Монгол Улс 0-18 насны 1,250,000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.
Улсын Онцгой комиссийн мэдээлж буйгаар:
-5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,
-6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана
-7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.
Насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан хэдий ч хүүхдүүдийг дархлаажуулахгүй бол халдварыг бүрэн хумих боломжгүй юм.
2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр коронавирус хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
ХИЧЭЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ? гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.
Тиймээс ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж, БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ СУДАЛГАА БА БУСАД ОРНЫ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО
Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа талаар мэдээлж байна.
-2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
-2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогсоосон.
-2021.01.15-нд Вероселл вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
-2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.
ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ
Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.
-5 дугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх
-6-7 дугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах
-9-10 дугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргав.
Эх сурвалж: БШУЯ
Холбоотой мэдээ