МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

МУИС-ийн Багш нарын холбооноос өнөөдөр /2021.4.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээлээ. Тус захидалд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нь багш ажилчдын эрхийг зөрчиж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Ил захидалд;

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа. 

Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье. Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Монгол Улсын Их Сургуульд хууль дээдлэх ёс алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчдыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.

  1. Монголын ард түмэн, түүний төлөөлөл болсон эрхэм гишүүд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” зэрэг заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталж ард иргэдийнхээ төрөхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулжээ.
    Харамсалтай нь МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хуулиа дээдэлж ажиллахын оронд хууль зөрчиж, багш ажилчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:
    Хөдөлмөрийн болон бусад ямарч хуульд байдаггүй “нөхцөлт гэрээ” гэх зүйлийг зохиож зарим багш нарыг хохироож, 1.түүнийгээ далайлган сүрдүүлэх хэрэгслээ болгож байна.
  2. Хөдөлмөрийн хуулинд шинээр ажилд орж буй хүний туршилтын хугацааг 3 сар байхаар хуульчилсан. Гэтэл МУИС-д гурван жил туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчид байна.
  3. Нэр бүхий багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр баталгаажсан байтал түүний эрхийг сэргээхгүй хохироосоор байна. ХЭҮК энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан боловч бас л үл тоомсорлож байна.
  4. Монгол Улсын ирээдүй нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийн гарт байгаа нь эргэлзээгүй. Монгол Улсын үе үеийн удирдагчид боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж хойч үедээ илүү их боломж олгохын тулд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг сургаж ирсэн нь их зохиолч Д.Нацагдоржийн үеэс улбаатай. Орчин цагийн ийм хөтөлбөрүүдийн тод жишээ нь Япон улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжил эзэмшсэн докторуудаа дэмжихийн оронд тэднийг ажилд авахгүй зүйл бүрээр хавчин хяхах ажлыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хийж байна.

Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, Монгол Улсын Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.

Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон Монгол Улсын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.

МУИС-ийн Багш нарын холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж