Л.Мөнхтүшиг: Энэтхэгт гурван иргэн эмчилгээ хийлгээд үлдсэн

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтүшиг: Энэтхэгт гурван иргэн эмчилгээ хийлгээд үлдсэн

Л.Мөнхтүшиг: Энэтхэгт гурван иргэн эмчилгээ хийлгээд үлдсэн

БНЭУ (Энэтхэг)-д Covid-19-ийн шинэ тохиолдол өдөрт 300 мянга гаруй, нас баралт 2000 гаруй бүртгэгдэж, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа билээ. Энэ хүнд үед Энэтхэгт хэдэн монгол иргэн хэрхэн амьдарч байгаа, тэднийг эх оронд нь авчрах эсэх талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-БНЭУ-д өнөөдрийн байдлаар хэдэн монгол иргэн байна вэ. Тэдгээр иргэд эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн үү?

-Монгол Улсаас БНЭУ-д байнга оршин суудаг 800 орчим иргэн байдаг. Эдгээр иргэд нь Энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж байгаа ламхай нар. Энэ нь цар тахлаас өмнө бидэнд өгсөн мэдээлэл. Цар тахал гарснаас хойш зургаан удаагийн нислэгээр 470 орчим иргэнийг эх оронд нь авчирсан. Үүний дийлэнх нь ламхай нар. Одоо нөхцөл байдал хүндэрсэн. Тэнд суугаа Элчин сайдын яамнаас өгч буй мэдээллээр 3-4 хийдэд 280 монгол иргэн сурч байна. Эдгээр иргэд нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй. Гэхдээ бид Элчин сайдын яам болон тэднийг ахалж байгаа хүмүүстэй байнга холбоотой ажиллаж байна.

-Ламхай нараас өөр их, дээд сургуульд сурч, ажиллаж байгаа, гэр бүл болсон хэдэн хүн байна вэ. Мөн Энэтхэгт халдвар авсан монгол хүн бий юү?

-Лам биш, Энэтхэгт оршин суудаг монгол хүн тун цөөн. Ойролцоогоор 50 хүрэхгүй хүн бий. Үүнд Элчингийн ажилчид ч багтаж байгаа. Тэнд байгаа хүмүүсээс эх орондоо ирэх хүсэлтэй нь дээр дурдсан зургаан удаагийн нислэгээр эх орондоо ирсэн. Энэтхэг нь агаарын хилээ бараг бүрэн хаасан. Цөөн чиглэлд нислэг үйлдэж байна. Зарим улс орон Энэтхэгээс ирэх нислэгийг түр хугацаанд авахгүй байх горим хэрэгжүүлээд явж байгаа. Өнгөрсөн сард эмчилгээ хийлгэхээр Энэтхэгийг зорьсон цөөн тооны хүмүүс бий. Эдгээр иргэдийн дийлэнх нь ирсэн. Одоо гурван иргэн эмчилгээ хийлгээд үлдсэн. Эдгээр хүмүүст Элчин сайдын яамаараа дамжуулан анхаарал тавьж байна. Эмчилгээ нь дууссаны дараа боломжит нислэгээр эх оронд нь авчрахад дэмжлэг үзүүлэн ажиллана.

-БНЭУ-д нөхцөл байдал хүнд байна. Тэнд байгаа 280 ламхайн нөхцөл байдал ямар байгаа вэ. Яаралтай үед эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлэх бол?

-Эдгээр хүүхдүүд нь 2-3 хийдэд, Дели хотоос нэлээд зайтай байрладаг. Хөл хөдөлгөөнөөс зайдуу, тусгаарлагдсан байдалтай байдаг. Хоол хүнсээ ч гаднаас авч байна.

Мэдээж Энэтхэгт эмнэлгийн нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манай иргэд халдварт өртвөл ямар арга хэмжээ авах нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн гол нь тэнд байгаа хүүхдүүд халдварт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх тал дээр түлхүү анхаарч байна.

-Зарим орон Энэтхэгээс ирэх иргэнийг хүлээж авахгүй байна. Гэтэл Монголд энэ сарын 23-нд Энэтхэгийн 60 гаруй иргэн ирсэн. Эдгээр хүмүүс ямар учраас Монголд ирсэн бэ?

-ГХЯ нь дөрөвдүгээр сард үйлдэх нислэгийн хуваарийг Шадар сайдаар батлуулсан. Энэтхэгээс ирсэн тэр нислэг ГХЯ-тай ямар ч холбоо хамааралгүй. Тусгай захиалгат нислэг байсан гэж ойлгож байгаа. Газрын тосны үйлдвэрийн ажилтныг авчрах нислэг гэж ойлгосон. Бидэнд өгсөн мэдээллээр эдгээр иргэд нь хоёр удаа PCR шинжилгээнд хамрагдсан, одоо тусгаарлалтад байгаа гэсэн. ГХЯ уг нислэгт цөөн тооны суудал гармагц тэнд байсан буцах хүсэлтэй цөөн иргэнийг авчирсан, шинжилгээ хийлгэж, ирсэн даруйд нь тусгаарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж