооцогддог. Хамгийн эртнээс хөгжсөн спорт гэдэг.
-Ер нь энэ спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэр их дэмждэг вэ. Сая хүрэл медаль авахад нь их баярласан байх?
-Гэр бүлийнхэн маань маш догдолж баярласан. Бусад хүмүүс ялгаагүй бүгд их баярлацгаасан. Баяр хүргэсэн мессеж маш их ирсэн. Анх Б.Хатанзориг багш намайг сэлэмний спортоор хичээллээд үз гэж хэд хэдэн удаа хэлж байсан л даа. Энэ талаар аав ээждээ хэлэхэд анхандаа зөвшөөрөөгүй. Дараа нь туялзуур сэлэмний тамирчид гадаад руу явсан мэдээг ээж маань зурагтаар хараад намайг оролдоод үз гэж хэлж байсан. Тэгээд л анхны тэмцээндээ оролцоод үнэхээр сайхан санагдсан. Тэр цагаас хойш л энэ спорттой холбогдсон доо.
– Гэр бүлээ танилцуулаач. Таниас өөр спортын хүн бий юу?
-Манай аавыг П.Батсайхан, ээжийг Б.Оюунаа гэдэг. Харин ахыг маань Б.Амгаланбаатар, дүүг минь Б.Аззаяа гэдэг. Дүү минь надтай адил туялзуур сэлмээр хичээлэлдэг. Өсвөрийн тэмцээнүүдээс ч медаль хүртэж байсан шүү.
-Монголд туялзуур сэлэмний спорт хэр хөгжиж байгаа вэ. Хүндрэлтэй зүйлс тохиолддог уу?
-Туялзуур сэлэм Монгол улсад дөнгөж хөгжиж эхэлж байгаа спорт. Одоо л олон нийтэд танигдаж явна. Таниулах сурталчлах үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Цаашид энэ спорт маань сайн хөгжинө гэдэг бүрэн итгэлтэй явдаг. Мэдээж хүндрэлтэй зүйлс байдаг. Аливаа спортод хөрөнгө санхүүгийн асуудал гол бэрхшээл байх гэж боддог. Тэмцээний зардал мөнгө хайх, тэмцээний хувцас хэрэгсэл авах гээд асуудлууд байдаг. Зарим ивээн тэтгэгч нар үүнийг шийдэж өгдөг. Миний тулааны хувцас хэрэгслийг Бльюмон группээс хангаж өгсөн. Сая энэ тэмцээний өмнө Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны хамт олон улсын стандартын сэлэм бэлэглэсэн.
Хичээл, номоо ч орхигдуулах дургүй. Их л завгүй байдаг даа. Өглөө гараад л хичээлдээ сууж, бэлтгэлээ хийгээд орой л харьдаг.
-Үлгэр дуурайлал авдаг тамирчин?
-Аав минь миний гол үлгэр дуурайлал авдаг хүн минь. Тамирчин гэвэл Б.Гэрэлмаа эгчийг хүндэлдэг, тэр хүнээс суралцдаг. Анх л намайг энэ спортод хөл тавьж байхад Монголын хамгийн шилдэг тамирчин байлаа.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач. Хувь хүн талаасаа болон тамирчин талаасаа бодож, санаж явдаг зүйл байдаг л байх?
-Тамирчны хувиар ирэх тэмцээнүүддээ улам сайн оролцож, дараагийн олимпийн наадамд оролцох зорилго бий. 2024 оны Парисын олимпод гэсэн үг. Түүнээс өмнө олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлмээр байна. Хувь хүн талаасаа цаашдаа эзэмшсэн мэргэжлээрээ гүнзгий суралцаж, бизнесийн менежмент гэсэн мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Энэ завшааныг ашиглаад Д.Ганбаатар, Б.Хатанзориг багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үргэлж дэмждэг гэр бүл, хамаатан саднууддаа баярлалаа. ХААИС –ийн менежментийн тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье. Намайг дэмжсэн бүх сэлэмнийхэндээ гялайлаа. Тэмцээнд оролцох бүх зардлыг шийдвэрлэж өгсөн БТСУХ-нд талархал илэрхийлмээр байна. Мөн Багануур ХК, МТСХ-ны Удирдах зөвлөлд баярлалаа.
Холбоотой мэдээ