"ОХУ шатахууны экспортоо зогсоовол нэр хүнд нь унана"

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

"ОХУ шатахууны экспортоо зогсоовол нэр хүнд нь унана"

"ОХУ шатахууны экспортоо зогсоовол нэр хүнд нь унана"

ОХУ-ын Засгийн газар зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны экспортоо түр зогсоох шийдвэр гаргахаар бэлдэж буй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал, “дотоодын хэрэгцээнд нэн шаардлагатай, эсвэл онцгой тохиолдолд түр хугацаагаар хязгаарлах, экспортын хориг тавьж болзошгүй бараа”-ны жагсаалтад шатахууныг нэмэх акт боловсруулахыг Эрчим хүчний яамандаа даалгасан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.

Энэ нь дотоодын шатахууны үнийн өсөлтийг бууруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг тогтворжуулах ач холбогдолтой гэж үзсэн байна. Он гарсаар тус улсад шатахууны үнэ тогтмол нэмэгджээ.

Тус улсын Статистикийн газраас мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард оны эхэн үетэй харьцуулахад шатахууны жижиглэнгийн үнэ 3.03 хувиар өссөн бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5.22 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны хооронд шатахууны жижиглэнгийн худалдааны дундаж үнэ 13 копейкээр нэмэгдэж, литр тутамд 47.56 рубль болжээ. Задалж үзвэл, он гарсаар ОХУ-д АИ-92 шатахууны үнэ 3.7 хувиар, АИ-95 шатахуун 3.2 хувиар, АИ-98 3.1 хувиар, дизель түлш 1.6 хувиар тус тус өссөн байна.

Зарим шинжээчид энэ байдлаараа тус улсад дотоодын шатахууны үнэ нэмэгдсээр байвал 2018 оны шатахууны хямрал дахин давтагдаж болзошгүйг анхааруулжээ. Гэхдээ одоогоор тус улсын Засгийн газраас энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Хэрэв дээрх акт хэрэгжвэл шатахууныг Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн бус орнуудад экспортлохыг хориглох юм байна. Энэхүү холбоонд Казахстан, Киргистан, Армен, Беларусь зэрэг улсууд багтдаг. Хэрэв дээрх орнуудаас бусад бүх чиглэлд шатахуун экспортлохыг зогсоовол ОХУ сард ойролцоогоор 200-400 мянган тонн шатахууныг дотооддоо авч үлдэнэ гэж тооцоолжээ. Цаг хугацааны хувьд хавар намрын тариалалт, ургац хураалтын үеэр хориг тавьж магадгүй байна.

Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээгээ 100 хувь гадаад эх үүсвэрээс хангадаг. Нийт импортын 90 гаруй хувь буюу жилд 1.5-.1.8 сая тонн шатахууныг ОХУ-аас, үлдсэн хувийг бусад улс орноос импортолж байна. Үнэхээр ОХУ шатахууны экспортоо зогсоочихвол Монгол Улсад маш хүнд цохилт болох нь ойлгомжтой. Одоогоор Монгол Улс А-80 автобензин 62, АИ-92 автобензин 48, дизелийн түлш 34, ТС-1 онгоцны түлш 14 хоногийн нөөцтэй байна.

ОХУ-ын эрх баригчдын хэлэлцэж буй гэх шатахууны экспортыг түр зогсоох арга нь энгийн иргэд, бизнес эрхлэгчид, худалдааны салбарынханд л түр ашигтай байх бөгөөд харин газрын тос боловсруулах салбарынханд хүндхэн цохилт болж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

“Альпари” мэдээлэл-шинжилгээний төвийн дэд захирал Наталья Милчаковагийн үзэж буйгаар хэрэв ОХУ шатахууны экпортод хязгаарлалт тогтоовол тус улс гадаадад нэр хүндээ алдана гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Үнэхээр эрх баригчид шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргах гэж байгаа бол маш сайн нягтлах хэрэгтэй. Шатахууны экспортыг зогсоосноор дотоодын зах зээл дээр нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах нь тодорхой. Оросын шатахууны хамгийн том импортлогчид бол Нидерланд, Бельги, Балтийн орнууд зэрэг Европын орнууд байдаг. Хятад, АНУ, Монгол болон Евразийн холбооны улсууд нийт экспортын 20 хувийг эзэлдэг.

Хэрэв шатахууны экспортыг шууд зогсоовол эдгээр улс орнууд болон тухайн улс орнуудын томоохон компаниуд, төрийн өмчит компаниуд таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой. Үнийн өсөлтийг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол шатахууны онцгой албан татварыг бүрмөсөн цуцлах явдал юм. Учир нь өнөөдөр татвар, онцгой албан татвар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийн бүтцийн 45-аас илүү хувийг эзэлж байна шүү дээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: GAZETA.RU, KOMMERSANT.RU, REGNUM.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж