Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ХЭТРЭЛТ, АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШИЛСОН ШАЛТГААНЫГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр —- 2020 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс оюу толгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан. Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу Рио Тинто компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсес Лимитэд тус бүрээс хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хороо байгуулагдаж, тогтоолын хэрэгжилтийг хангахаар цаг алдалгүй ажиллаж, хөндлөнгийн хяналт, шалгалтын хамрах цар хүрээг баталсан. Түүнчлэн, Тусгай хорооны гишүүд хөндлөнгийн хяналт шалгалтыг гүйцэтгэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчид томилж ажиллуулах чиглэлээр шургуу ажиллаж, хүчин чармайлт гаргасны үр дүнд төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, зардлын менежмент болон бусад холбогдох чиглэлээр дагнасан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэх хараат бус зөвлөх багийг хөндлөнгийн шинжээчдээр томилсон. Хөндлөнгийн шинжээчдийн Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судлах ажил гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд шинжээчид Тусгай хорооноос хүргүүлсэн техникийн мэдээллийг судлан ажиллаж байна.

Гэсэн хэдий ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг Рио Тинто компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.

Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. Рио Тинто хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг “Эрдэнэс оюу толгой” ХХК бүрэн дэмжиж байна.

Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг “Эрдэнэс оюу толгой” ХХК шаардаж байна. Хэрэв Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс оюу толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна. “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа Рио Тинто компани зөрчиж байгааг дурдья.

Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тухай

“Эрдэнэс оюу толгой” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа хувьцааны 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани юм. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Өмнөговь аймагт гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байна. “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг Торонто, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурсэс Лимитэд компани эзэмшдэг. Олон улсын уул уурхайн компани болох Рио Тинто нь Оюутолгой төслийн уурхайн оператор, төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн 2016 оноос хойш тус төслийг өдөр тутмын удирдлагаар хангаж хариуцан ажилладаг.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюутолгой төслийн гүний уурхайн төслийн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшлогдсон талаар мэдээллийг Рио Тинто олон нийтэд хүргэсэн. Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд энэхүү асуудлыг геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг боловч төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон байж болзошгүй мэдээлэл гарч байна. Туркойз Хилл Ресурсес Лимитэдийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 оны 3-р сард Нью Йорк мужийн шүүхэд Рио Тинто, Түркойз Хилл Ресурсес Лимитэд (мөн эдгээр компанийн зарим гүйцэтгэх удирдлагууд)-ийн эсрэг гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд энэхүү асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж