Холливудад дургүй Юн Ё Жон | News.MN

Холливудад дургүй Юн Ё Жон

ХҮМҮҮС

Холливудад дургүй Юн Ё Жон

Холливудад дургүй Юн Ё Жон

Кино урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслолуудын нэг Оскарын 93 жилийн түүхэнд анх удаа солонгос жүжигчин Академийн шагнал гардан авсан түүхэн үйл явдал энэ долоо хоногт боллоо. Эл жүжигчнийг Юн Ё Жон гэдэг бөгөөд тэрбээр барууны орнуудад төдийлөн нэр хүндтэй болж амжаагүй ч БНСУ-д кино ертөнцийн хамгийн том оддын нэг юм. Өдгөө 73 настай тэрбээр Өмнөд Солонгосын кино урлагт бараг нэг жарны турш зүтгэсэн нэгэн. Тиймээс энэ долоо хоногийн "ХҮМҮҮС" буландаа бид И Исаак Чун найруулагчийн "Минари" кинонд туслах дүр бүтээж, түүгээрээ ийнхүү Академийн шагнал хүртсэн Солонгосын анхны жүжигчин Юн Ё Жоныг онцолж байна.


Алдарт жүжигчин Юн Ё Жон 1966 онд анх кино урлагт хөл тавьснаас хойш одоог хүртэл бараг нэг жарны турш Өмнөд Солонгосын ихэнх олон ангит, нэг ангит кино, телевизийн шоунд дүр бүтээсээр иржээ. Тийнхүү БНСУ болон бусад Азийн зарим орнуудад багагүй танил болсон тэрбээр И Исаак Чун найруулагчийн "Минари" кинонд Сүн Жа хэмээх дүр бүтээснээр зөвхөн Академийн шагналаас гадна Британийн Академийн шагнал, дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал авсан, кино шүүмжлэгчдийн шагналд нэр дэвшсэн анхны солонгос хүн болж, олон улсын анхаарлыг татаад байна.

Юн Ё Жон кино урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн Өмнөд Солонгост маш өндөр нэр хүндтэй болж, 1971 онд “Woman of fire” кинонд бүтээсэн дүрээрээ анх хэд хэдэн шагнал авч байв. Гэвч тэрбээр хэдэн жилийн турш сураг чимээ алдран, олны анхааралд өртөхөө байж, бараг мартагдахын даваан дээр 1980-аад оны сүүл үед кино урлагт эргэн иржээ.

Дээрх хоёр киноноос гадна Юн Ё Жон Өмнөд Солонгосын “The Housemaid” (2010), “The Taste of Money” (2012), “The Bacchus Lady” (2016), “Canola” (2016), “Men of the Bath House” (1995), “Be Strong Geum Soon” (2005), “Daughters-in-Law” (2007), “My Husband Got a Family” (2012), “Dear My Friends” (2016) зэрэг кинонуудаараа алдартай.

БАГА НАС

Юн Ё Жон 1947 оны зургадугаар сарын 19-нд Кёнги мужийн Кэсон хотод мэндэлж, БНСУ-ын нийслэл Сөүл хотод өсчээ. Кэсон хот өдгөө Умард Солонгосын эзэмшилд багтдаг ч түүнийг төрөх үед буюу 1945-1950 онд Өмнөд Солонгосын захиргаанд багтаж байжээ.

Тэрбээр хоёр эгчтэй бөгөөд тэдний нэг нь LG группийн Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж явсан нэгэн аж. Ё Жоны аав түүнийг багад нь бурхан болсон байна. Тэрбээр И Хуа охидын ахлах сургуулийг төгсөөд, 1966 онд 19 настайдаа Ханян их сургуульд солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр элсэхийн төлөө бэлдэж эхэлжээ. Гэвч Ё Жон элсэлтийн шалгалтад тэнцэж чадаагүй бөгөөд тухайн үед ээж нь түүнд маш ихээр урам хугарсан гэдэг.

Ё Жон өсвөр насандаа мөнгө олохоор бэлэг тараадаг хүүхдийн шоунд дүр бүтээх цагийн ажил хийж, санамсаргүйгээр урлагийнхны нүдэнд өртөж, жүжигчин болох үүд хаалга нь нээгдсэн аж. Тэр цагаас хойш түүнд жижиг жүжиг, шоунд тоглох саналууд ирэх болжээ.

УРЛАГИЙН ГАРАА

Юн Ё Жон 1967 онд коллежоо бүрмөсөн орхиж, “Mister Gom” телевизийн олон ангит кинонд анхны дүрээ бүтээжээ. Түүнээс хойш Ё Жоны нэр хүнд аажмаар өссөөр 1971 он гэхэд оргилдоо хүрч, дээр дурдсанчлан “Woman of fire” кинонд бүтээсэн анхны гол дүрээрээ хэд хэдэн шагнал авсан юм.

ОРЧИН ҮЕИЙН ЭМЭГТЭЙ

Тийнхүү нэр хүндтэй болсон тэрбээр Солонгосын шинийг санаачлагч, өөрийн гэсэн хэв маягаараа гайхагдсан найруулагч Кимтэй хамтран ажиллаж, “Шавьж эмэгтэй (Insect Woman 1972)”, “Ёс бус эмэгтэй бай (Be a wicked woman 1990)” зэрэг эмэгтэй хүний сэтгэл зүйн эрс хар бараан талыг дүрслэн, өдөөн хатгасан шинжтэй кинонуудад халшралгүй чадварлагаар жүжиглэсэн юм. Үр дүнд нь үзэгчид түүний ярих чадвар, өвөрмөц төрхийг өндрөөр үнэлж, орчин цагийн эмэгтэйн том төлөөлөл мөн хэмээн тодорхойлох болжээ. Тэр цагаас хойш Юн Ё Жон 1972 оны “Хойд эх” тэргүүтэй ихэвчлэн орчин цагийн эмэгтэйн дүр төрхийг тод томруунаар харуулсан кинонуудад сонгогдон дүр бүтээдэг болсон байна.

УРЛАГААС ХӨНДИЙРЧ, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ БОЛОВ

Юн Ё Жон нэр хүндийнхээ оргил үед буюу 1974 онд дуучин Жо Ян Намтай гэрлэж, кино урлагаас түр завсарлага авчээ. Тэрбээр хоёр хүүтэй болж, АНУ-д цагаачлан амьдарчээ. Гэвч тэрбээр хоёр хүүгээ тэжээхийн тулд 38 настайдаа Флоридагийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж, 2.75 ам.доллар цалинтай ажиллаж байжээ. Учир нь тухайн үед түүний англи хэлний чадварт тохирох өөр ажил олдохгүй байсан аж.

Аз болж Ё Жоны ажлын хамтрагч, найз, зохиолч түүнийг асар их авьяастай хэмээн урам өгч, шинэ кинондоо дүр санал болгосноор тэр 1984 онд эх орондоо эргэн ирж, кино урлагт эргэлт буцалтгүйгээр дахин хөл тавьжээ. Гэвч түүний мэргэжлийн онцлог гэрийн эзэгтэйн үүрэгтэй зөрчилдөж байсан тул ажилдаа бүх цагаа зарцуулахын тулд 1987 онд нөхрөөсөө салжээ. Өмнөд Солонгост гэр бүл салалтыг гутамшиг хэмээн үздэг уламжлалт сэтгэхүй хэвшмэл тул нөхрөөсөө салсны дараа нэр хүндээ сэргээх гэж Ё Жон илүү их хичээж, зүтгэсэн гэж дурдсан байдаг.

ЭРГЭН ИРСЭН НЬ

Кино урлагаас удаан хөндийрсний дараа амжилттай эргэн ирэх нь Өмнөд Солонгосын дунд насны эмэгтэй жүжигчдийн хувьд ер бусын үйл явдал байв. Тэр ч байтугай түүний насны ихэнх эмэгтэй жүжигчид үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулж буй ээж, бүдүүлэг авгай нарын дүрд тоглодог байсан бол Юн Ё Жон ихэвчлэн илүү чадвар шаардсан, төвөгтэй, загварлаг, хүчирхэг, бие даасан дүрүүдэд сонгогдож байв.

Тэрбээр “Би хөгшин жүжигчин гэж дуудуулахаас айдаггүй. Гэхдээ кино ертөнцөд хөгшин, тэнэг харагдахаас айдаг” хэмээн 2012 онд 65 насандаа авлига, шунал, сексийн сэдвийг хурцаар хөндсөн “Мөнгөний амт” кинонд харгис өв залгамжлагчийн дүр бүтээж байхдаа хэлж байжээ.

АКАДЕМИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ СОЛОНГОС, ХОЁР ДАХЬ АЗИ ХҮН

Тэрбээр өнгөрсөн онд “Минари” кинонд Арканзаст аж төрдөг Солонгос гаралтай америк гэр бүлийн эмээ Сүн Жа хэмээх туслах дүрд тогложээ. Уг кинонд АНУ-ын цагаач гэр бүлүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг тодорхой дүрсэлдэг тул дүр бүтээж байхдаа Ё Жон АНУ-д амьдардаг хоёр хүүгийнхээ туулсан зовлонгуудыг сэтгэлээсээ ойлгон мэдэрсэн аж. Тэрбээр тус дүрээрээ Академийн шагналаас гадна Британийн Академийн шагнал, дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал авсан  Солонгосын анхны жүжигчин болон түүхэнд нэрээ үлдээж байна. Одоогоос 60 гаруй жилийн өмнө 1967 онд Япон гаралтай америк дуучин Миёши Үмеки Академийн шагнал хүртсэн анхны ази хүн болж байжээ.

Юн Ё Жоны бүтээсэн Сүн Жа эмээ цус харвасан, зөнөх өвчнөөр шаналж буй бүдүүлэг араншинтай боловч үр хүүхдүүддээ хайртай эмээ юм. Тус дүрд тоглохын тулд Ё Жон зохиолоо үргэлж давтан уншиж, англи хэлийг төгс эзэмшээгүй сул талаа ялахын тулд үг бүрээ ягштал цээжлэхийн хажуугаар цус харвасан хүний төрхийг гаргахын тулд тархины эмчээс зөвлөгөө авч байжээ. Хожим тэрбээр цус харвасан хүний төрхийг зөв гаргахын тулд амандаа лууван, мах гэх мэт зүйл чихэж бэлддэг байсан хэмээн дурсчээ.

ХОЛЛИВУДАД ДУРГҮЙ ЖҮЖИГЧИН

Юн Ё Жон Холливудын Брэд Питт тэргүүтэй олон жүжигчнийг биширдэг ч Холливудад нэг их дуртай биш аж. Тэрбээр “Надад АНУ-аас киноны санал ирэхэд солонгосчууд намайг Холливудад ээлтэй гэж боддог. Гэхдээ үгүй ээ, би Холливудад тийм ч дуртай биш. Миний АНУ-д үе үе ирдэг шалтгаан бол хоёр хүүтэйгээ уулзах чин сэтгэлийн минь тэмүүлэл юм” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр “Академийн шагнал авч байгаа нь миний хувьд маш их аз жаргалтай мөч байлаа. Гэхдээ энэ шагнал миний амьдралыг өөрчлөхгүй. Би одоо эргэж гэртээ хариад ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно” хэмээн инээмсэглэн хэлжээ.

Эх сурвалж: NBC NEWS, TIME, LOSANGELES TIMES, REUTERS, ASIA TATLER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.61

Ene jujigchin neg l tanil mongoliin kino jujigchin shig bolj yamar kinond togoldog bilee zarim so jujigchidee mongol jujigchidees dutuugui meddeg bolj

Avatar

Зочин 2021-04-29 64.119.20.13

Aziuddig alj hydaad baigaa bolhoor baga ch gesen sergeliin dem ogomson gej oilgoloo

Avatar

Монгол залуу 2021-04-29 122.201.21.67

Мундаг жүжигчин шүү. Маш олон солонгос сериалд харж байсан. Бусад жүжигчдээс арай л өөр харагддаг.

Avatar

Badarch taxar 2021-04-29 192.82.90.88

Kinond haraagvi emgen baih chini mon hvnee olow oo

Avatar

Юу ярина вэ! 2021-04-29 66.181.161.80

Ёстой олон кинонд тоглосон хүн шүү. Монголд гарсан олон сериалд тоглосон.

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-29 122.201.31.201

Оскарын шагнал улс төрийн нөлөөнд их автсан. Тиймээс Оскарын шагналыг сонирходог хүмүүс бараг 2 дахин буурсан гэх судалгаа байна. Энэ жил яахав дээ, нөгөө муу Азиудыг гадуурхаад дээрэлхээд байхаар нь нэг Солонгост шагналыг нь дуртай дургуй өгсөн байх. Мөн г***, трансжендер нэг жүжигчнийг Оскарт шагнаж байх бүр квот бий болсон. Одоо Оскарыг кино урлаг гэдэг талаас нь биш улс төрийн мөн элдэв хүйсийн тэгш эрх г.м. гажиг өнцөгөөс хардаг болсон нь уг шагналын утга учрыг алдагдуулж байгаа юм.

Avatar

Боги 2021-04-29 202.126.89.156

Солонгосууд д л Азийг дэлхий даринд төлөөлдөг болж дэ. Чадаж бга юманд арга алга сайн бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж