Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах санаачилга гаргаж, оны өмнө “Монгол соёл- Монгол хүүхэд” онлайн хандивын тоглолт зохион байгуулсан билээ. “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална. Уг сангийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:
-“Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг боловсруулж байна. Тус санг сэргээн байгуулах талаар Улсын Их Хурлын тогтоол шийдвэр албажиж гараагүй. Засгийн газрын журамд санал авах процесс ч эхлээгүй байна. Одоогийн байдлаар сан байгуулагдаагүй. УИХ-аас хууль ёсчилж гарахыг хүлээж байна. Тусгай сангийн тухай хуулийн дагуу процесс явж, шилэн данс хөтөлнө. Одоогоор бол шилэн данс нээх болоогүй учраас төрийн бус байгууллагаас мөнгө шилжүүлж аваагүй. Тусгай сан, удирдах хороо байгуулагдаагүй байгаа учраас төлөвлөгөө ч гараагүй байна. Бүтээн байгуулалтын тухайд журамд нэр заасан бүтээн байгуулалт орохгүй. Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогын хувьд энэ санд төвлөрнө. Мөн Улсын төсвөөс тодорхой дэмжлэгийг үзүүлнэ. Ирэх жилээс төсөв батлагдаж эхэлнэ. Тус сан нь хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтыг санжүүлэлтээр дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон улсын уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж, урамшуулах зэрэг зохицуулалтыг тусгаад байгаа. Ойрын сарын хугацаанд үйл ажиллагаа жигдэрнэ.
Сангийн зохион байгуулагчдын нэг, жүжигчин Г.УНДАРМАА:
-Хүүхдийн төлөө хандивын тоглолтод дотоод болон гадаадын 28 уран бүтээл, Монгол улсын нийт 150 гаруй дуучин, бүжигчин, хөгжимчин, хөгжмийн студи ажиллаж, МҮОНРТ болон 14 телевизээр шууд дамжуулан хүргэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театртай томоохон цогцолбор барихаар төлөвлөөд байна. Хандивын үйл ажиллагаанд нийт 43 мянган хувь хүн, аж ахуйн нэгж оролцсон. Одоогоор хүүхдийн төлөө фондод олон нийтийн хандиваар цугласан 2 тэрбум 25 сая 346 мянган төгрөг бий. Үүнээс:
- Худалдаа Хөгжлийн банк – 106 сая 101361 төгрөг
- Голомт банк – 371 сая 83354 төгрөг
- Хаан банк – 1 тэрбум 531 сая 634757 төгрөг
- Хас банк – 16 сая 495541 төгрөг
- Капитрон банк – 20 мянган төгрөг тус тус байна. Ямар нэгэн зарлагын гүйлгээ одоогоор огт хийгдээгүй байна. Мөн хүүхдийн санд хандивын нэг уран зураг байна.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргаанаас Чингэлтэй дүүргийн 5-р хороонд 1.1 га газар олгосон. Тус газарт хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр цогцолбор байгуулах ажил явагдана. Ийнхүү Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, “Хүүхдийн төлөө сан”-тай болсон.
Хандивын тоглолтын үеэр тус фондод:
-500.000.000 хүртэлх төгрөг Хаан банк, УБТЗ
-300.000.000 хүртэлх төгрөг Үндэсний соёл амралтын хүрээлэн
-38 сая төгрөг Өсөх зоос ХХК
-10 сая төгрөгийг Сакура сургууль өгсөн бол үлдсэн мөнгийг бусад аж ахуй нэгж, иргэдээс хандивлажээ.
Амласан хандивын тухайд:
-1900-1950 дугаарт 129 орчим байгууллага, хувь хүн
-11 төр захиргааны байгууллага нэг өдрийн цалингаа хандивлах
-Барилгын материал болон барилгын ажил үйлчилгээ үзүүлэхээр 22 байгууллага, хувь хүн
-Гадна тохижилт, мод суулгаж, үйлчилгээ үзүүлэхээр таван байгууллага хувь хүн
-Ном бичгийн хэрэгсэл хэвлэлийн эрх хүүхдийн тоглоом өгөхөөр 11 байгуулага хандив өгөхөөр амласан байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ