Цар тахлын үед зах зээлд гарч буй шударга бус өрсөлдөөний талаар ШӨХТГ-ын (Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар) дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд танайх “Хүчит шонхор” зах дээр л сайн ажиллаж байх шиг байна. Харин бусад салбарт хийсэн шалгалт харагдахгүй байна. Тэгэхээр цар тахлын үед аль салбар, аль чиглэлд шударга бус өрсөлдөөн их гарч байна вэ?
-“Хүчит шонхор”-оос гадна зах худалдааны 57 төв байгаа. Эдгээр төв болон 3500 орчим супермаркет, мини маркетуудад шалгалт явуулж байна. Мөн Эрдэнэт хотод, Өвөрхангай аймагт ажиллаж байна. Түүнээс гадна тулгамдсан 76 асуудалтай холбоотой ажлууд хийж байна. Тухайлбал, такси үйлчилгээний стандартыг өөрчлөх асуудал байна. Мөн согтууруулах ундаа буюу архи пивоны судалгааг хийж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. Мөн ноос, ноолуурын зах зээл дэх судалгааг хийж байгаа. Энэ хоёр салбарт хоёуланд нь монополийн асуудал байгаа. Үүнтэй холбоотойгоор зах зээлийн судалгаа хийсэн, холбогдох ажлуудыг хийж байна. Мөн онгоцны түлштэй холбоотой шалгалтууд байна.
Шатахуунтай холбоотой асуудлыг төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгтгээд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц, шатахуун нийлүүлэгч компани, шатахуун үйлдвэрлэгч компаниудад шалгалт хийсэн. Дүн нь гараад эхэлсэн. Удахгүй дүнг нэгтгээд мэдээлнэ. Олон сувагтай холбоотой зах зээлийн судалгааг хийж дууссан. Мөн Пүрэв гаригийн хуралдаанаар давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тогтооно. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар заалт буюу давамгай байдалтай аж ахуйн нэгж давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэсэн тодорхой хэмжээний хязгаарлалт руу ордог.
-Цар тахлын энэ үед нэг өдөр ч өнжилгүй ажилласан газар бол хүнсний дэлгүүрүүд. Гэтэл хөл хорио тогтоох сургаар хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүний үнээ өсгөдөг нь нууц биш. Сургаар үнээ өсгөдөг эдгээр газруудад шалгалт хийсэн үү, ямар зөрчил илэрч, ямар арга хэмжээ авсан бэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Үүнээс хойш таван удаа хөл хорио тогтоосон. Хөл хорионы хугацаанд бүх аж ахуйн нэгж байгууллага, дэлгүүрт шалгалт хийж, зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа. Эхний хөл хорионы үед 143 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ мөнгө төрийн санд төвлөрөөд эхэлсэн. Хоёр аж ахуйн нэгжийнх шүүхийн шатанд, бусад аж ахуйн нэгжид шүүхийн албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд эхэлсэн хатуу хөл хориотой холбоотойгоор бид “Хүчит шонхор” захын 46, 47 дугаар лангууг үнэ хөөрөгдсөн, иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийн маргааш үнээ огцом нэмсэн гэх шалтгаанаар тус бүр хоёр сая төгрөгөөр торгосон. Энэ мөнгө төрийн санд төвлөрсөн байгаа. Хятадаас оруулж ирсэн жимсийг өөр улсын нэрээр худалдаалсантай холбоотойгоор "Emart" худалдааны төвийг 20 сая төгрөгөөр торгосон. Ноёлох үйл ажиллагаа явуулсан тул “Хүчит шонхор” захыг өнгөрсөн жилийн нийт орлогоос 29 сая төгрөгөөр торгосон.
Засгийн газар энэ удаад биднийг аль болох торгуулийн арга хэмжээ авахгүй байхыг сануулж байгаа. Тиймээс бид зөвлөн туслах, албан шаардлага хүргүүлэх, байнга зөвлөх байдлаар ажиллаж байна.
Ингэснээр хаврын энэ үед махны үнийг тодорхой хэмжээнд барьж байна. Ингээгүй бол килограмм тутам нь 25-30 мянгад хүрэх байсан махыг 15-16 мянгад барьж байгаа.
-Жил бүр хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг ярьдаг. Үүнтэй зэрэгцээд танайх ч шалгалт эхлүүлдэг. Гэвч шалгалтын үр дүнг тодорхой тайлбарлалгүй тэгсхийгээд намжаадаг болж. Хуурамч шатахуунд хамгийн сүүлд хийсэн шалгалтын дүн яг хэзээ гарах вэ?
-ШӨХТГ дэргэдээ лабораторигүй, Мэргэжлийн хяналт, Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториудад дээжүүдээ хуваарилаад өгчихсөн, одоо хариуг нь хүлээж байна. Үнэхээр хуурамч шатахуун Монгол Улсад байна уу үгүй юу, шатахууныг үйлдвэрлэхдээ керосин, болон бусад түүхий эдийг холихдоо октан хэмжээнд тохируулж байна уу үгүй юу гэдэг дээр бид ажиллаж, хяналт шалгалтыг явуулж байна. Лабораторийн дүн эхнээсээ гараад эхэлсэн. Эцэслэгдээгүй байна. Лабораторийн дүнд үндэслээд бид хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Хуурамч шатахуунтай холбоотой шалгалтын дүн удаж гардгийн шалтгаан нь зөвхөн лабораторитой холбоотой юу эсвэл өөр зүйл нөлөөлж байна уу?
– Дүн удаад байгаа шалтгаан нь лабораторитой л холбоотой.
-Чанаргүй шатахуунаас болж машин эвдэрч, хэмхэрч байгааг олон жолооч гэрчилдэг. Монголын шатахуун импортлогчид яагаад хуурамч шатахуун оруулж ирдэг юм бол. Магадгүй энэ тохиолдолд тооцох хариуцлага нь хөнгөн байдагтай холбоотой юу?
-Монгол Улсад хуурамч шатахуун байгаа эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Мөн хуурамч шатахуун оруулж ирдэг нь бүр тогтоогдоогүй зүйл. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхлүүлсэн хяналт шалгалтаар Монгол Улсад шатахуун түгээж, борлуулж байгаа компаниудын шатахуун октандаа хүрэхгүй буюу чанарын стандартын асуудал яригдсан. АИ92 87, 89-тэй байсан тохиолдол бий.
Бүх шатахуун түгээх станцууд тухайн шалгалтад бүдэрсэн. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсад шатахуун оруулж ирж байгаа буюу импортын гол компани болох “Роснефть”-ыг шалгаж өгөхийг хүссэн.Үүний дагуу Засгийн гараас томилогдсон баг гарч, “Роснефть” компанийн шатахууныг орж ирж байхад нь буюу вагон дээрээс нь дээж авсан. Гэвч Ашигт малтмал газрын тосны газрын лабораторийн тоног төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор шалгалтын дүн гараагүй.
Бидний сая хийсэн шалгалтын хүрээнд мөн компани болгоны оруулж ирж байгаа шатахуун, “Роснефть”-ийн шатахуунаас ч дээж авсан. Одоо лабораторийн хариуг хүлээж байна.
-Танай газарт өдөрт хэдэн гомдол, дуудлага ирдэг вэ. Эдгээр дуудлагатай холбоотой арга хэмжээг цаг алдалгүй авч чадаж байна уу?
-Өдөрт манайд 150-220 дуудлага ирж байгаа. Нийт дуудлагын 30 хувийг харилцаа хандлагын гомдолтой холбоотой дуудлага эзэлж байна. Энэ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор IPTV, OTT-гийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд төлбөр дээрээ 2500-3000 төгрөг нэмсэнтэй холбоотой асуудал. Гэвч энэ хууль батлагдахдаа хэрэглэгчдээс нэг ч төгрөг нэмэхгүй, дотоодоосоо буюу контент дамжуулсны төлбөр байдлаар олгогдоно гэж хэлж байсан. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналтад байдаг.
Тиймээс бид өдөр бүр ирж байгаа гомдлын 30 хувийг Харилцаа холбооны зохицуулах газар руу шилжүүлж байгаа. Контортой холбоотой гомдлууд манайд их ирдэг. Эдгээр гомдолтой холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Усны зохицуулах зөвлөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг газруудтай хамтран ажиллаж байна. Хамтран ажилладаг газрууд нь тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг мэдэгдэж эргэх холбоотой ажилладаг. Өдөрт ирж байгаа гомдлын 80 орчим хувийг бид шийдвэрлэдэг. Үлдсэн 20 хувь нь цаг хугацаа шаардсан ажил байдаг.
-Такси үйлчилгээтэй холбоотой шинэ зүйл хийж байгаа гэж дурдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Такси үйлчилгээний зах зээлийн судалгаа, стандарттай холбоотой маш олон ажлыг бид хийж байгаа.
Такси үйлчилгээ эрхлэгчид өндөр төлбөрт дугаараа ашиглаад үндсэн үйлчилгээгээ явуулах бус утасны дугаар ашиглаж төлбөр олох хэлбэр рүү орсон байсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн.
Тухайлбал, 1900-1950 такси дуудлагын утас 1800-1950 болсон байгаа. Мөн 1900-1991 дуудлагын утас 1800-1991 рүү шилжсэн. Такси үйлчилгээ явуулж байгаа бол үндсэн үйлчилгээгээ л үзүүлэх ёстой гэж харж байгаа. Тиймээс такси үйлчилгээний стандартыг өөрчилж байгаа. Тухайлбал, 100 такситай компани байгуулахын тулд 60 таксины граш барих хэрэгтэй. Мөн 10-15 такси тутамд нэг засварын газартай байх хэрэгтэй. Угаалгын газартай байхыг шаардаж байна. Энэ бүх өөрчлөлтийг хийхээр ажиллаж, санал боловсруулаад явж байна. Одоогоор 40 мянган иргэн “халтуур” нэрээр хувиараа такси ажиллуулж хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүн болгон машин барьж, замын түгжрэл нэмэгдүүлдэг байдлаас салах ёстой гэж харж байгаа.
Холбоотой мэдээ