Posted by News.mn on Wednesday, April 28, 2021
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа.
Уг төслийг хэлэлцэх үеэр асуулт асуух гишүүн гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн байнгын хорооны горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эцэслэн батлах тогтоолын төслийг оруулж ирсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 71.6 хувиар хууль эцэслэн батлагдлаа.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг тусгаагүй зэрэг нийт зургаан заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ийн баталлаа.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаав.
С.Амарсайхан: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд орон нутаг руу чөлөөтэй зорчино
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар Шадар сайдаас гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хүнсээ дотооддоо хангадаг байх ёстой гэдгийг бидэнд цар тахал харууллаа. Газар тариалангийн үе эхэлж байгаа учраас энэ салбарын хүмүүсийг яаралтай вакцинжуулмаар байна. Дархан, Сэлэнгийн бүс нутагт тарилангийн ажил таг гацсан. Энэ хүнд үед бид уул уурхайн салбарынхаа буянаар явж байна. Өдөрт нүүрсний 1000 машин урагш гаргаж байж бид орлоготой байна. Өнөөдрийн байдлаар 50-100 нүүрсний машин Хятад руу гарч байна. Цагаан хадны боомт дээр 12 сая тонн нүүрс овоорчихсон. Хил гаалийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж байна вэ. Уул уурхайн салбарын ажилчдыг яаралтай вакцины хоёр дахь тунд хамруулж, ногоон бүс болгохгүй бол бид мөнгөгүй болно. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Онцгой анхаарал шаардлагатай байна. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс чөлөөтэй зорчих тухай журам гарна гэсэн. Энэ журам хэзээ гарах вэ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Газар тариалан, уул уурхайн үйл ажиллагааг тасралтгүй явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Боомтын зөвлөлийн хуралдаанаар зарим асуудлыг шийдвэрлэж, хилийн боомтын орчмын халдвар хамгааллыг сахих замаар экспортын бараа, бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст зориулсан журам бэлэн болж байгаа. Хоёр дахь тунгаа хийлгээд, дархлаа тогтох 14 хоногийн хугацаа нь дууссан иргэд орон нутаг руу явахдаа ямар нэгэн шинжилгээ бусад зүйлийг шаардахгүйгээр зорчих боломжийг бүрдүүлэх журам боловсруулагдаад дуусч байна.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг үдээс өмнө УИХ-аар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан.
Уг хугацаа дуусгавар болсон тул санал хураалт явууллаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.
Ерөнхийлөгч хоригтоо Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэдгийг тодотгосон байв.
С.Амарсайхан: Манай улс вакцинжуулалтаараа дэлхийд долдугаар байранд явж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Одоо ажиллаж байгаа вакцины цэгүүдэд өдөрт дунджаар 60 мянган иргэнийг вакцинжуулж байна. Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын ажлыг тав, зургаадугаар сард бүрэн хийж дуусгана. Зургаадугаар сарын 4-нөөс өмнө Улаанбаатар хотын иргэдийн хоёрдугаар тунг хийж дуусгахаар төлөвлөсөн гэдгийг Шадар сайд онцоллоо.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт зуншлага муу, нийт нутгийн 80 гаруй хувь гантай байсан.Тийм учраас мал төллөлт хүнд байгаа. Үүнтэй холбогдуулан 5 удаагийн тусламжийн багц тусламж хүргэгдсэн. Тав дахь тусламжийг би өөрөө хүргүүлсэн. Гэвч тусламж эздэдээ хүрсэнгүй гэсэн гомдол их ирж байна. Үүнийг шалгаж өгөөч. Яаж хуваарилсан юм бэ. Хоёрдугаарт, ногоон бүс байсан Говь-Алтай аймагт халдвар тарчихлаа. PCR шинжилгээний аппарат, бичил хүчилтөрөгчийн төхөөрөмж өгөх боломж байна уу. Уг нь сайдын багцад суучихсан. Энэ хоёр асуудлыг шийдэж өгвөл сайн байна. Өдөрт 30-40 хүнээс халдвар илэрч байна.
-Шадар сайд С.Амарсайхан:
-21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд суурилуулж эхэлсэн. Замдаа явж байгаа. Ирэх сарын дунд үе гэхэд ашиглалтад ороод эхэлнэ. 300 ортой хүүхдийн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орсон. Орон нутагт шаардлагатай нөөцүүдийг хангаж байгаа ч хүсэлтүүд их ирж байна. Зарим асуудлыг орон нутагт нь шийдвэрлэх боломжтой. Тэжээлийн тусламж эзэндээ очоогүй асуудлыг судлаад эргэн мэдээлье.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Эрүүл мэндийн салбарынхан туйлдаж байна. Халдвар ч их авч байна. Энэ хүмүүстээ урам өгмөөр байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Нийт хэдэн хүн халдвар авсан бэ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ илүү цагийн хөлсийг бүтнээр нь өгч болохгүй юм уу. Төсөв хөрөнгийг нь УИХ хангалттай шийдвэрлэж өгсөн. Мөн 1 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгнө гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Хэзээ шийдэгдэх вэ, салбарынхан нь хүлээлттэй байна.
Энэтхэгээс 52 иргэн ирсэн гэж байна. Улс орнууд Энэтхэгээс ирж байгаа хүмүүсийг шинжилгээтэй ч гэсэн хилээ хааж, оруулахгүй байгаа. Тэгэхээр энэ асуудал юу болж байна вэ. УОК Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөл хориог яах вэ гэдэгт урьдчилж төлөвлөсөн зүйл бий юу. Хөдөө аж ахуйн салбарынхны хаврын тариалалт эхэллээ. Яг энэ байдлаар явбал тариалалт хойшилж, ургац алдах явдал болно шүү. Энэ жил уг нь чийгшил сайтай байгаа. Үүн дээр УОК маш сайн анхаараарай. Намар ургац алдах вий. Хувийн хэвшлийнхэнд вакцин оруулж ирэх нөхцлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынханд ямар дэмжлэг үзүүлж байна вэ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
-Голомтод, цар тахалтай удаан хугацаанд тэмцэж буй хүмүүс үнэхээр ачаалал өндөртэй ажиллаж байгаа. Төр засгаас тэдэнд үзүүлэх дэмжлэгийг онцгой анхаарч байна. Цаашид ч шийдвэрлэх асуудлууд байгаа. Холбогдох тооцоо судалгааг Сангийн яам хийж байна. Дэлхий нийтэд вакцин хомс, өрсөлдөөн ихтэй байна. Вакцинжуулалтын хувьд манай улс олон улсад долдугаар байранд явж байна. Хүн амынхаа 36 хувийг дархлаажуулсан. Цаашид татан авалтууд хийгдэнэ. Хувийн хэвшлийнхэн вакцин оруулах асуудалд шаардлагатай бүх бичиг баримтыг ЭМЯ-наас өгсөн. Одоогоор орж ирж, эрчимтэй хийгдэж байгаа шийдвэрлэгдсэн асуудал алга. Энэтхэг улсын нөхцөл байдал хүнд байгааг манай иргэд мэдэж байгаа. Халдварын тархалтыг бууруулахтай холбоотой үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулна. Цаг үеийн нөхцөл байдлын үнэлгээгээ хийнэ. Одоогийн байдлаар хэрэгжүүлж байгаа хөл хорионы үр дүнг сайн гаргавал халдварын тоог 2-3 дахин бууруулна. Цаашид халдварын дэглэмээ сайн сахивал халдварын тоо эрчимтэй буурах тооцоолол байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн салбарын ажилчид хүнд нөхцөлд өдөр, шөнөгүй ажиллаж байна. 2021 он гарснаас хойш Засгийн газраас нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, илүү цаг болон урамшуулалд өгсөн. Эрүүл мэндийн салбарын нийт 525 ажилтан Covid-19 авсан. Энэ нь нийт тохиолдлын 1.7 хувийг эзэлж байyа. Нэг, хоёр сард ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурсан, гүйцэтгэлийн санхүүжилт буурсан. Үүн дээр Эрүүл мэндийн яам нэг, хоёр сарын санхүүжилт бүрэн олгосон. Дээрээс нь Covid-19-ийн батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа хувь болон төрийн эмнэлгүүдэд санхүүжилт олгоод эхэлсэн. Мөн анхан шатны тусламж үйлчилгээнд гэрийн эмчилгээний төлбөрийг 70 мянган төгрөгөөр эмчлэх журмыг нэмэлтээр гарган эхлүүлээд явж байна. Энэ маань бас тодорхой тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдын цалин урамшуулалд хувь нэмэр болно гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Цар тахалтай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалингийн талаар ярьж байна. Харин хувийн хэвшилд хүнд цохилт болж байна. 28 хоног тасалдаж байна. Дайны хажуугаар дамжин гэгчээр аж ахуйн нэгжийн дансыг татварын алба хааж байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгаж өгөөч. Уг нь долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан эрх зүйн акт бий. 2 дахь тунгаа хийлгэсэн хүмүүстээ бар код өгөхгүй байна. Хүмүүсийг ажлаа хөөцөлдөөд явах боломжоор хангамаар байна. Экспортын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоёр дахь тунг яаралтай хийж өгөөч.
Шадар сайд С.Амарсайхан:
-Аж ахуйн нэгжүүдэд татвар хураамжийн дарамт шахалт үзүүлж болохгүй. Замын-Үүд, Нарийнсухайт, Гашуунсухайтын хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдээр 100 орчим машин орж, гарч байгаа. Тавдугаар сарын 1-нээс хил түр хаах мэдээлэл байна. Хилийн бүсийн иргэдийг вакцинжуулах ажлыг эрчимтэй хийж байна.
“Х.Баттулгад нэр дэвших боломж олгосон ч З.Энхболд өөрчилсөн”
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын байнгын хороо хүлээж аваагүй.
Хоригийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Үндсэн хуулийн Цэцтэй хуйвалдсан гэсэн яриаг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуульд цагаан дээр хараар зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Нэг удаа улируулан сонгоно гэсэн заалтыг хассан. Цэц дээр үүнийг өөрөөр тайлбарлуулах гэж нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө ард түмний өмнө батламжилсан. Бид Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоё гээд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэж оруулж ирсэн. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд нэн даруй хэрэгжүүлье гэдэг санал тавиад, үүнийг нь Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрч батламжилсан. Одоо өөр юм яриад, ард түмнийг талцуулах хэрэггүй. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авснаар Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр болдог. Гэвч Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт хориг тавьж байна гэсэн үг. Ингэж болдог юм уу. УИХ-ын томилгооны шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болдог юм уу. Ерөнхийлөгч цөөнхтэй нийлээд УИХ-ын олонхын эрхэд халдах жишиг тогтоож байна. Өмнө нь ийм жишиг байгаагүй. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн хуульд тодорхой тусгах шаардлага бий болж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсад парламентын засаглал тогтоод 30 жил болж байна. Энэ хугацаанд төрийн эрх мэдлийг гажуудуулсан, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан ийм шийдвэрийг Цэц гаргалаа. Сүүлийн сар гаруйн хугацаанд Цэц нийгмийг талцуулсан шийдвэрүүд гаргалаа. Үүнд УИХ дүгнэлт хийх ёстой. Хууль дээдлэх ёсыг алдагдуулж, төрийн тогтолцооны хямралт байдлыг бий болговол үр дагаврыг нь хэн хариуцах юм бэ.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:
-УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгч үүнд хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ заавал хэлэлцэнэ. Өнөөдөр ТББ-ын хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, одоо УИХ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-УИХ-ын зарим гишүүн тухайн үед өөрчлөлт хэлэлцэх үед хүлээн зөвшөөрсөн гэж байна. Гэтэл С.Бямбацогт дарга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь нээлттэй гэж байсан. Гэтэл өнөөдөр энэ хүн яагаад дэвших боломжгүй болчихдог юм бэ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд:
-УИХ-ын 72 дугаар тогтоол гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцсон гол ажлын хэсэг. Би энэ ажлын хэсэгт байсан. Энэ ажлын хэсэг дээр нэг удаа зургаан жилээр сонгогдох концепцыг оруулж ирж баталсан. Нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэсэн заалт. Гэтэл хөндлөнгөөс гомдол гаргаад, Цэц УИХ буруу шийдвэр гаргасан гэсэн шийдвэр гаргасан. Харин Ерөнхийлөгч УИХ өөрийнхөө баталсан хуулийг хамгаалаасай гэж үзэж хориг тавьсан. Хугацаа хэвээрээ үлдсэн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил гэдгээр байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан юу болсон бэ. Тодорхой хариулт өгөөч. Ямар хурал болоод, хуулийн дагуу, хуулийн дагуу биш шийдвэр гардаг юм бэ. Хууль тогтоогчид Цэц, эсвэл нэг нам болчихсон юм уу. Хуульд тийм заалт оруулаагүй байна гэж Цэц шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Үндсэн хуульд зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Үүнд ямар нэгэн хаалт, цэг, таслал байхгүйгээр тодорхой заачихсан. Үүнийг юу гэж ойлгож байгаа юм бэ, та нар. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч нэг ч байхгүй.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:
-Цэц бага болон дунд суудлын хуралдаанаа хийгээд, дүгнэлтээ УИХ-д ирүүлсэн. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцсэн. Цэцийн хурал зөв болсон эсэхэд УИХ хөндлөнгөөс оролцож дүгнэлт гаргах эрх байхгүй. Өөрт оногдсон эрхээрээ дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд өнөөдрийн асуудал яригдаж байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:
-Бага суудлын хуралдаанд цөөнх болчихоод, хурлаа орхиод гарсан Цэцийн гишүүнээр Дунд суудлын хуралдааныг даргалуулсан нь Үндсэн хуулийн Цэц өөрөө зөрчил бий болгосон. Энэ асуудлыг УИХ онцгой хэлэлцэх хэрэгтэй.
Цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд, Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь. УИХ Цэцийн гишүүдийг томилдог байгууллага. Тиймээс энэ асуудлыг авч үзэхгүйгээр шууд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч байгаа нь зөрчлийг бий болгож байна. Нэгэнт зургаан жилээр гэж байгаа юм бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль гарангуут буцаагаад хоёр жилээр сунгах нөхцөл рүү УИХ орж байгаа юм. Хууль батлаад хэрэгжүүлэх гэж байгаа юм бол дөрвөн жил болсон, тавдугаар сарын 15-наас хойш хугацаа нь өнгөрөх Ерөнхийлөгчийг сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ Үндсэн хуулиа зөрчиж, тарах нөхцөл рүү орно шүү.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын уншсан зүйлд хуйвалдаан гэдэг үг орж ирлээ. Үнэхээр хуйвалдаж байна. Үндсэн хуулийн Цэц хараат бус шийдвэрлэж чадсан уу? Ардын намын 62 гишүүн байна. Энэ намын хуулийн хэлтэс хууль бус зүйлийг хуульчилж байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо санал нийлж байна уу. МАН-ын дарга Ардын намаас дэвших гэж байгаа юм шиг байна. Өмнө нь та нар одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж ярилцлага өгч байсан. УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтнүүд гэж хэлсэн. Байж магадгүй, өмнөх парламентээр бие биенээ хулгайч, баялаг намтартай гэж ярьдаг байсан. Бүх бичлэг үлдэж байгаа. Та нар ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмний элчийн үүргээ гүйцэтгээрэй. Гучин жилийн түүхтэй парламентыг ингэж болохгүй. Ард түмэн хүнд байна шүү.
Ийн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга завсарлага хүссэн тул УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өглөө.
Ж.Ганбаатар: ХЗБХ сандал, ширээтэй холбоотой хуульд илүү анхаарал хандуулдаг шүү
Posted by News.mn on Wednesday, April 28, 2021
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Уг хэлэлцэж буй хуулиуд маш чухал хуулиуд юм. Хууль зүйн байнгын хороо анхаарал тавьсан гэдэгт итгэж байна. Сандал, ширээтэй холбоотой хуульд маш их анхаарал тавьж, бүгд дуугардаг хороо шүү. Ийм чухал хуулиуд дээр зарчмын зөрүүтэй санал гараагүйд би харамсаж байна. Патенттай холбоотой асуудал дээр хуулийг уншихад хохирол болон үнэлгээний талыг дутуу орхигдуулсан байна гэж харж байна. Нэн чухал нь үнэлгээ юм. Патент эзэмшигч өөрийн бүтээлийг үнэлүүлэх тал дээр хуулийн дэмжлэг харагдахгүй байна. Оюуны өмчийн тухай хууль дээр ганц өгүүлбэр байгаа юм. Үүнээс болж патент эзэмшигчид хохирч байна, мөн хохирлыг яаж барагдуулах вэ, үнэлгээ байхгүй учир яах вэ. Түүнчлэн патент эзэмшигч 30 хоногийн дотор нийтэд зарлаж нууц ил гарах юм байна. Тэгвэл энэ тохиолдолд нууцыг нь хэрхэн яаж хамгаалах вэ. Журам батлагдсаны дараагаар хамгаалж өгөхгүй бол болохгүй гэдгийг анхаараарай. Нэгдүгээрт, үнэлгээний асуудал сул байна. Хоёрдугаарт, патентын эзэмшигч нийтэд 30 хоногийн дотор зарлахад яаж хамгаалах талаас анхаарах хэрэгтэй байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Патентын тухай хууль, Барааны тэмдэгтийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиудыг 2019 онд Засгийн газар оруулж ирсэн. Тухайн үед Х.Нямдорж сайд байхад оруулж ирсэн. Дараа нь Х.Нямбаатар сайд нэлээд нягталсан. Үүний өмнө Оюуны өмчийн тухай хуулийг баталсан. Энэ хуультай дагалдаж дээрх гурван багц хууль хэлэлцэгдэж байна. Ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж, чамбай ажиллаж байна.
Үргэлжүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг тусгасан байна.
1 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:
“7.6. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”
2 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“6.3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”
4 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “хүүхдийн” гэсний дараа “эцэг, эсхүл” гэснийг хассугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үргэлжлүүлэн 12.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 13.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр боллоо. Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг тавьсан.
Хоршооны тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Уг тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна. Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.
Дээрх хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл буюу Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Холбоотой мэдээ