Роналдо Олд Траффордод эргэн ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Роналдо Олд Траффордод эргэн ирэх үү?

Роналдо Олд Траффордод эргэн ирэх үү?

Кристиано Роналдогийн Итали дахь аялал удахгүй өндөрлөж болзошгүй. Тодруулбал, Роналдогийн агент Хорхе Мендес Манчестер Юнайтедтай холбоо тогтоож, үйлчлүүлэгчээ дахин Премьер лигт тоглуулахыг хүссэн аж. Харин Манчестер Юнайтедын зүгээс Роналдогийн том дүнтэй цалинг үлэмж хэмжээгээр буюу 50 хувиар бууруулахаа хэлжээ. Tuttomercatoweb.com сайтад мэдээлснээр Манчестер Юнайтед Роналдод жилийн 15 сая еврогийн хоёр жилийн гэрээ санал болгох боломжтой аж.

Яагаад Хорхе Мендес үйлчлүүлэгчээ Юнайтедад санал болгов?

Роналдог Ювентусээс явна гэсэн шуум яриа сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон. Ялангуяа Манчестер Юнайтед, ПСЖ, Реал Мадрид багууд Роналдог авч магадгүй гэж байв. Гэтэл Реал Мадридын ерөнхийлөгч Флорентина Перез багийнхаа домгийг эргүүлэн авчрахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний адил ПСЖ ч сонирхолгүй болж, өрсөлдөөнөөс гарсан сурагтай. Ингээд ганц боломжит хувилбар нь Манчестер Юнайтед үлдэж байна.

Нөгөө талаараа Манчестер Юнайтед эргэн сэргэж байгааг Хорхе Мендес анзаарсан хэрэг. Премьер лигийн аман хүзүүнд яваа Юнайтед энэ улирал тун давгүй тоглолт үзүүлж байна. Роналдо ч гэртээ эргэн ирж, залуу ододтай хамт Премьер лиг, аваргуудын лигт өрсөлдөхөөс татгалзах зүйлгүй.

Роналдо Мадейра арал дээр төрж, Сер Алекс Фергюсоны гар дээр Манчестерт боловсорсон хүн.

Роналдо Туринд сэтгэл хангалуун байна уу?

Энэ улирлын Андреа Пирлогийн удирдаж буй Ювентус ойрын жилүүдэд үзүүлээгүй муу амжилтаа үзүүлж байна. Сериэ-А лигтээ дөрөвдүгээр байранд бичигдэж, ирэх улирал УЕФА Аваргуудын лигт оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Портод хожигдож, аваргуудын лигийг эрт өндөрлүүлсэн Роналдогийн Ювентус ирэх улирал Европа лигт оролцож магадүй.

Өдгөө 36 настай Роналдо ид үе дээрээ Европа лигт тоглохыг хүсэхгүй нь мэдээж. Тэрбээр энэ улирал аль хэдийнэ 32 гоол оруулж, Сериэ-А лигийг гоолын тоогоороо тэргүүлж байна. Гэвч Роналдогийн хувийн амжилт сайн байгаа ч баг нь тааруу байна. Реалд байхдаа аваргуудын лигт дараалан түрүүлж явсан Роналдо Ювентуст ирснээсээ хойш Европын цомын гачигдалд орлоо. Ювентус Сериэ-А лигт түрүүлэх гэж Роналдог авчраагүй. Роналдогүй Ювентус угаасаа Италидаа сүүлийн хэдэн жил босоо байсан. Гол нь УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөх гэж Роналдог авчирсан. Гэвч хүлээлтэд хүрэхгүй байна.

Юнайтед Роналдог сонирхож байгаа юу?

Үнэндээ Юнайтед Роналдо гэхээсээ илүү Эрлин Холанд, Харри Кейн нарыг сонирхож байна. Энэ улирал Бундеслигт 25 гоол оруулаад буй Эрлин Холандыг Юнайтед эртнээс сонирхож байгаа. Өдгөө 20 настай түүнийг Олд Траффордод тоглуулахын тулд Юнайтед 128 сая фунтыг санал болгох аж. Харин Тоттенхэмд цомгүй олон улирлыг үдэж буй Харри Кейний төлөө Юнайтед 175 сая фунтыг санал болгох аж. Гэхдээ Даньел Леви багийнхаа гол хүнийг өөр багт тэр дундаа Английн багтаа зарахгүй шинжтэй. Роналдогийн зах зээлийн үнэ 50 сая евро. Холанд, Кейн хоёрыг бодвол хамаагүй хямд. Гэхдээ түүний цалин Манчестерын багт дарамт болно. Өдгөө Роналдо Ювентусээс 31 сая еврогийн цалин авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж