Ардчилсан даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал өнөөдөр (2021.4.27) боллоо. Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. Ийнхүү УДШ-ээс О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.
УДШ: О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан. Тодруулбал, Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм. Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болов.
Ингэснээр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах их хурлаа “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулж, АН-ын даргаар бүртгүүлэхээр энэ сарын 8-нд Улсын Дээд шүүхэд хандсан. Харин М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах их хурлаа цахимаар зохион байгуулж, улмаар мөн Улсын Дээд шүүхэд хандсан.
Холбоотой мэдээ