АН гадаадын лобби бүлэгтэй гэрээ байгуулсан & байгуулаагүй

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

VS

АН гадаадын лобби бүлэгтэй гэрээ байгуулсан & байгуулаагүй

УИХ-ын гишүүн Ц.Туваан  АНУ-ын "BCI" компанитай Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр сар хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан талаар өнгөрсөн долоо хоногт МАН-ын  нэр бүхий гишүүд хөндсөн. Тодруулбал, АНУ-ын Гадаадын лобби бүртгэлийн тухай хуулиар гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийх бол  тус улсын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газар буюу Сөрөх тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайтад бүртгүүлдэг аж. Ингэж бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг тул  Монголын АН-тай хийсэн 50 мянган ам.долларын гэрээ ил болжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнгөрөгч Баасан гаригт /2021.04.23 / мэдээлэл хийж, “АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар өндөр мөнгөн дүнгээр лобби бүлэгтэй гэрээ байгуулсан. Энэ нь улс төрийн хувьд ч, тэр тусгаар улсын хувьд ч тэр Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэлбэр учраас МАН санаа зовниж байна. Уг асуудлаар АН албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой” гэсэн юм.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа дээрх асуудлаарх талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

АН АНУ-ын лобби бүлэгтэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэсэн мэдээ тавигдсан. Өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш Монголын улс төрийн намын гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь “Сонгуулийн үеэр гадаад, дотоодын дэмжлэг туслалцаа авахаа больё. Сонгуулиа өөрсдөө хийж байя” гэсэн тохиролцоо байсан. Энэ тохиролцоо энэ гэрээгээр эвдэгдээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед хоёр сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Бид уг нь аймшигтай бөгөөд аюултай түүхийг давж гарч ирсэн ард түмэн. Монголчууд улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг, муудахаар гадаадынхны хүч дэмжлэг туслалцааг дулдуйддаг, татаж оролцуулдаг, үүнээсээ болж эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг XX зууныг даваад гарсан учраас улс төрийн намуудын хооронд ийм аман тохиролцоо байсан. Гэтэл энэ зөрчигдсөнд харамсч байна.

АНУ-ын Гадаадын лобби бүртгэлийн тухай 1938 оны хуулиар гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийх бол вэб сайтад бүртгүүлдэг. Ингэж бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг. Түүнийг АНУ-ын Хууль зүйн яам бүртгэдэг. АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газар буюу Сөрөх тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэ гэрээ гарч ирсэн. Америкчууд Монголын Ардчилсан намын өмнөөс өөрсдөө гарын үсэг зураад, 50 мянган ам.долларын гэрээ байгуулахгүй нь тодорхой. Мөн гэрээний зорилго нь их ойлгомжгүй байгаа юм. Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих зорилготой гэсэн гэрээ байгуулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 АН-аас хариуцлагатай хэлье. АН 50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Хэрэв андуурсан бол та залруулаарай. Ер нь бол Улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэж намуудыг хэрхэх вэ гэдгийг бүх ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж