АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/ өчигдөр /2021.04.27/ Covid-19-ийн үед дагаж мөрдөх зөвлөмжөө шинэчилжээ. Шинэ журмын дагуу Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан иргэд гадаад орчинд амны хаалтгүй явах боломжтой болсон байна.
Ингэхдээ зөвхөн ганцаараа эсвэл адилхан вакцинжуулалтад бүрэн хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт байхдаа амны хаалтгүй зорчихоор заажээ. Мөн гадаад орчинд олон хүн цугларсан газарт байхдаа агаар солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болох юм байна.
Харин дотоод орчинд болон олон хүн цугларсан газарт амны хаалт зүүх журам хэвээр үйлчлэх гэнэ.
АНУ-д одоогийн байдлаар вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн тоо 141 сая буюу хүн амынх нь 42 хувьд хүрчээ. Үүнээс 95 сая нь хоёр дахь тунгаа хийлгэж бүрэн дархлаатай болсон аж. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа тухайн хүнд бүрэн дархлаа үүссэнд тооцож байгаа билээ.
Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден энэ журмыг маш том дэвшил хэмээн сайшаагаад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах нь эх оронч үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ