Монгол Улсын нийгэм, эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын хөгжил, үйл аижллагааны талаархи түүвэр судалгаа-2009 он

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын хөгжил, үйл аижллагааны талаархи түүвэр судалгаа-2009 он

1. Оршил
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүүгийн үйл ажиллагааны талаар 2009 оны 9 дүгээр сард олон нийтийн дунд зургаа дахь жилдээ санал асуулга явуулж, үр дүнг өмнөх онуудтай харьцуулан дүн шинжилгээ хийлээ.
Энэ асуулгад Улаанбаатар хотын бүх дүүргүүд болон Говьсүмбэр аймгаас бусад аймгуудыг хамруулсан бөгөөд нийт 6571 иргэд оролцжээ. Үүнээс 18.3 хувь нь Улаанбаатар хотын оршин суугчид байна. Судалгаанд оролцсон иргэдийн 59 хувь нь эмэгтэй,  60 орчим хувь нь 26-45, 53.2 хувь нь дээд боловсролтой, 56 хувь хувийн хэвшилд ажилладаг. Санал асуулгад тусгагдсан 53 асуултыг агуулгаар нь ангилан 9 дэд бүлэг болгож, асуулт бүрээр дэлгэрэнгүй тайлбар, дүгнэлт өгөв.

1. Эдийн засгийн ерөнхий төлөв
2. Нийгмийн тулгамдсан асуудлууд
3. Санхүү эдийн засгийн хямрал
4. Татвар
5. Банк санхүүгийн салбар
6. Хадгаламж, хуримтлал
7. Зээл
8. Бичил санхүү
9. Жижиг дунд үйлдвэрлэл

2. Судалгааны ажлын дүн

Эдийн засгийн ерөнхий төлөв
Энэ удаагийн санал асуулгаар эдийн засгийн байдал сайжирч байна гэсэн нь хариулт нийт 6 удаагийн судалгааны хамгийн доод цэгт (12.1 хувь), муудсан гэсэн хариулт дээд цэгтээ (45.3 хувь) хүрсэн нь эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд бодитойгоор нөлөөлж буйг харууллаа.
Эдийн засгийг сэргээхийн тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих (51 хувь), зээлийн хүүг бууруулах (34.9 хувь) хэрэгтэй гэж иргэдийн ихэнх нь хариулсны зэрэгцээ уул уурхай (57.4 хувь), ХАА (33.9 хувь), боловсруулах үйлдвэрлэл (27.1 хувь) зэрэг салбарууд нь эдийн засгийн гол тулгуур болно гэж үзжээ.
Өргөн хэрэглээний барааны үнийн талаар асуухад 82.7 хувь нь үнэ өсч байна гэж хариулсан нь өмнөх жилүүдийн түвшинд байгаа бөгөөд энэ нь 2007 оны 8 сараас эхлэн инфляци эргээд 2 оронтой тоонд шилжиж цаашид өсч иргэдийн дунд хүлээлтийг бий болгосонтой холбоотой байна.

Нийгмийн тулгамдсан асуудлууд
Өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн гэсэн иргэдийн хувь энэ онд хамгийн бага (13.3 хувь), доошилсон гэсэн нь хамгийн их (34.2 хувь) байлаа. Санал асуулгад оролцсон иргэдийн 60 орчим хувь нь хүн амын ядуурал нэмэгдэж байна, 73.3 хувь нь ажилгүйдэл өссөн гэж хариулсан нь өндөр хэвээр байна. Харин ҮСГ-ын мэдээгээр Монгол улсын нэг өрхийн сарын дундаж орлого 2008 онд өмнөх оноос 37.9 хувийн өсөлттэй, зарлага нь 25.6 хувь өссөн байгаагаас үзэхэд хүн амын амьжиргааны түвшин дээшилсэн гэж хэлэх үндэслэлтэй байгаа хэдий ч иргэдийн бодит орлого төдийлөн дээшлээгүй байна. Иймээс дээрх тоо баримт нь хүн амын иргэдийн орлогын өсөлт тэнцвэргүй байгааг өгүүлж байж болох юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт нь цөөхөн хүний орлогыг хэт өсгөж, дийлэнх хүний амьдралд нөлөөлөхгүй байна гэсэн өнгөрсөн онуудын дүгнэлтэд хүргэж байна.

Санхүү эдийн засгийн хямрал
Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад иргэдийн 50 орчим хувь нь үнэ өссөн, 40 орчим хувь нь ажилгүйдэл нэмэгдсэн, 32.8 хувь нь ядуурал нэмэгдсэн гэсэн бол өөрийн өрхийн талаар хариулахдаа иргэдийн 80 гаруй хувь нь өрхийн орлогын байдал муудсан гэж хариулжээ. Өрх гэрүүд тансаг хэрэглээ, томоохон худалдан авалт хийхээ багасгаж (68 хувь), мөнгөн хуримтлал хийж (17.4 хувь), үл хөдлөх хөрөнгөө зарах (9.9 хувь) замаар хямралыг даван туулж байна гэжээ.
Дийлэнх иргэд (57.5 хувь) Оюу толгой, Таван толгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргана гэсэн нь ихэнх иргэд уул уурхайн салбар манай улсын эдийн засгийг хөгжүүлнэ гэж эхний хэсэгт хариулсантай нийцэж байна. Харин үүний хажуугаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, банк санхүүгийн салбарыг тогтворжуулах, барилгын салбарыг зогсонги байдлаас гаргахад дэмжлэг үзүүлэх зэрэг нь мөн тулгамдсан асуудлууд болж байна.

Татварын талаар
Иргэдийн 54.8 хувь нь татварын түвшин өндөр байна, 47.9 хувь татварын ачаалал нэмэгдсэн, 60.9 хувь татвараас зайлсхийх явдал нийтлэг байдаг гэж хариулсан нь өндөр хувийн жин эзэлж байгаа хэдий ч өмнөх онуудаас 10-20 нэгж хувиар буурсан нь 2006 онд татварын багц хуулинд өөрчлөлт оруулж 2007 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэнтэй холбоотой байна.

Банк санхүүгийн салбар
Иргэдийн олонх нь одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудын тоог боломжийн гэж үзэж байна. Банкны үйл ажиллагаа эргэлзээтэй гэж 52.6 хувь, банкинд итгэх итгэл буурсан гэж 22.9 хувь нь хариулсан нь хамгийн дээд цэгтээ хүрчээ. Анод, Зоос банкууд төлбөрийн чадвараа алдаж дампуурсан нь банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд эргэлзэх байдлыг нэмэгдүүлж, итгэх итгэлийг бууруулсан байна. 1996, 1998-1999 онуудын банкны хямралын дараагаар иргэдийн банкинд итгэх итгэл сэргэтэл нэлээд удаан хугацаа өнгөрсөн буюу 2002 оноос хойш бага багаар нэмэгдэж эхэлсэн нь банкны системд итгэх итгэлийг олоход нэлээд хугацаа, багагүй хөдөлмөр шаардагддаг болохыг харуулсан.
Банк санхүүгийн байгууллагуудын үйлчилгээ хүнд сурталтай, чирэгдэлтэй байна гэсэн хариулт энэ жил хамгийн дээд цэгтээ (37.5 хувь) хүрч, хувь хүнд хүрч, хэвийн үйлчилж байна гэсэн хариулт нэлээд буурч (48.5 хувь) хамгийн бага болох 2002 оны дүнтэй дөхөж очжээ.
Иргэдийн дийлэнх нь (62.2 хувь) мөнгөний хэрэгцээ гарвал банкинд хандана гэсэн хэвээр байна. Энэ нь банкууд банк бус санхүүгийн байгууллагууд болон ломбард, хувь хүнээс илүү найдвартай, хүү багатай зээлдэгч болохыг илтгэхийн зэрэгцээ банкуудын зээлийн үйлчилгээний төрөл нэмэгдэж иргэдэд илүү хүрэлцээтэй болсон, иргэд ч банкны зээлийн талаар илүү сайн ойлголттой болж буйтай холбоотой.
Иргэдээс банкнаас бусад санхүүгийн байгуулагаар үйлчлүүлдэг эсэх талаар асуухад санал асуулгад оролцогсдын 38.9 хувь нь тийм гэсэн өмнөх судалгааны дүнгээс нэлээд өсчээ. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагуудын хяналт шалгалтын системийг сайжруулсан буюу үүнийг төвлөрүүлэн гүйцэтгэх Санхүүгийн зохицуулах хороо шинээр байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрч буйтай нэг талаас холбоотой. Мөнгөний хэрэгцээ гарвал иргэдийн багахан хувь нь банк бус санхүүгийн байгууллагад хандана гэж хариулсныг санавал банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээнээс бусад үйлчилгээг иргэд илүүтэйгээр хэрэглэж байж болох юм.
Гадаадын санхүүгийн байгууллагуудыг оруулж ирэх нь ач холбогдолтой гэж 32.6 хувь хариулсан нь хамгийн доод түвшиндөө хүрчээ.
Өмнөх жилүүдэд хийсэн судалгаануудын дүнгээс үзвэл карт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч, өнөөгийн байдлаар судалгаанд оролцсонс иргэдийн талаас илүү хувь нь (56.5 хувь) карт эзэмшдэг болсон байна.

Хадгаламж, хуримтлал
Хадгаламж, хуримтлалаа банк санхүүгийн байгууллагад хадгалуулдаг иргэдийн тоо энэ жил өсч 38.8 хувь, үүнээс 80 орчим хувь нь хадгаламжаа төгрөгөөр байршуулдаг байна. Харин хадгаламжийн хүүг иргэдийн олонх буюу 56.2 хувь нь бага байна гэсэн нь өмнөх жилүүдийн түвшинд байна.

Зээл
Зээлийн хэрэгцээ байдаг гэсэн хариулт өмнөх жилүүдийн түвшинд буюу 80 гаруй хувь байхад зээлийн хүртээмж муу, зээл авахад хүндрэлтэй байдаг гэсэн хариултууд өсч 50 хариу хувьд хүрчээ. Түүнчлэн зээлийн хүү өндөр байна гэж хариулсан иргэдийн тоо өсч 70 орчим хувьд хүрчээ.
Бичил санхүү
Санал асуулгад оролцсон иргэдийн 60 орчим хувь нь бичил зээлийн талаар ойлголттой байгаа бөгөөд 40.3 хувь нь бичил санхүүгийн үйл ажиллагаа тэдний оршин сууж буй газар дунд зэрэг хөгжсөн гэж хариулсан байна. Мөн иргэдийн талаас илүү хувь нь бичил зээл авах боломжтой бөгөөд тэдгээрийн 1-2 сая төгрөгийн эх үүсвэр шаардагдаж, 9 сараас 1 жилийн хугацаа хамгийн тохиромжтой байдаг гэжээ. Иргэдийн 22.4 хувь нь авсан зээлээрээ худалдаа наймаа хийж, 17.2 хувь нь газар тариалан эрхэлдэг гэсэн нь хамгийн өндөр хувьтай байна. Харин бичил зээл авахад учирч буй хамгийн том бэрхшээл нь зээлийн хүү өндөр, зээлийн хэмжээ бага, зээлийн хугацаа хангалтгүй гэсэн байна.

Жижиг дунд үйлдвэрлэл
ЖДҮ эрхлэх санхүүжилтээ олох иргэдийн гол суваг (70.6 хувь) нь банкны зээл байгаа бөгөөд 13.9 хувь нь гэр бүл, найз нөхдөөсөө эх үүсвэр олдог гэжээ. Оролцогчдын 60 гаруй хувь нь ЖДҮ эрхлэхэд 2 саяас дээш төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж хариулсан. ЖДҮ зориулалтаар зээл авахад иргэдийн талаас илүү хувь нь хүү өндөр, хугацаа хангалтгүй байна гэжээ. ЖДҮ эрхлэхэд учирч буй хамгийн том бэрхшээл нь эх үүсвэр байхгүй, зээл олдохгүй байна гэснээс харахад санхүүжилт хамгийн том бэрхшээл болж байна.
Засгийн газраас ЖДҮ эрхлэхэд ямар дэмжлэг шаардлагатай вэ гэсэн асуултад иргэдийн 60.4 хувь нь хөнгөлөлттэй зээл олгох гэж хариулжээ. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, татварыг хөнгөлөх, ЖДҮ эрхлэгчдэд урамшуулал олгох зэрэг дэмжлэгийг ч иргэд хүсч байгаагаа илэрхийлсэн.

Дүгнэлт

  • Санал асуулгын дүнгээс харахад иргэдийн ихэнх нь Монгол улсын эдийн засаг муудсан гэж үзсэн бөгөөд эдийн засгийг хөгжүүлэхийн тулд томоохон уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Үүний тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулж, зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгах шаардлагатай гэж үзжээ.Иргэдийн дийлэнх нь өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэж үзсэн хэвээр байна. Иргэдийн ихэнх нь урьдын адил газар хувьчлалыг дэмжиж байгаа хэвээр байна.
  • Иргэдийн хариултаас харахад өрхийн амьжиргааны түвшин доогуур байгаа нь харагдаж байгаа бөгөөд үнийн өсөлтөөс шалтгаалан бодит орлого буурсантай холбоотой. Мөн ядуурлын түвшин урьдын адил өндөр байгаагийн зэрэгцээ, ажилгүйдлийн түвшин өссөн гэж хариулсан байна.
  • Хямралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт буурч, үнэ өсч ажилгүйдэл нэмэгдсэн гэж иргэдийн ихэнх нь хариулжээ. Мөн хямралаас гарахын тулд иргэд тансаг хэрэглээгээ зогсоож, томоохон хэмжээний худалдан авалтаа багасгаж, мөнгөн хуримтлал хийж эхэлсэн нь санал асуулгаас харагдаж байна.
  • Татварын ерөнхий түвшин өндөр байгаа гэж хариулсан иргэдийн тоо өссөн хэдий ч татварын багц хуулинд өөрчлөлт орсноор татварын ачаалал буурсан юм.
  • Банк санхүүгийн системд доголдол гарч хэд хэдэн банкууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж дампуурлын ирмэгт тулж иргэдийн банкинд итгэх итгэл буурч банкны үйл ажиллагаанд эргэлзэж эхлэсэн. Мөн банкны салбарын гол үйл ажиллагаа болох зээл олголт зогсонги байдалд орсон тул иргэд банкны үйл ажиллагаанд таагүй хандах байдал ихэссэн. ББСБ-ын хөгжил сул байгаа учир иргэд мөнгөний хэрэгцээ гарвал банкинд хандана гэсэн хариулт их хэвээр байна. Картын хэрэглэгчдийн тоо өссөн байна.
  • Банкинд мөнгөө хадгалуулах иргэдийн тоо өссөн бөгөөд тэдний ихэнх нь мөнгөө төгрөгөөр байршуулсан байна. Зээлийн эрэлт урьдын адил өндөр байгаа хэвээр байгаа хэдий ч зээлийн олдоц бага, хүү өндөр, хугацаа богино гэж үзсэн хэвээр байна.
  •  Бичил санхүүгийн салбар эх үүсвэрийн дутагдалд орж зогсонги байдалд орсон нь иргэдийн хариултаас харагдаж байна. Бичил бизнес эрхлэгчдийн ихэнх нь худалдаа наймаа хийх, газарт тариалан эрхлэх, хүнсний ногоо тариалах, ЖДҮ эрхлэх сонирхолтой байдаг байна. Бичил санхүү эрхлэх зориулалтаар зээл авахад учирч буй гол бэрхшээл нь зээлийн олдоц муу, хүү өндөр, барьцаа хөрөнгө баталгаагүй, хугацаа хангалтгүй байдаг байна.
  • ЖДҮ эрхлэгчдийн ихэнх нь банкнаас зээл авдаг бөгөөд тулгарч буй бэрхшээл нь мөн л олдоц муу, хүү өндөр, хугацаа хангалтгүй, хэмжээ бага, барцаа хөрөнгө баталгаагүй байдаг байна. Төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгохыг хүсдэг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж