Дуулиант хэргүүд ба шүүх хурлын шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд ба шүүх хурлын шийдвэрүүд

Дуулиант хэргүүд ба шүүх хурлын шийдвэрүүд

Олны анхаарлын төвд байгаа дуулиант хэргүүдийг тоймлон хүргэж байна. Үүнд Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор улс төр хөдөлгөөнд орж эхэлснийг илтгэх хэд, хэдэн хэрэг бий. Эхнийх нь хоёр даргатай Ардчилсан намын  /АН/ асуудал. С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааныг орлох хүнээр О.Цогтгэрэл тодорсон.  Хоёр тал хоёулаа дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн учраас Дээд шүүх асуудлыг хэлэлцэх учиртай. Тиймээс АН-1 үү, АН-2 уу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байв.

Тэгвэл өчигдөр /2021.04.27/ Дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаас АН-ын  үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус, тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцсэн.

Улмаар улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзсан байна. Үүнээс харахад дээд шүүх АН-ыг зөрчлөө дотооддоо шийдэх нь зүйтэй гэж үзсэн бололтой.

ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭ ШҮҮГЧДЭД ХҮРГҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 23-нд  Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн. Гэсэн ч шүүхэд Covid-19 халдварын тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон учраас дээрх бичиг баримтыг шуудангаар хүргүүлсэн юм. 

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр  сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ Монгол ардын намыг тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүйг онцолсон. 

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд өөрийн биеэр ирэх нь  шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нөлөөллийн үйл явц биш юм. Энэ бол захиргааны үйл явц гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй байх. Дээд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэсэн үг биш. Мэдээж хөл хорио зогссоны дараа Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа Улсын Дээд шүүхэд тайлбарлаж, уулзалт хийнэ” гэдгийг мэдэгдсэн.

С.БАЯРЦОГТ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ТОВ ХАРААХАН ГАРААГҮЙ БАЙНА

Улсын Дээд шүүх С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Одоогоор дээрх шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм.

Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус, тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг  2015 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанид давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.

С.БАЯРЦОГТ НАРЫГ ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДҮҮЛЭН ҮЗЭЛ САНААНЫ ХОРИГДОЛ БОЛГОСОН

Дашрамд дурдахад, Ардчилсан намын ээлжит бус арваннэгдүгээр хурлаас Үзэл санааны хоригдлоор тооцох тухай тогтоол гаргажээ.  Тус тогтоолд дурдсанаар  "Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засаг улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан АН-ын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг их хурлын төлөөлөгчид бид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.

Нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах ажлыг АН хариуцан ажиллана. Цаашид эрх мэдэлтний захиалгаар дээрх хүмүүсийг хэлмэгдүүлсэн АТГ-ын хариуцсан мөрдөгч, нэр бүхий прокурор, нөлөөнд автсан шүүгчдийн гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болгохыг АН-ын удирдлагад даалгах" хэмээн бичжээ.

Н.ТҮВШИНБАЯРЫН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг дөрөвдүгээр сарын 23-нд  хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг. Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа ч ухаан ороогүй байгаа юм.

“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААВ

Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи тайм” юм. Улсын Дээд шүүх “Жи тайм”-ын гэх, иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг дөрөвдүгээр сарын 23-нд хэлэлцсэн. Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагчдын нэрс, иргэний хариуцагчдаас гаргасан төлбөрийн хэмжээг зөвтгүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд. Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар таван жил хорих ял оногдуулсан юм.

  • Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 гаруй сая төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас зургаан тэрбум 800 гаруй сая төгрөг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан долоон тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11352 хохирогчид тус, тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсан. 

Э.Оюунчимэгээс:

  •  5 тэрбум 950 гаруй сая төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах,
  • Нэр дурдсан иргэний хариуцагчдаас 6 тэрбум 810 гаруй сая төгрөг гаргуулж хохирогчдод олгуулах,
  • Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11350 хохирогчид тус, тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж,
  • Зарим иргэний хариуцагчдаас гаргуулж хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Дээрх хэрэгт хууль хүчний байгууллагаас Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан. Мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан сулласан. Маженов Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байгаа учир энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан байна. Хил гаалийн лавлагаа мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй ч Монголд бий эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж