Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв.
Тус комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хил нээх асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Харилцан агаарын хилээ нээхэд ОХУ, Турк, Казахстан гурван улс бэлэн байгаа юм. Бусад улс орнууд байнгын оршин суух визтэй иргэдийг л нэвтрүүлж байгаа тул иргэд тавдугаар сарын 1-нээс транзит нислэг хийх боломжтой гэж шууд ойлгож болохгүй. Ерөнхийдөө вакцины хоёр тундаа хамрагдсанаас хойш 14 хоногоос дээш хугацаанд дархлаа бүрэн тогтсон хүмүүст хил нээлттэй байхаар зохицуулалтууд хийж байна” гэсэн юм.
НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭСЭХ НЬ НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРНА
Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улс хэдхэн хоногийн дараа хилээ нээх бололтой. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарийг баталсан тул бэлтгэл ажлыг хангаж дууссан гэж мэдээлэв. Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэх хуваарь гарсан.
Тухайлбал, Сөүл, Токио, Франкфурт, Истанбул зэрэг таван чиглэлд 16 удаагийн нислэг үйлдэхээр тавдугаар сард нислэгийн товыг баталсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн сацуу гадаад, дотоодын зорчигчдын урсгал, тусгаарлах байрны нөөцөөс хамаарч долоо хоногт 1-2 нислэг үйлдэх нь.
Энэ талаар тус газраас “Халдварын нөхцөл байдлаас хамаарч цаашид нислэгийн тоо нэмэгдэх эсэхийг шийдвэрлэнэ. Өдөр бүр тогтмол нислэг товлох нь зорчигчдын урсгал, тусгаарлах байр, халдварын эрсдэл зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хил нээхтэй холбогдуулан авиа компаниуд бэлэн байдлаа хангах нь чухал. ИНЕГ-аас нислэгийн аюулгүй байдалд хяналт тавих, айропорт дахь үйлчилгээний сервис бэлэн байдлыг хангаж, бэлтгэлээ базаасан. Тогтмол ариутгал хийж, зорчигчидтой харьцах ажилтнууд бүгд вакцинд хамрагдсан. Тавдугаар сарын нислэгийн хуваарь дотоодод болон олон улсад зарлагдсан. Одоо хилээ нээхийг хүлээж байна” гэсэн юм.
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ТОГТМОЛ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИЖ БАЙНА
Хил нээхтэй холбогдуулан тавдугаар сарын нислэгийн хуваарь гарснаас хойш нутаг буцах хүсэлтэй монголчууд их байгаа аж. Мөн ажлын шугамаар Монголыг зорих шаардлагатай иргэд ч бас бийг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Хэрэв тавдугаар сарын 1-нээс хил нээгдвэл тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хуваарьт шилжих тул иргэд шууд тийзээ захиалан зорчих боломж бүрдэж байна. Энэ талаар Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Агаарын хил нээхтэй холбогдуулан ирэх сард нислэгийн хуваарь батлагдсан. Гэхдээ тавдугаар сарын 1-нээс хил нээх эцсийн шийдвэр гараагүй болохыг УОК-оос мэдээлж буй. Тусгай үүргийн нислэг үргэлжилнэ гэсэн үг үү. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бид агаарын хил нээхтэй холбогдуулан түр журам боловсруулж, Улсын онцгой комисст хүргүүлсэн. Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан.
Тусгай үүргийн нислэгээр зөвхөн Монгол Улсын иргэдээ татан авч байсан бол агаарын хилээ нээснээр гадаад, дотоодын иргэд Элчин сайдын яамдаар дамжихгүй, тийзээ захиалаад ирэх боломжтой.
Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр гадаадад гацсан иргэдээ үе шаттайгаар татаж дууссан. Иймд тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хуваарьт шилжиж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, ирэх сараас нислэгийн давтамжийг илүү нэмэгдүүлсэн гэсэн үг. Тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарь гарч, Иргэний нисэхийн ерөнхий газраас төлөвлөгөөг баталсан тул борлуулалт эхлээд байна. Гэхдээ өмнөх шиг долоо хоногт 10 нислэг үйлдэхгүй, хязгаартайгаар 2-3 удаа нислэг үйлдэнэ.
Тусгай үүргийн нислэгээс ялгаатай нь гадаадаас иргэдээ татан авахад мэргэжлийн хяналтын байгууллагаас онгоцонд хамт зорчдог байсан бол тавдугаар сараас нислэгүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид хяналт тавихгүй болж байна. Нисэх буудлуудад хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлнэ.
-Цар тахлын амаргүй үед хилээ нээхээр зорьж байгаа нь эрсдэл дагуулж байна гэх шүүмжлэл дагуулах болсон. Халдварын эрсдэлтэй үед гадаадын иргэдэд хил нэвтрэхэд ямар шаардлага тавих вэ?
-Цар тахлын үед бүх улс орон эрсдэлтэй бүс нутаг болсон. Манай улс ч бас халдварын голомтот бүс болсон. Агаарын хил нээснээр гадаадын иргэд Монгол Улсыг зорих боломж нь нээлттэй болж байгаа юм.
Халдварын нөхцөл байдал амаргүй байгаа ч ажлын шугамаар Монгол Улсыг зорих шаардлагатай гадаадын иргэд байгаа. Энэ дагуу Энэтхэг улсын Засгийн газрын шугамаар газрын тосны үйлдвэр байгуулах ажилд оролцохоор ирсэн тус улсын иргэдийг ч бас тусгаарлаад байна. Мөн Оюутолгой компани ажилчдаа авчирсан, тусгаарлалтын горим мөрдөж байна. Хил нэвтрэх журмын дагуу гадаад, дотоодын иргэдийг гэрээр болон ажиглах байранд тусгаарлана.
Нислэгийн хуваарийг батлахдаа тусгаарлах байрны нөөц, хүрэлцээтэй уялдуулж байна. Тавдугаар сарын нислэгээр 3000 хүн ирэх боломжтой гэж УОК-оос тооцож байна. Ерөнхийдөө тусгай үүргийн нислэгээс харахад ихэнх хүн вакцинд хамрагдсан байна.
-Монгол Улс агаарын хилээ нээсэн ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаална. Одоогоор гурван улс руу шууд нислэг үйлдэх боломжтойг УОК-оос мэдээлсэн. Харин тавдугаар сард таван чиглэлд 16 удаагийн нислэг үйлдэхээр хуваарь гарсан. Ялангуяа транзит нислэгийн асуудал анхаарал татаж байна?
-Монгол Улс хилээ нээсэн ч бусад улс орнуудын нөхцөл байдлаас хамаарч байна. Гэхдээ бид тавдугаар сард төлөвлөсөн нислэгийн хуваарийн дагуу нислэг үйлдэнэ. ОХУ, Япон, Солонгос, Герман, Турк руу харилцан адил нөхцөлөөр хил нээх боломжтой гэж үзэж байна. Гадаад харилцааны яамнаас БНСУ-тай транзит нислэгийн асуудлаар хүсэлт явуулж, харилцан зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна.
Одоогоор Япон улс хатуу хөл хориотой байна. Виз олголт хязгаарлалттай байгаа юм. Мөн Турк улс тавдугаар сарын 18-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч нислэг тогтмол үргэлжилнэ.
ХИЛЭЭ НЭЭХ ШИЙДВЭР ГАРСАН БОЛ УОК-ООС НИСЛЭГИЙН ХУВААРЬ БАТЛАХГҮЙ БАЙСАН
Хэдийгээр тавдугаар сард агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарь баталсан ч тодорхой чиглэл өгөөгүй талаар МИАТ компаниас мэдээлж байгаа юм. Тус компаниас “Тавдугаар сарын 1-нд хил нээгдэнэ гэж яригдаж байгаа ч УОК-оос шийдвэр гарсан талаар чиглэл өгөөгүй. Өнөөдрийн байдлаар УОК-оос баталсан хуваарийн дагуу тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж байна. Уг нь тавдугаар сард хил нээгдэнэ гэж бодсон ч УОК-ын баталсны дагуу нислэгийг хуваарийн дагуу үйлдэхээр болж байна.
Хэрэв хил нээхээр байсан бол УОК-оос нислэгийн хуваарь батлах шаардлага байхгүй. Хил нээснээр УОК-оос бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй, бид зорчих урсгалаас хамаарч нислэгийн хуваарь батлах юм.
МИАТ тээвэрлэгч компани тул УОК-ын шийдвэр, олон улсын баримталж буй бодогын дагуу л зохицуулалтаа хийж ажиллана. Жишээ нь, хил нээгдсэн ч Хонгконг руу шууд нислэг үйлдэх боломжгүй тул эхний ээлжинд Сөүл, Токио, Москва руу нислэг үйлдэнэ” гэлээ.
МИАТ компанийн тухайд УОК-ын баталсан нислэгийн хуваарийн дагуу тийзний борлуулалтаа эхлүүлжээ. Зорчигчдыг тээвэрлэхэд давхар хяналт тавихдаа Covid-19-ийн эсрэг шинжилгээ өгсөн эсэх, бичиг баримтыг нь шалгаж байгаа аж. Цар тахлын улмаас дэлхий дахин хилээ хааж, хөл хорио тогтоож, одоо ч халдварын нөхцөл байдал хүндхэн байна. Хэдийгээр зарим улс орнууд хөл хориог сулруулж эхэлсэн ч хилээ нээхээс болгоомжилж буй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад хилийн хязгаарлалт үргэлжилж байна. Харин манай улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй ч салбарынхан бэлэн байдлаа хангажээ.
Холбоотой мэдээ