“Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага (ТББ) нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн.
Тохижилтын ажилд нийт 500 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүдээс 9 сая 600 мянган төгрөгийг хандивын дансанд байршуулжээ. Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачилгаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж байсан удаатай. Дээрх аяны хүрээнд хийгдэх ажил, тулгарч буй асуудлын талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр, (Монгол HD, Боловсрол, UBS, Парламент) тв сошиал пэйжүүдээр, мэдээллийн News.mn сайтаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулах юм байна. Мөн энэ өдөр шаардлагатай төсөв, хандивын дансанд цугларсан мөнгийг иргэдэд нээлттэй танилцуулах бөгөөд аяны бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж байгаа аж.
“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан “Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай мастер эко 00 болгоно. Уул өөд алхахаар 25 өөр төрлийн сандал бүхий амрах цэгүүдийг бүгдийг нэг стандартад оруулна. Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно. Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсч байна” хэмээн онцлов.
"Дуслыг хураавал далай" гэдэгтэй адил иргэн, ААН-үүдийн хандивлах мөнгөний хэмжээ чухал биш учраас “Хандлагаа өөрчилье” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбоотой мэдээ