Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй

Б.Тулга: МАН-тай албан тушаал наймаалцаагүй

МАН, МАХН-тай нэгдэхээ зарлаад буй энэ цаг үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-Монголд улс төрийн нам үүссэний 100 жил дээр МАН, МАХН эргэн нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор боллоо. Ямар чухал амин эрх ашиг МАН-тай нийлэхэд хүргэв ээ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Хоёр нам нэгдэхэд хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл нь цаг хугацаа, нөхцөл байдал юм. Монгол Улсад улс төрийн хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна. 100 жилийн ой гэдэг аль аль намын гишүүдийн хувьд эх түүхээ эргэн харж, ирээдүйгээ эргэцүүлэн бодох чухал цаг хугацаа мөн. МАН болон МАХН өмнө нь нэг нам байсан. 10 жилийн үед тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдөж, тусдаа ажиллаж эхэлсэн. Тодорхой хэлбэл, байгалийн баялагтай холбоотой байр суурийн зөрүүнээс болж хоёр салсан гэж болно. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага Оюутолгой болон бусад төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгож байгаа чухал хүчин зүйл юм. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах зэрэг бидний 10 жилийн турш ярьж, дэвшүүлж ирсэн бодлогын асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой ихээхэн ойртож буй нь нэгдэж, нийлэх гол нөхцөл гэж бид үзэж байгаа.

Хоёрдугаарт, бидний хамтын зорилго нэг байна. Монгол Улсад хүний эрхийн ойлголтыг арай өөр байдлаар томъёолох, илүү өндөр түвшинд хуульчлах шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн тодорхойлох, юугаар, яаж хэмжих вэ гэдгээс төрийн бодлого, хөгжлийн бодлого эхлэх учиртай. Жишээ нь, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд хүн амьд байх эрхтэй гэж заасан, амьд л байвал яаж амьдрах нь хамаагүй шахуу. Харин орчин үед амьд байх эрх гэдгийг амьдрах, хүний зэрэгтэй амьдрах гэж тодорхойлдог болсон. Үүнд эрүүл байх, сайн боловсролтой байж, сайхан ажил хөдөлмөр хийж, хангалуун сайхан амьдрах гэсэн ойлголт багтана. Монгол хүн бүр, өрх бүр биеэрээ мэдэрч буй асуудал бол эрүүл мэндийн асуудал шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоо нь хувийн хэвшилд тулгуурласан ашгийн төлөө байдаг тогтолцоотой бол энэ коронатай цаг үед ямар байх вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Төр нь эрүүл мэндийн зардлыг хариуцдаг байх нь ямар чухал вэ гэдгийг харуулсан цаг үед амьдарч байна. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоог төр нь бүрэн хариуцдаг байх тогтолцоо руу орохоос өөр арга алга. Эрүүл байна гэдэг нь эрхээ хамгаалуулж байна гэсэн үг. Энэ тогтолцоог бий болгоход МАН-тай хамтарч ажиллана гэж ойлгож болно.

Гуравдугаарт, боловсролын чанарыг сайжруулж, иргэн бүрээ дээд боловсролтой болгож, зардлыг нь 100 хувь төр хариуцдаг болох тэр тогтолцоо руу орох ёстой гэдэгт хоёр тал мөн санал нэгдсэн. Залуучуудаа боловсролтой болгосноор нийгэмд тулгамдаж буй ядуурал, ажилгүйдэл энэ бүхнийг шийдвэрлэх боломжтой. Мянганы замын бүтээн байгуулалт шиг дараа дараагийн мянганы төмөр замыг барьж, улмаар эрчим хүч экспортлогч орон болох, дотооддоо үйлдвэрлэж чадах бүхнээ хийдэг болох, импортлогч бус экспортлогч орон болох зэрэг томоохон зорилтыг хамтран хэрэгжүүлье, ийм л том зорилгын төлөө хүчээ нэгтгэе гэж МАН-тай санал нэгдсэн. Энэ бүхнийг үр дүнд хүргэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль бол зөвхөн эрх мэдэл хуваарилах тухай асуудал биш, харин монгол хүний эх орондоо эзний ёсоор эрхээ эдлэх баталгааг нь хангах суурь хууль юм гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрхэд суурилсан, Монгол Улс ирээдүйн 100 жилд ямар байх вэ гэдэг газрын зургаа тодорхойлсон шинэ Үндсэн хуулийг батлах ёстой.

"НЭГДЭХ ТУХАЙ АСУУДАЛ ЭНЭ ЖИЛ ЯРИГДСАН ЗҮЙЛ БИШ"

-МАН-тай нэгдэх болсон асуудал ер нь хэзээнээс эхтэй юм бэ. Аль тал нь эхэлж санал тавив?

-Дөнгөж энэ жил яригдсан зүйл биш. Анх хоёр нам салах үеэс эхлээд нэгдэж үйл ажиллагаа явуулах ёстой гэж намын гишүүд, ахмадууд хэлдэг байсан. Анхны саналыг намын жирийн гишүүд, дэмжигчид тавьсан. Ялангуяа ахмад гишүүд маань хоёр нам нэгдэж үйл ажиллагаа явуулах ёстой гэж шахаж шаардсан. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс нэгдэх асуудлыг хөндсөн. Намууд нэгдэж, нийлэхгүй бол төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг тэд хэлсэн. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төр засагтай, ойлгомжтой бизнесийн орчинтой болоход намууд үзэл баримтлалаараа нэгдэх нь зөв гэсэн санал санаачлалыг гишүүд, дэмжигчдийн зүгээс гаргаж ирсэн байдаг. Ингээд 2012 оноос тоолвол гурав дахь удаагийн яриа хэлцлээр МАН ба МАХН нэгдэн нийлэх гэрээ байгуулагдах болж байна.

Өнөөдөр хоёр намын шат шатны удирдлагууд болон хоёр намынхаа анхан, дунд шатны идэвхтэн гишүүд нийлсэн 3500 хүнийг оролцуулсан хамтарсан хурлыг цахимаар зохион байгуулж байна.

-Шууд асууя, жинхэнээсээ улс орны эрх ашгийн төлөө юү, эсвэл улс төрийн эрх ашгийн төлөөх нэгдэл үү?

-Байгалийн баялгаас Монголын ард түмэн тэгш хүртэх ёстой гэсэн бидний бодлогыг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар байсан. ААН, айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцахаар болсон нь МАХН-ын дэвшүүлдэг дээрх бодлоготой яв цав нийцэж байгаа юм. Үүний дараа мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн татварын орлогоос иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан нь иргэд байгалийн баялгаасаа хүртсэн бодит жишээ. Байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилах ёстой гэсэн тунхаглалаас илүүтэй үүнийг ажил хэрэг болгосон нь бидний нэгдэлд түлхэц болсон гэж хэлж болно.

Түүнээс улс төрийн, эсвэл нэг, хоёр удаагийн сонгууль харсан шийдвэр биш. Монголчууд ирэх 100 жилд яаж амьдрах вэ, тэр дундаа ирэх 20-30 жилд бидний хөгжил хаана байх вэ гэдэгт бидний зорилго, зорилт нэг шугамд байна.

МАН-ТАЙ АЛБАН ТУШААЛ НАЙМААЛЦААГҮЙ

-Н.Энхбаярын хүүг гишүүн болгох, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газрыг өөрчилж, танай намд суудал өгөх тохироо хийсэн гэж үнэн үү?

-Шууд  асууж байгаа учраас шуудхан хариулъя. Ямар нэгэн албан тушаалын, эсвэл төр засгийн байгууллагад ажиллах ямар ч тохироо хийгдээгүй ээ. Бид эвсээгүй, нэг нам болж нэгдэж байгаагийн хувьд дээр дурдсан бодлогуудыг хэрэгжүүлэхэд намын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүд орно. Үүнтэй холбоотойгоор мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд намын боловсон хүчний бодлого яаж явдаг вэ тэр дагуу явагдах байх. Түүнээс биш хоёр нам нэгдлээ гээд эвслийн Засгийн газар байгуулах мэт Засгийн газраа шинэчлэн байгуулна гэсэн ойлголт огт байхгүйг албан ёсоор хэлье. Сэтгүүлчид болон олон нийт хардах эрхтэй, эрүүл үзэгдэл. Дахин хэлэхэд, бидний энэхүү нэгдлийн цаана албан тушаал наймаалцаагүй. Харин юу яригдсан бэ гэвэл хоёр нам нэгдэж үйл ажиллагаа явуулахдаа намын шат шатны бүтцийн байгууллагууд хэрхэн уялдаж нэгэн цул институц болох вэ, намын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг гэрээндээ тодорхой тусгасан.

МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх суудлыг УИХ-д авчирсан С.Ганбааатар гишүүн энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ? Түүний хувьд нам нь нэгдсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хэдийнэ илэрхийлчихсэн?

-С.Ганбаатар гишүүний хувьд тууштай, сайн улстөрч. Ялангуяа байгалийн баялгийг ард түмэнд тэгш, шударга хүртээх ёстой гэдэг зорилго, үнэт зүйл дээр нэгдэж манай намд элссэн. Энэ утгаараа 2017 онд манай намын гишүүн болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. МАХН 2020 оны УИХ-ын сонгуульд С.Ганбаатар гишүүнийг Эрдэнэтэд нэр дэвшүүлж, гишүүн болгосон. Өмнө нь С.Ганбаатар гишүүн Эрдэнэтэд нэр дэвшиж байгаагүй шүү дээ. Эрдэнэт хотод МАХН-ын нэр дэвшигч баталгаатай ялдаг. Эрдэнэтийнхэн маань манай намын зорилгыг маш сайн ойлгодгийн хувьд үргэлж дэмжсээр ирсэн. Ийм тойрог руугаа С.Ганбаатар дэд даргаа нэр дэвшүүлж, УИХ-д гаргасан. Намын ялалтыг зөвхөн нэг гишүүний ялалт гэж харах нь өрөөсгөл ойлголт. Харин эсрэгээрээ бие дааж ялсан бол өөр хэрэг. С.Ганбаатар гишүүн багаараа явж ялсан. Цаашид ч гэсэн тууштай баг болж явна. С.Ганбаатар гишүүнтэйгээ уулзаж байнга ярьж байгаа. Нэгдэх асуудлыг намын гишүүдийн олонхоороо шийдвэрлэсэн. Эцсийн дүндээ улс төрийн нам гэдэг бол нэг баг. Баг байж улс орныг авч явна уу гэхээс нэг хүн авч явдаггүй.

Энэ утгаараа С.Ганбаатар гишүүн МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон бол МАХН С.Ганбаатарыг УИХ-ын гишүүн болгосон.

-МАН, МАХН-ын нэгдэл хэр удаан оршин тогтнохыг цаг хугацаа харуулах байх. Таны хувьд нэгдэл задрахгүй гэдэгт баталгаа өгч чадах уу?

-Чадна гэж хэлнэ. Яагаад гэвэл бидний зорилго тодорхой. Монгол хүн бүрийг Монгол Улсдаа хүн шиг амьдруулах энэ нөхцөлийг бий болгохын тулд улс төрийн талцал, хуваагдлыг таслан зогсооё гэдэг дээр хоёр тал бат зогссон. Үүний төлөө бид нэгдэж байгаа учраас нэгдэл бат оршино гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд ч энэ бол эвсэл биш, нэгдэл учраас цаашид задрах тухай хуулийн ч, логикийн ч боломж бололцоо байхгүй.

-Эцэст нь асуухад, АН дотроо ид бужигнаж байна. Дотроосоо хоёр ч даргатай болж, Дээд шүүх алийг нь ч бүртгэж авсангүй. Улс төрийн намын гал тогоог барьж байгаа хүний хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна вэ?

-АН-д болж буй үйл явцад харамсаж байна. АН-д чадалтай залуус олон бий. Хурдан учраа олж, нэгдэж, улс төрийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж