Та бүхэнд Оросын “Прайм” агентлагийн вэбсайтад өчигдөр /2021.04.27/ нийтлэгдсэн нийтлэлийг тоймлон хүргэж байна. Энэхүү нийтлэлд Орос улс Хятадын нүүрсний зах зээлийг бусад өрсөлдөгч нартаа алдаж байгаа талаар дурджээ.
Гуравдугаар сард Хятадад коксжих нүүрсний импорт сүүлийн таван сарын хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь Монгол, Канад, АНУ-аас нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Монгол Улс Хятадын зах зээлд коксжих нүүрсний хамгийн том экспортлогч орон болжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээр, өнгөрсөн сард Хятадын коксжих нүүрсний импорт 4.19 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар бага хэдий ч 2021 оны хоёрдугаар сартай харьцуулахад 53 хувиар өссөн дүн юм.
Хятад улс Австралийн нүүрсийг хориглосон шийдвэрээ цуцлах бодолгүй, харин энэ орноос ирэх нийлүүлэлтийг бүрэн орлуулахаар зэхэж байна. Австралиас нүүрс нийлүүлэлтийг зогсоосны дараа Хятад руу коксжих нүүрс нийлүүлэх гол орон нь Монгол Улс болсон. Монголын “Тавантолгой” нүүрсний ордын нөөц 6.5 тэрбум тонн гэгддэг. Энэ ордын 40 орчим хувь нь коксжих нүүрс юм.
“Тавантолгой”-н орд газар нь Хятадын хилтэй ойр хэдий ч төмөр зам байдаггүй учир нүүрсний нийлүүлэлт хангалттай байдаггүй. “Тавантолгой”-гоос Хятадын хил хүртэлх 240 км төмөр замын салаа замыг 2022 онд барьж дуусахаар төлөвлөж байгаа аж. Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр,төмөр замыг ашиглалтад оруулснаар “Тавантолгой”-н ордоос нүүрс экспортлох хэмжээг жилд 30 сая тонн болгон нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Нүүрсийг ачааны машинаар зөөвөрлөж байгаа бөгөөд малын бэлчээр сүйдлэхийн дээр автомашины осол энд ойр ойрхон гардаг хэмээн “Прайм”-ын нийтлэлд дурдсан байна.
Харин ОХУ-ын хувьд нүүрсний нөөц ихтэй ч мөн дэд бүтэц хязгаарлагдмал учир хятад руу экспортоо нэмэгдүүлж чадахгүй байна. Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой. Нүүрсний чанар болон газар зүйн хувьд Хятадтай ойр байрладаг зэрэг нь бусад нийлүүлэгчидтэй харьцуулахад Оросын хувьд томоохон давуу тал болдог. Гэвч төмөр замын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаагийн улмаас Алс Дорнодын далайн терминалаар дамжуулж нүүрс тээвэрлэж, ихээхэн цаг хугацаа алдаж байгаа гэжээ.
Энэ хооронд Канад, АНУ-аас Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 2013 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын нийлүүлэлтээ 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг тав дахин нэмэгдүүлж 663 мянган тонн болгосон бол Канадын нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 1.3 сая тоннд хүрчээ.
Эх сурвалж: 1Prime.ru
Холбоотой мэдээ