Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хагас шигшээ шатны тоглолтууд эхэллээ. Өчигдөр/2021.04.27/ хагас шигшээн эхний тоглолт Испанийн Мадрид хотод явагдаж, Реал Мадрид болон Челси багууд 1:1 гэсэн харьцаатай тэнцэв. Харин өнөөдөр ПСЖ болон Манчестер Сити багууд Парис хотноо тоглоно.
ПСЖ – МАНЧЕСТЕР СИТИ ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр ПСЖ-ийн ахлах дасгалжуулагч Маурисио Почеттино “Хоёр багт хоёуланд нь л тоглолтыг 90 минутын турш удирдах чадвартай гайхалтай тоглогчид бий. Үнэхээр хүнд, өрсөлдөөнтэй тоглолт болох байх. Сити бол дэлхийн шилдэг дасгалжуулагчаар удирдуулсан гайхалтай баг. Мэдээж тэд Байерн Мюнхенээс дутахааргүй өрсөлдөөнийг үзүүлэх байх. Юу болохыг харцгаая. Өмнө нь урьдчилж хэлж мэдэхгүй юм. Хамгийн чухал нь нийт 180 минутын тоглолт аль баг финалд шалгарахыг шийдэх учир бид илүү баг нь байх ёстой” гэв.
Харин Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “ПСЖ 90 минутын турш хамгаалдаг багуудтай тоглодог байсан учир тэд аргыг нь олчихдог байсан. Тиймээс бүх зүйл нь тэнцүү багийн эсрэг бид хамгаалж тоглох нь утгагүй. Тэдний довтолгооны шугамын хүчирхэг бүрэлдэхүүнийг би мэднэ. Гэхдээ бид УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд тоглож байна. Юу болохыг төсөөлж байна уу? Энэ тоглогч хэр сайн бэ, яаж тэднийг хожих вэ гэж би лав 90 минутын турш тоглохгүй. Би Йохан Кройфоос суралцсан хүн. Зүгээр л хөлбөмбөгөөс таашаал авч, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Шилдэг тоглогчид л тоглолтоос таашаал авч авдаг. Учир нь тэд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг. Иймээс хамгийн агуу тамирчид энэ тэмцээнд түрүүлдэг” хэмээн ярьжээ.
Боломжит гарааны бүрэлдэхүүн:
ПСЖ: Навас, Флорензи, Маркиньос, Кимпембе, Диалло, Гейе, Парадес, Ди Мариа, Вератти, Неймар, Мбаппе
Манчестер Сити: Эдерсон, Уолкер, Стонес, Рубен Диас, Кансело, Родри, Гюндоган, Махрез, Де Брюйне, Фоден, Бернардо Силва
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УРЬДЧИЛСАН ТААМАГЛАЛ
Пари Сен Жермен (ПСЖ)-ийн сурвалжлагч Крис Бөрк:
-ПСЖ өмнөх улиралд нь финалд хожигдоод дараа улирал нь дахин финалд шалгарсан зургаа дахь баг болоход ердөө ганц л даваа үлдлээ. Гэхдээ өмнөх шатанд цомыг хамгаалагч Байерныг хожиж чадсан учир энэ удаагийн учраагаа ч давчих байх гэж бодож байна. Өнгөрсөн амралтын өдөр бэртэл авсан Мбаппе энэ удаагийн тоглолтод оролцоход бэлэн юм шиг харагдсан. Нэг санаа зовоож байгаа асуудал нь ПСЖ энэ улирал талбайдаа орон гаран тоглолтыг үзүүлж байгаа.
Манчестер Ситигийн сурвалжлагч Маттью Ховарт:
-Ситид Европын аль ч багийг хожих хувийн ур чадвартай тоглогчид болон нэгдмэл баг байна. Гэхдээ тэд Гвардиолагийн удирдлага дор анх удаагаа УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч байгаа учир сэтгэл зүйн асуудал тулгарч магадгүй. Ийм хол ирээд буй Гвардиола ч баг нь өнгөрсөн жил финалд хүрсэн багийг зүгээр ялчихгүй гэдгийг сайн мэдэж байгаа.
Хөлбөмбөгийн аналистууд, сэтгүүлчид дээрх хоёр багийн тоглолтыг 2-1 эсвэл 2-2 гэсэн харьцаатай өндөрлөнө гэж үзэж байна. Ялангуяа ПСЖ-ийг талбайдаа 2-1 гэсэн харьцаатай хожно гэж ихэнх мэргэжилтнүүд таамаглажээ. Хоёр багийн хувьд хоёулаа л Араб эздийнхээ их мөнгөн дээр боссон. Араб эзэнтэй Манчестер Сити анх 2011 онд Премьер лигт түрүүлснээсээ хойш л УЕФА Аваргуудын лигийн гол фаворит багаар нэрлэгдэж ирсэн. Гэвч хамгийн том амжилт нь хагас шигшээ шат. Энэ удаад дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Пеп Гвардиолатай дахин хагас шигшээ шатны өмнө ирлээ.
Харин Катар эзэнтэй ПСЖ өнгөрсөн жил атгаа алдсан цомоо хүртэх хүсэлтэй. Неймар, Мбаппе хоёр энэ улирал аваргуудын лигт онцгой байгаа. Тэднийг энэ удаад Томас Тухель бус Маурисио Почеттино удирдаж буй. Цагтаа Тоттенхэмийг дасгалжуулж, Манчестер Ситигийн учрыг олон, финалд шалгарч байсан Почеттиногийн хувьд том тэмцээнд түрүүлж үзээгүй яваа.
РЕАЛ МАДРИД 1 – 1 ЧЕЛСИ
Реал Мадрид талбайдаа Английн Челсиг хүлээн авч, 1 – 1 гэсэн харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Гоолуудыг Реал Мадридаас Карим Бензема, Челсигээс Кристиан Пулисич нар оруулав. Тактикийн хувьд Зидан гэхээсээ илүү Тухель бэлдсэн нь анзаарагдсан. Реал Мадрид ч сүүлийн жилүүдэд аваргуудын лигт түрүүлээд үзчихсэн, гол тоглогчид нь олон жил хамтдаа тоглоод том тэмцээний утаа үнэрлэсэн гэдэг утгаараа хохирол багатай гарлаа. Хоёр багаас онцлох тоглогчид гэвэл Реал Мадридын төвийн хамгаалагч Милитао болон Челсигийн хагас хамгаалагч Н’коло Канте нарыг дурдах нь зүйтэй.
Эхний алдсан гоолыг эс тооцвол Милитао Челсигийн сөрөг довтолгоог зогсоож, хоёрдугаар давхарт онцгойрч байлаа. Харин Н’коло Канте Реал Мадридын төвийн их гурвал болох Кроос, Модрич, Каземиро гурвыг ээлж дараалан зогсоож, хамгаалалт, довтолгоонд жигд тоглолтыг үзүүлэв. Энэ ч утгаараа тэрбээр энэхүү тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Үр дүнгийн тухайд хоёр баг хоёулаа л хүссэн үр дүнгээ авлаа. Реал Мадрид Серхио Рамосын эзгүйд нэг гоол алдана гэдэг сайн зүйл. Нөгөө талд Челси айлын талбайд нэг гоол оруулсан гэх чамлахааргүй үзүүлэлттэй Лондон руу буцаж байна.
Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногийн Лхагва гаригт Английн Лондон хотноо болно.
Холбоотой мэдээ