Д.Батмөнх: Дундговь аймагт 205 мянган толгой мал хорогдсон

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Д.Батмөнх: Дундговь аймагт 205 мянган толгой мал хорогдсон

Д.Батмөнх: Дундговь аймагт 205 мянган толгой мал хорогдсон

Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар их хэмжээний цас орж, хаваржилт хүндэрч байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан нийт нутгийн хаваржилтын нөхцөл байдал болон мал төллөлт, малын зүй бус хорогдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Нийт нутгаар хаваржилт хэр байyа вэ. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хаваржилт хүндэрсэн аймаг, сумд бий юу?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хаваржилт хүндрээгүй, хэвийн байна. Учир нь хаваржилт хүндэрч болзошгүй Архангай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудад эрсдэлийн бэлтгэл ажлыг сайн хангасан байсан.

-Улсын хэмжээнд мал төллөлт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

Энэ онд 29.3 сая хээлтэгчийн 81.9 хувь буюу 24 сая эх мал төллөхөөс одоогийн байдлаар 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөөд байна. Үүнийг бүсээр задалбал, баруун бүс 69.8, хангайн бүс 54.1, төвийн бүс 50.7, зүүн бүсэд 50.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Түүнчлэн 13.2 сая төл бойжиж, бойжилт 97.3 хувьтай байна.

-Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах арга хэмжээг салбар яамны зүгээс авч чадсан уу?

-Засгийн газрын “Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан зарим арга хэмжээ авах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийг идэвхжүүлж, 5 сая ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зудын эрсдэл бүхий Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн нийт 74 сумын 45 мянга гаруй малчин өрхөд  хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлсэн.  Уг арга хэмжээ нь мал аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах, зудын гамшгийн эрсдэл, малын зүй бус хорогдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.

-Өнгөрсөн гуравдугаар сард зарим аймгуудын сумдаар хүчтэй шороон шуурга шуурсан. Тухайн үед төл хүлээн авахад малчдад хүндрэл үүссэн үү?

Гуравдугаар сарын 14-нд болсон шуурганд 12 аймгийн 50 гаруй сум өртсөн. Хүчтэй шуурганаар олон тооны мал шуурга уруудсан. Гэхдээ тухайн үед орон нутгийн зүгээс шуурхай арга хэмжээ авч чадсан. Мөн уг хүчтэй шуурганд өртсөн аймаг сумд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг харьцангуй сайн хийсэн байсан учраас хохирол багатай даван туулсан.

Улсын хэмжээнд малын зүй бус хорогдол ямар үзүүлэлттэй байна вэ?

-Малчдын хувийн бэлтгэл зохион байгуулалт, байгалийн давагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалан Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Төв зэрэг аймгуудад малын зүй бус хорогдол хамгийн их гарсан. Тухайлбал, Дундговь аймагт 205 мянган толгой мал хорогдсон. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад малын хорогдол ижил түвшинд байна.

-Малын зүй бус хорогдлыг багасгах чиглэлд салбар яамнаас анхаарч чадаж байгаа юу?    

-Салбар яамны зүгээс хаваржилт хүндрэх магадлалтай гэлтгүй бүхий л аймаг, сумдад малын зүй бус хорогдлын тоог багасгахаар ажиллаж байна. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын  болзошгүй хүндрэл, хүн малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын  сэг зэмийг устгах,  халдваргүйжүүлэх, отор нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг  зохицуулах, хяналт  тавих тухай" албан даалгавар гаргаж, аймгийн Засаг дарга нарт хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ингэхдээ цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан отор нүүдлийг зохион байгуулах, малын шилжилт, хөдөлгөөний зохицуулалт хийх, төл хүлээн авах бэлтгэлийг  хангах, малын өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгах, зарим газарт мал бэлчээрлэх боломжгүйгээс тэжээлийн дутагдалд орох зэргээс шалтгаалан  малын хорогдлын тоо нэмэгдэхээс сэргийлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгаж, аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон бусад холбогдох нэгжүүдэд үүрэг, зөвлөмж хүргүүлсэн.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж