Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

“Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны үнэ  өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж уун, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хүнсний зах, дэлгүүрүүдэд хөвөрнө. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг дэлгүүрийн худалдагчид энэ бүхэн буурахаар дагаад үнээ буулгадаг нь ховор. Харин ч тэд цар тахлыг далимдуулан өргөн хэрэглээний барааны үнийг нэмж, өөрсдийн халаасаа түнтийлгэв. 

Өнгөрсөн хугацаанд хөл хорионд ороогүй салбар бол хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, махны худалдаачид. Бусад салбарынхан хаалга үүдээ барьж байхад тэдний халаас улам зузаарсан уу гэхээс нимгэрээгүй. 

Худалдагчид “Цаанаас тогтоосон үнийг  бид мэдэхгүй” гэж бухимдсан иргэдийн амыг таглах нь олонтаа. Сургаар үнээ нэмдэг хүнсний дэлгүүрүүдэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийж байгаа ч Засгийн газар аль болох торгуулийн арга хэмжээ авахгүй байхад анхаарч байгаа гэх. 

Үнэндээ үнэ өсөх нь орлогогүй хөл хорионд байгаа иргэдийг бухимдуулж байна. Иргэд ёстой л өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал яг хэвээр. Ингээд юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулж байна. Хоёр сарын өмнө 10450-тай байсан хонины цул мах өчигдөр (2021.04.28)-ийн байдлаар 12500 төгрөгт хүрэв. Өргөн хэрэглээний барааны үнэ ийнхүү тэнгэрт хадсаныг Засгийн газраас иргэдэд тараасан 300 мянган төгрөг, БНХАУ хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоог цөөлсөнтэй холбон тайлбарлаж буй.

Хэдийгээр Сангийн сайд Б.Жавхлан иргэдэд 300 мянган төгрөг тараах шийдвэр инфляцид нөлөөлөхгүй гэсэн ч бодит байдал дээр эсэргээрээ биелэв. Тэрбээр “Наймдугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2850 орчимд тогтвортой байна. Энэ жилийн инфляцын зорилтот түвшин 6 хувь юм. Одоо инфляц 2.6 хувь байна. Өөрөөр хэлбэл зорилтот түвшнээсээ нам дор байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг даана. Дээрээс нь Төв банк өөрөө зорилтот түвшнийхээ төлөө ажиллана. Зүгээр хараад суухгүй шүү дээ. Мөнгөний бодлогын өөрийнх нь олон янзын хэрэгсэл бий. Үүгээрээ дамжуулж инфляцыг зорилтот түвшинд байлгах бүрэн боломжтой гэж харж байна” гэж УОК-ын хурлын үеэр мэдээлж байв. 

Гэвч өнөөдрийн байдлаар хүнсний захуудад хонины ястай мах нэг килограмм (кг) нь 12222 төгрөг, үхрийн ястай мах 13700 төгрөг, үхрийн цул мах 15622 төгрөг, адууны ястай мах 13000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Үүнийг хөл хорио тогтоохоос өмнөх дөрөвдүгээр сарын 7-ны өдрийнхтэй харьцуулахад махны үнэ төрлөөсөө хамаарч 422-875 төгрөгөөр нэмэгджээ. Бүр задалж үзвэл, долоо хоног бүр махны үнэ 100-125 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин хүнсний ногооны хувьд нэг кг байцаа 2403 төгрөг, манжин 2786 төгрөг, лууван 1618 төгрөгийн үнэтэй байна. Эдгээрийг хөл хорио тогтоохоос өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 255 төгрөг, манжин 172 төгрөг, сонгино 133 төгрөгөөр тус тус өсчээ.

ХИЛИЙН ТЭЭВЭРТ ХЯЗГААР ТОГТООСНООС ШАЛТГААЛЖ НАРИЙН НОГООНЫ ҮНЭ ӨСӨВ

Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд Covid-19 эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээн хилийн боомтын хяналтаа чангаруулсан. Өөрөөр хэлбэл, хилийн боомтоор нэвтрэх автомашины тоог эрс багасгасан. Хатуу хөл хорио тогтоосноос хойш дэлгүүрүүдийн лангуун дээр нарийн ногоо харагдахаа больсон нь импортын хязгаарлалттай холбоотой юм.

Худалдаачид бараа бүтээгдэхүүнээ хилийн цаана муутгахгүйн тулд вагоноор тээвэрлэж байгаа учраас тээврийн зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээн худалдаж эхэлсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүрүүдэд навчит байцаа нэг кг нь 12000 төгрөг, брокли 9000 төгрөг, өргөст хэмх 9000 төгрөг, чинжүү 9000 төгрөг, өндөг 500-550 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ ТАВАН ЭРСДЭЛ

Төвбанкнаас гаргасан инфляцын тайланд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, өөрчлөлт орох таван эрсдэл байгааг ийн дурджээ.

  • Нэгдүгээрт. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан, мах хүнсний ногооны үнэ огцом хэлбэлзэх, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ төсөөллөөс давж нэмэгдэх магадлалтай.
  • Хоёрдугаарт. Цар тахлын дотоод дахь тархалт эрчимжиж, улмаар дахин хорио цээрийн дэглэм тогтоох, хугацааг сунгах тохиолдолд эдийн засгийн идэвхжлийг сулруулж, инфляцыг бууруулах нөлөөтэй.
  • Гуравдугаарт. Хөл хорио чангарах тохиолдолд хүнсний зарим бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсч, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бий болж болзошгүй.
  • Дөрөвдүгээрт. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ манай улсыг чиглэх хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлж, улмаар төгрөгийн ханшид ирэх дарамт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
  • Тавдугаарт. Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүдээс шалтгаалж инфляын төсөөлөл өөрчлөгдөх магадлалтай. Дээрх таван эрсдэлээс ихэнхтэй нь бид нүүр тулаад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж