Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна" гэв.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, амиа алдахаасаа өмнө цагийн тариа хийгээд, ажлаа хэвийн хийж байсан аж. Тэрбээр 40 гаруй настай бөгөөд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт олон жил ажилласан туршлагатай сувилагч байжээ.
Цар тахалтай холбоотойгоор УНТЭ-ийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19-тэй өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм. Мөн уг хэсэгт үйлчилж буй эмч, сувилагч, ар гэрийнхэн нь халдвар авсан хэд хэдэн тохиолдол гарчээ.