Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамжаа Улсын дээд шүүхийнхэнтэй уулзаж “өөрийн биеэр” танилцуулна гэв. Атал Улсын дээд шүүх түүний “ариун хэрэг”-ийг хэлэлцсэнгүй. Ингээд Х.Баттулгын мэх ч, сум ч дуусах дөхөж байна. Гэхдээ тэр М.Энхболд шиг амархан буугаад өгчих “аядуу зөөлөн” улстөрч биш. Гэнэтийн галзуу нүүдлийг нь тааварлах аргагүй. Их эвгүй, барьц өгдөггүй хүн болохыг стратегич С.Баяр хүртэл “Жаран хоног “жаран”-ы бутархай”-даа бичсэн нь бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч Ардын намыг тараах захирамж гаргаснаа “ариун хэрэг” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл “Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтэний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж буй үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн" гэж төв талбайд ув улаан хивсэн дээр зогсож байгаад Х.Баттулга мэдэгдсэн билээ. Түүний энэ мэт үйлдэл улс төрд түйрэн тавиад зогсохгүй өөрөө тийрэн нь болчхоод байгаа юм.
ГАНЦААРДСАН Х.БАТТУЛГА
"…Уршигт муу эмгэн хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гэнэ, эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлана" гэнэ. А.Пушкины “Алтан загас”-ны үлгэрийг мэдэхгүй хүн үгүй.
“Орд харшийн зүйл оргүй алга болж гэнэ. Гайхаж хартал газар гэр нь харагдаж гэнэ. Эмгэн түүний дэргэд ээрүүлээ бариад сууна гэнэ. Эмгэний дэргэд эвдэрхий тэвш нь харагдана гэнэ". Үлгэр ингэж төгсдөг.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьжээ. Энэ бол түүний бүрэн эрх. Хуульд заасан эрхээ Х.Баттулга эдэлж байна. Харин улс төрийн намыг тараах захирамж гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Ерөнхийлөгчийн захирамжаар аль нэг намыг тараах эрх зүйн үндэслэл байхгүй.
Х.Баттулгын мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн “ариун хэрэг” нь мэдээж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд биш болох нь нэн ойлгомжтой. Үг болгоных нь ард үйлдэл, нүүдэл нь нуугдаж байдаг улстөрчийн хувьд Х.Баттулга мэдэгдлээ “Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэх үгээр төгсгөсөн нь цаанаа бодлоготой хэлсэн үг болов уу. Тэр тусмаа түүний хүний эрхийн зөвлөхөөр нь ажиллаж асан Г.Уянга сүүлийн үед нүүр номоороо иргэдийг элдвийн хувьсгалд уриалах болсон нь Х.Баттулгын хүсэл, зорилго биш байгаасай гэж найдъя.
Ердөө эрх мэдлийн төлөө “алтан загас”-ны эмгэн шиг авирлаж явсан Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээр “эвдэрхий тэвш, ээрүүлтэйгээ үлдэх” нь тов тодорхой болов.
Өдгөө Х.Баттулга өндөр оргилоос уруудаж буй улстөрчийн ганцаардмал замналыг тойрч биш туулж явна. Түүний дэргэд хэдэн хүүхнээс өөр хэн ч үлдсэнгүй. МАН-ынхан Үндсэн хуулийн Цэц дэх гар, хөлийг нь тайрч, шүүх, прокурор дахь хонгилыг нь нураачихсан.
Хайртай дүү Н.Түвшинбаяр нь хүн зодож, шоронд хоригдчихсон. Аса Д.Дагвадорж аль эрт, Улсын циркийг нь буцааж авах сургаар ум хумгүй Ерөнхийлөгчийн зөвлөхөө өгөөд зугтчихсан. Ганц пиарчин “Херо” нь Ардын нам дээр очоод “суучихсан”. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрийг нь нэр дэвших боломжгүй болгосон З.Энхболд нь өдгөө өөрөө Ерөнхийлөгч болохоор горилж яваа гэх.
Өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулгыг өөрийн нөхөд нь таньж авсан бол уруудаж яваа Х.Баттулга удахгүй хүний нөхдөө таних биз.
АЙДГАА АВДРАНДАА ХИЙСЭН “АРДЫН ХҮҮ”
Дөнгөж төрсөн эмэгтэйг “шалдан” гүйлгэсэн хариуцлагаа хүлээж танхимаа огцруулсан У.Хүрэлсүх дөрвөн сар камерын өмнө гарч ирээгүй ч хэвлэлийн хуудаснаа эргэн залрав. Тэрбээр шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн нь түүний өчигдрийн хэвлэлд хандсан гол мессэж байв. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарахаас өмнө Ардын намын гол дайсан нь Ерөнхийлөгч Х.Баттулга байв.
Авчиг, У.Хүрэлсүхэд өдгөө нам ч үгүй, найз үгүй болсон Х.Баттулга сонин биш болжээ.
Үндсэн хуулийн Цэц өмнөх дөрвөн Ерөнхийлөгч дээр Х.Баттулгыг нэмээд, Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан таван хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэснийг Г.Занданшатарын парламент хүлээж авсан. Ерөнхийлөгч Х.Баттулга уг тогтоолд хориг тавьсан хэдий ч УИХ-ын олонх хүлээж авахгүй нь тодорхой.
Нэгэн цагт албан бус намын дарга нь шахуу явсан Х.Баттулгаас нүүр буруулсан Ардын намынхан Н.Энхбаярын “эмгэний”-ий хүслийг биелүүлснээр улс төрийн рейтингээрээ У.Хүрэлсүхтэй зуузай холбож явсан С.Ганбаатарын “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөл будаа болов. МАН-тай албан тушаалын аваа, өгөөгүй бол Н.Энхбаяр улс орны эрх ашгийн төлөө хувийн намаа "тушаах" хүн биш. Эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч эвсэж чадахаараа Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр ив ижилхэн хүмүүс. Хүүгээ гишүүн болгож, намдаа хоёр сайдын суудал авах нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болгоноос илүү ашигтай наймаа. Сүүлийн үед Х.Баттулгатай сүжрэх болсон С.Ганбаатар Ерөнхийлөгч боллоо гэхэд Н.Энхбаярын үгээр яваа ч уу, үгүй ч үү.
Энэ бүх улс төрийн үйл явдал эвлэрэл, хагарлаас хамгийн гоё нь ороо жороогоороо ялгарч байгаа нь юм. Монголын улс төрийг хөшигний араас удирдаж яваа У.Хүрэлсүх “албин”-гуудаа дарж, айдгаа авдартаа хийлээ.
Тэр хэлсэн байна лээ. “Би урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш” гэж. Тэгвэл өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн урхинд орж, улс төрийн зохиол нь болж явсан утсан хүүхэлдэй нь Х.Баттулга байжээ. Үүнийг л өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм шүү дээ. Эцэст нь, Ардын намынханд анхааруулахад дөрвөн жилийн өмнө М.Энхболд ингэж эрдэж яваад шалдан үлдсэн гашуун сургамж бий шүү.
Холбоотой мэдээ