“Бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдол буурахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

“Бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдол буурахгүй байна”

“Бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдол буурахгүй байна”

Ахуйн хүрээний осол гэмтэлд өртөж буй бага насны хүүхдийн тоо урин дулааны улиралд эрс нэмэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон өдрүүдэд бага насны хүүхэд хохирсон ахуйн осол гэмтэл, түүний шалтгаан, нөхцөлийн талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч М.Мөнхдэлгэрээс тодрууллаа. 


-Сүүлийн үед хүүхдийн осол гэмтэл, тэр дундаа ахуйн ослын улмаас бага насны хүүхэд бэртэх тохиолдол хэр их бүртгэгдэж байна вэ. Дийлэнх тохиолдолд юунаас үүдсэн гэмтэл байдаг вэ?

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор насанд хүрсэн хүмүүсийн бэртэл, гэмтэл тодорхой хэмжээнд буурсан. Харин ахуйн ослын улмаас бэртэж буй бага насны хүүхдийн тоо буурахгүй байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-19-ний өдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-ийн Яаралтай хүлээн авах тусламжийн тасгаар нийт 1945 хүн үйлчлүүлсний 822 нь 0-18 насны хүүхэд байгаа юм.

Эдгээрийг задалбал, гэрийн тавилга, халуун уснаас шалтгаалсан 114, авто ослын шалтгаант өртөж гэмтэл авсан 132 хүүхэд хандсан. Хөл хорионы үед орноос унасан, хүүхдээ тэврэх үедээ унагаасан гэх мэт уналтын шалтгаант осол зонхилж байгаа.

-Бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдол зонхилж байна гэлээ. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагатай холбоотой байх?

-Улсын хэмжээнд өнгөрсөн онд уналтын шалтгаант 60524 тохиолдол бүртгэгдсэн. Ер нь уналтын шалтгаант өвчлөлийг насны бүлгээр авч үзэхэд 0-4 насны хүүхдүүд тохиолдлын тоогоор тэргүүлэх хандлагатай байдаг. Дөрөвдүгээр сарын 10-19-ний хооронд нийт ес хоногийн хугацаанд 409 хүүхэд уналтаас болж ГССҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасагт хандсан.

Хүүхэд бэртэж гэмтэх эдгээр тохиолдол буурахгүй байгаа нь орчны аюулгүй байдал, эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагатай шууд холбоотой асуудал. Хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байгаа эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах бүрэн боломжтой.

Гэтэл телевиз үзэж, гар утас руугаа хэдхэн секунд анхаарлаа шилжүүлэх хооронд хүүхэд нь унаж бэртэх тохиолдол гарч байна. Хүүхдийг унагааж бэртээх нь тархины гэмтлийг бий болгодог. Харин тоглоомын талбайд тоглох үедээ гар, хөлөө хугалсан зэрэг тохиолдол нь мөчдийн гэмтэлд хамаардаг.

-Өсвөр насны хүүхэд осол гэмтэлд өртсөн тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Хөл хорио тогтоосон энэ үед зам тээврийн ослын тоо буурсан. Харин унадаг дугуйнаас унаж бэртэх нь элбэг байна. Хүүхэд насанд хүртлээ эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой. Гэтэл өсвөр насны хүүхдийг анхаарлын гадуур орхисноос бэртэж, гэмтэж тохиолдол нэлээн их гардаг.

-Харин түлэгдэлтийн шалтгаант ослын хувьд?

-Халуун тогоонд түлэгдэх тохиолдол багассан. Гэхдээ бага насны хүүхэд плитка, пийшинд гараа түлэх, өөр лүүгээ халуун хоол унд асгаж, түүндээ түлэгдэх тохиолдлууд бүртгэгдсээр байгаа. Дөрөвдүгээр сарын 10-19-ний хооронд түлэгдэлтээс болж 0-18 насны 68 хүүхэд хандсан. Эцэг, эхчүүд ус буцалгагч болон халуун шингэн зүйлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар тавих хэрэгтэй. Аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал арга.

Хоёрдугаарт, түлэгдсэн хэсэгт нохойн цус, өндөгний шар, элсэн чихэр, янз бүрийн тосон түрхлэгийг хэрэглэх буруу хандлага эцэг, эхчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг. Гэтэл энэ нь дараа дараагийн эмчилгээнд хүндрэл үүсгэдэг.

Хэрэв бага насны хүүхэд ахуйн хүрээнд түлэгдсэн бол түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн, бүлээн усаар халууныг нь саармагжуулах хэрэгтэй. Өнгөц түлэгдэлт байх тусмаа зовуур их байдаг учраас бага насны хүүхдэд өвчин намдаах лаа хийх мөн цаг алдалгүй мэргэжлийн эмнэлэгт хандах нь зүйтэй.

-ГССҮТ-д хандаж буй хүмүүс дунд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ил, шарх сорви үүссэн тохиолдол хэр бүртгэгдэж байна?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ил, далд шарх сорви авсан тохиолдол нэлээн их бүртгэгддэг. Энэ тохиолдолд тухайн хүнийг хүлээн авч үзлэг хийсэн эмч нь асуумж авч, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д бүртгүүлдэг.

Тус төвийн эмч, сэтгэл зүйч нар тухайн хүнд шаардлагатай, тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, шилжүүлдэг байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо хараа хяналтаас ихэнх осол гэмтэл шалтгаалж гарч байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж