Хашаандаа сайхан амьдрах боломж бий гэдгийг үлгэрлэж яваа нэгэн хөдөлмөрч иргэний цахим хуудас дахь зургууд олон хүмүүсийн талархлыг хүлээжээ. Энэ хүн бол Өмнөговь аймгийн иргэн Б.Чинбат. Түүнтэй хашаагаа хэрхэн тохижуулж, говь нутгийн хөрсийг хэрхэн зүлэгжүүлж, мод тарьсан талаар ярилцлаа.
-Говь нутагт хашаагаа зүлгэжүүлж сайхан амьдарч буй зургийг нь олон нийтийн сүлжээнээс харлаа. Та мөрөөдлийнхөө ногоон байгууламжийг хэрхэн байгуулах болсон түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу?
-Миний хувьд эхнэртэйгээ зөвлөлдөн 2013 онд нийтийн орон сууцнаас хашаанд амьдрахаар одоогийн амьдарч буй газраа худалдан авсан. Хашаа хатгаж, байшингаа барьсны дараа жилээс нь мод тарьж эхэлсэн юм. Би хөдөө төрж өссөн учраас хашаанд өөрийн хүссэн орчинг бүрдүүлж тааваараа амьдарья гэж зориг шулуудсан. Эхний ээлжинд салхинаас хамгаалах бага зэргийн говийн унаган моднуудыг тарьсан маань сайхан ургаж урам өгч, цаашлаад хашаагаа нийтээр нь тохижуулах их ажил эхэлсэн дээ.
–Амьдрах орчноо өөрчилж, түүнээсээ урам зориг авах нь сайхан байх даа?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт олон хүнтэй харьцаж, ажилладаг. Хашаан дахь мод бут, цэцэг ногоондоо цаг зарцуулах нь стрессийг арилгаж, эрч хүч өгч, сүүлдээ энэ маань хобби болсон. Мэдээж нийтийн байранд байснаас хашаа байшинд амьдрах нь хавьгүй илүү, орон зай, орчин байдал, цаашлаад эрүүл мэндийн хувьд давуу талтай санагддаг.
-Гэр хорооллын орчинд 0.7 га газарт ногоон орчныг бүрдүүлнэ гэхээр зарим хүн итгэхгүй байх шиг?
-Нэг айлын хашаанд зөв төлөвлөлт хийвэл ногоон орчин болгох боломжтой. Хамгийн чухал нь зохион байгуулалт төлөвлөлтөө гаргаад зөв дэс дараалалтайгаар хийх нь чухал. Хашаагаа сайхан тохижуулъя гээд л нэг дор бүгдийг нь хийнэ гэж байхгүй юм билээ. Тиймээс эхлээд юуг хийх, дараа жил нь алиныг нь хийх гэдгийг сайтар төлөвлөж мөн өөрийн нөөц бололцоондоо тааруулах нь чухал гэж боддог.
-Говь нутагт мод тарих, ногоон орчныг бүрдүүлэх гэдэг их хөдөлмөр шаарддаг уу. Нийт хэчнээн га газарт ямар төрлийн мод, ургамал тарьсан бэ?
-Говь нутагт очиж үзээгүй зарим хүн дан элсэн цөл гэж ойлгодог. Тийм биш шүү дээ. Говьд маань нартай дулаан байдаг учраас мод ургамал ургах тааламжтай хугацаа хангалттай их байдаг. Харин хамгийн чухал нь усны асуудал. Мэдээж уйгагүй бөгөөд шаргуу зүтгэл нэмэгдвэл говийг хангай болгох, ногоон бүс болгох боломжтой. Миний хувьд гурван га газрыг хоёр хэсэгт хуваасан.
Байшинтай хэсгийг дан гоёлын мод бут, гадна тохижилтын голт бор, шар хуайс, хайлаас, гацуур, агч, улиангар, паркын сарнай, сондууль, жигд зэргийг тарьж засч хэлбэржүүлэн ургуулж байна. Нөгөө хэсгийг хашаанд ургах боломжтой торниун, бэсрэг, давжаа алимнууд, чавга, монос, өрөл, чацаргана, үхрийн нүд, долоогоно, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, жигд зэрэг мод тарьж байна. Одоо мод нэмж тарих талбай бага үлдсэн.
-Зарим хүн энэ бол мөнгөтэй хүний ажил гэдэг. Нууц биш бол хэр мөнгө зарцуулж хашаагаа тохижуулсан бэ?
-Тухайн хүнээс л шалтгаалах байх. Мэдээж хувийн хашаа, байшин учир бүх зүйлийг өөрөө хийж, халаалт, цэвэр бохир ус, тог цахилгаан гээд бүгдэд мөнгө зарах нь тодорхой. Мөн ямар нэгэн асуудал гарахад гэрийнхээ хэмжээнд шийдэж чаддаг мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайлбал, анх туршлагагүйтэж өвөл хэрэглээний гүний худгаа хөлдөөж гэсгээх гэж нэлээд ажил болсон. Үүнээс гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны гэмтэл зэргийн асуудал үүсвэл өөрөө засварлах хэрэгтэй. Энэ талаар нь бодоод үзвэл, орон сууц нь хавьгүй амар. Гэхдээ асуудал хэсэг хугацааны дараа шийдэгддэг. Ер нь эргээд бодсон ч хашаа, байшинд амьдрахыг илүүд үздэг дээ.
Эхлээд нэлээд нүсэр болгох гэж бодсон нь зардал өндөртэй болсон тул санаагаа өөрчлөөд жил жилд бага багаар тохижуулсан. Аль болох байгалийн чулуу, шавар зэргийг өнгө төрх, донжийг нь олж тохижуулахыг илүүд үзсэн.
Харин модны суулгацын хувьд хотын “Ногоон харш” гээд мэргэжлийн үржүүлгийн газраас худалдаж авдаг. Эхний жилдээ модонд мөнгө хайрлалгүй гоёлын, өнгө үзэмжтэй говьд ургах ямар л мод байна авахыг чухалчилдаг байсан. Сүүлийн үед тухайн авсан модноосоо үржүүлгэ, үрийг ашиглах боломжтой болсон тул худалдаж авах маань цөөрч байгаа. Мөнгөний хувьд өөрсдөдөө оруулж буй хөрөнгө оруулалт тул олонд зарлах хэрэггүй биз.
-Анх хашаагаа сайхан болгох эхлэлээ тавьчихаад юу гэж бодсон бэ?
-Мэдээж анхны сэтгэгдэл өндөр байсан. Шаргуу бөгөөд тууштай байвал хашаандаа сайхан амьдарч болдог л юм байна гэж өөртөө хэлсэн. Хашаандаа анхны гоёлын мод бутаа хэлбэржүүлээд гадна тохижилтоо бараг дуусгачихаад “За одоо болно доо” гэсэн чинь дараа жил нь дахиад л өөр зүйлс нэмж хиймээр бодогдсон. Тэгээд л хийсээр байгаад өдий зэрэгтэй болгосон доо.
–Хөл хорионы хугацаанд хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байна. Энэ хугацаанд айлууд хашаагаа тохьтой, мод бутаар дүүрэн болгоход хамгийн эхлээд юуг анхаарах вэ?
-Хөл хорио нэг талаасаа хашаа, байшинд амьдардаг хүмүүсийн хувьд маш их боломж олгож байна. Хашаагаа тохижуулах, засч янзлахаас эхлээд хийх ажил их. Миний зүгээс зөвлөхөд хамгийн эхлээд төлөвлөлтөө л сайн хийх хэрэгтэй. Ямар модыг хаана тарих, ямар бүтээн байгуулалтыг хаана хэрхэн хийх вэ гэдгээ төлөвлөх нь маш чухал юм билээ. Түний дараагаар өөрсдийн боломж, мөн усан хангамждаа тааруулаад мод бутаа тарих нь чухал.
-Өмнөговь аймагт танайхтай ижил хашаагаа сайхан тохижуулсан айл хэр олон байдаг вэ?
-Миний хувьд мэргэжлийн бус өөрийн сонирхлын дагуу л яваа хүн. Гадна тохижилт, гоёлын мод бутыг хэрхэн хэлбэржүүлж хашаандаа өнгө үзэмж оруулах, хашаандаа алим жимс хэрхэн тарьж ургуулах вэ гэдэг чиглэлээр ном сэтгүүл, интернет, хүмүүсээс суралцаж л яваа нэгэн. Өөрийн хэмжээнд сонирхсон хүнд өөрийн туршлагаа хуваалцдаг. Манай говийнхон их ажилч хичээнгүй хүмүүс.
Говийн жижиг булгийг хайлаас төрөл бүрийн модод бүхий төгөл болгосон гавьяат Д. Бараадууз гуай, ногоон ой, загийн төгөл бүхий олон мянган га газар бүхий “Ногоон хэрэм”-ийг бий болгосон, улсын аварга тариаланч Ч.Одсүрэн ах гээд дурдаад байвал говь нутгаа ногоон төгөл болгосон, олон мянган суулгацуудыг бэлтгэн гаргасан бахархалт хүн олон бий. Сүүлийн үед хашаагаа тохижуулах, ногоон орчинг бий болгох залуу гэр бүл, ажилсаг хүмүүс нэмэгдэх болсон нь сайшаалтай санагдаж байна.
–Зүлэг ногоогоо арчлах ажилд олон хүний тусламж хэрэг болдог байх. Гэр бүлийнхэн тань хэр их туслаж, дэмждэг вэ? Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Мэдээж, хавар намрын улиралд гадна хашаагаа зун болон өвөлд бэлтгэх гээд хүний туслалцаа их хэрэг болно. Зундаа бол усалгаа хэлбэржүүлэлт, өвөлдөө бол модоо цасаар манахаас өөр арчилгаа байхгүй. Энэ бүхэнд гурван хүүхэд, эхнэр маань л туслана даа. Бид долоо хоногийн нэг өдрийн субботник зарладаг. Манай эхнэрийг С.Номинцэцэг гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Гурван хүүхэд маань одоогоор сургуульдаа онлайнаар суралцаж байна.
-Цаашид хашаанаасаа гадна тохижуулна гэж бодсон газар бий юу?
-Байлгүй яахав. Аймгийн төлөөлөгчийн хувиар Даланзадгад хотын маань нэрийн хуудас болсон “Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн”-г алтан хөрш Х.Түмэндэлгэр ахтайгаа санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь говийн унаган мод бутнаас бүрдсэн, иргэд амрах зугаалах орчин юм.
Явган болон гүйлтийн зам, амралт бясалгалын цэгүүд, усан толио, шувуу ажиглах талбай, иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах болон говийн байгаль экологийн мэдээллийн төв бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг есөн га газарт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ сайхан ногоон бүтээн байгуулалтыг бий болгох нөхцөл боломжийг хангаж буй нийт хүмүүсдээ талархал илэрхийлье. Харин залуу гэр бүлүүдэд хандаж хашаанд амьдарч, мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж амьдраарай гэж хэлмээр байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ