Хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст амны хаалт хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст амны хаалт хэрэгтэй юу?

Хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст амны хаалт хэрэгтэй юу?

Одоогоос жилийн өмнө цахим орчинд хүн бүр бусдад гэртээ байж, амны хаалт үргэлж зүүхийг уриалан нийтлэл бичиж, зураг оруулж, сэтгэгдэл үлдээж байлаа. Харин одоо бол цахим орчин вакцинаа хийлгэсэн хүмүүсийн зургаар дүүрч эхэлсэн байна. Энэ өөрчлөлтийг дагаад “Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүс хэзээ амны хаалтаа тайлж болох вэ?” гэдэг асуулт олны ярианы сэдэв болж байна.

Жишээлбэл, нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Би вакциныхаа хоёр дахь тунг тариулсан. Одоо нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагатай юу, ер нь хэзээ амны хаалтаа тайлж болох вэ?” хэмээн асуусанд АНУ-ын халдварт өвчин судлал, сэргийллийн төвийн захирал Рошель Уаленски “Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэнд баяр хүргэе! Гэхдээ та гэрээсээ гадуур гарахдаа, ялангуяа нийтийн тээвэрт ам, хамраа бүрэн халхалсан амны хаалт тогтмол зүүх шаардлагатай. Энэ байдал нийт ард иргэдийн ихэнх хувь дархлаатай болтол үргэлжилнэ. Гэхдээ чухам хэзээ амны хаалтнаас салж болохыг бид одоохондоо нарийн хэлж мэдэхгүй байна” хэмээн хариулжээ.

Тус төвийнхний мэдээлснээр вакциныхаа сүүлийн түнг хийлгэснээс хойш дор хаяж хоёр долоо хоносон хүнийг бүрэн дархлаажсан хэмээн тодорхойлох аж. Мөн ийнхүү бүрэн дархлаажсан хүн дотор орчинд бусад бүрэн дархлаажсан хүмүүстэй цөөхүүлээ цуглан уулзахдаа амны хаалт зүүхгүй байж болох гэнэ. Түүнчлэн бүрэн дархлаажсан хүмүүс вакцин тариулаагүй гэр бүлийнхэн дээрээ айлчилж болох гэнэ. Тэгэхдээ тухайн айлд цар тахлын халдвар авбал маш хүндээр өвчлөх эрсдэл өндөртэй хүн бий эсэхийг бодолцон үзэж байж амны хаалтаа тайлах бөгөөд зай барих дүрмээ дагах хэрэгтэй аж. Халдварт өвчин судлаач мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрх нөхцөл байдалд халдвар тараах эрсдэл маш бага хэдий ч тэг хувь биш тул болгоомжтой байж, урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Учир нь бүрэн дархлаажсан хүн ч вирус тээгч болох бага хэмжээний эрсдэл бий бөгөөд гадна орчинг бодвол дотор орчинд вирус тархах, наалдаж үлдэх эрсдэл ихтэй юм.

“ГЭХДЭЭ ГАДААД ОРЧИНД БАЙЛАА ГЭЭД ХАЛДВАР ТАРАХ ЭРСДЭЛ ОГТ ҮГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ"

Калифорни мужийн Сан Францискогийн их сургуулийн халдварт өвчин судлаач профессор Жорж Ратерфорд “Гэхдээ гадаад орчинд байлаа гээд халдвар тарах эрсдэл огт үгүй гэсэн үг биш. Тиймээс аливаа улсын нийт хүн амын 70 болон түүнээс дээш хувь нь бүрэн дархлаатай болохоос нааш олон нийтийн газруудад амны хаалт зүүсэн хэвээр байх нь зүйтэй” хэмээн ярьжээ.

Стэнфорд их сургуулийн клиникийн профессор Викторий Уард “Бүрэн дархлаажсан хүн вирус тээгч болж болно. Гэхдээ түүнээсээ болж өөрөө өвчлөх эрсдэл маш бага. Тиймээс гадаад орчинд бол бүрэн дархлаажсан хүнээс халдвар авах эрсдэл маш бага. Гэхдээ тэг хувь гэсэн үг биш. Хэдий тийм ч эрсдэлийг маш бага болгож байгаа нь халдварын тархалтыг хумихад асар чухал ач холбогдолтой” хэмээн тайлбарлажээ.

Бүрэн дархлаажсан хүн вирус тээгч болж болно. Гэхдээ түүнээсээ болж өөрөө өвчлөх эрсдэл маш бага.

ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?

Олон улсын мэргэжилтнүүд аливаа улсын нийт хүн амын 60-70 хувь болон түүнээс дээш хэсэг нь бүрэн дархлаажсан үед сүргийн дархлаа тогтсон хэмээн үзнэ хэмээн тодорхойлжээ. Гэвч хүүхэд болон өсвөр настнуудад зориулсан вакцин гараагүй өнөөгийн байдлаар бол дээрх хэмжээнд хүрнэ гэдэг бараг боломжгүй зүйл юм.

Тиймээс вакцин бүтээгч нар хүүхдэд зориулсан вакцин бүтээх ажилдаа ханцуй шамлан орохын сацуу эрх баригчид одоо буй вакцинуудыг 12-15 насныханд тарихад аюулгүй эсэхийг батлахаар ажиллаж эхэлсэн байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар одоо буй зарим вакциныг 12-15 насныханд тарих зөвшөөрөл олгох ажил хэдэн долоо хоног үргэлжлэх гэнэ. Түүнээс гадна АНУ-ын Энтони Фаучи 2022 он гэхэд бүх хүүхдүүдийг вакцинжуулах боломжтой болно хэмээн зарласан билээ.

АНУ-ЫН 13 МУЖ АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

АНУ-д Техас, Нью Хэмпшайр тэргүүтэй нийт 13 муж дотооддоо амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн байна. Техасын захирагч, Бүгд найрамдах намын Грег Абботт мэргэжилтнүүдийн анхааруулгыг үл тоон аль гуравдугаар сарын эхэнд муждаа амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн юм. Тухайн үед олон хүн, тэр дундаа Ерөнхийлөгч Жо Байден түүнийг шүүмжлэн “Неандерталь шиг сэтгэж дэндүү том алдаа гаргаж байна” хэмээж байсан аж. Гэвч бодит байдал дээр дээрх шийдвэрийн дараа тус мужид цар дахлын халдварын тоо нэг их өсөөгүй гэнэ.

Гэвч дээрх жишээ бол амны хаалт зүүхгүй байх нь аюулгүй гэдгийн баталгаа болоход хангалтгүй юм. Жон Хопкинс төвийн ахмад судлаач Амеш Адальяа “Амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн гэдэг нь хүн бүр амны хаалтаа зүүхээ болино гэсэн үг биш. Түүнээс гадна Техас муж бол цар тахлаар нас барагсдынхаа тоогоор АНУ-д гуравдугаарт бичигддэг. Тиймээс тус мужид байгалийн жамаар сүргийндархлаа тогтож эхэлснийг вакцинжуулалт улам дэмжсэн байж магадгүй” хэмээн тайлбарлажээ.

Түүний хэлснээр бүрэн дархлаажсан хүмүүсийг дархлаа суугаагүй хүмүүсээс хараад шууд ялгах нь боломжгүй тул дээрх байдлаар эрсдэл гаргах нь дэндүү аюултай юм.  Тэрбээр “Амны хаалтаа тайлахын тулд хийх ёстой хамгийн зөв зүйл бол илүү олон хүн бүрэн дархлаатай болохыг хүлээх юм” хэмээн хэлжээ.

Амны хаалтаа тайлахын тулд хийх ёстой хамгийн зөв зүйл бол илүү олон хүн бүрэн дархлаатай болохыг хүлээх юм.

Эх сурвалж: MARKETWATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж