Иргэн Б.Сүндэрьяа энэ сарын 11-ний өдөр “Sunee’s Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай мэдээлсэн билээ.
Б.Сүндэрьяа “Энэхүү мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно” гэсэн.
Үүний дараахан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Түүнд ийм бусармаг явдал үнэхээр тохиолдсон бол харамсаж байна. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой.
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэрьяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн. Энэхүү мэдэгдэл нь өвсөнд хаясан шүдэнз шиг “дүрэлзэх” нь тэр.
Өөрийгөө гэм буруугүй гэж олонд ойлгуулахыг хүсч, мэдэгдэл гаргасан Ц.Анандбазар гишүүний “шохоорхлын бай” болсон гэх 1000-аад бүсгүй хууль хяналтын байгууллагад түүний эсрэг зарга мэдүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар иргэн Б.Сүндэрьяа мэдээлсээр байгаа юм.
Нийгэмд #Metoo хөдөлгөөний эхлэлийг тавьсан гэгдэж буй, Ц.Анандбазар гишүүний холбогдсон асуудлыг УИХ-ын байнгын хороогоор авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн. Гэвч иргэд Б.Бат-Эрдэнэ аваргыг Ц.Анандбазарт хариуцлага тооцох шийдвэр гаргаж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ