Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/312 дугаар захирамжаар “Марта Грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцаллаа. Хотын захирагч Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нэхмэлийн шар”, “Нутгийн буян” орон сууцны дунд барилга барихыг зөвшөөрөхгүй гэдгийг өмнө нь мэдэгдсэн билээ. Харин автомашины зогсоолтой ногоон байгууламж барих эсэхийг иргэдээс санал авах байр суурь илэрхийлээд буй.
“Марта Грийн” ХХК нь орон сууцны барилга барихаар төлөвлөж газар ухсан байсныг оршин суугчид эсэргүүцэж, шүүмжлэх болсон. Иргэдийн гомдлын дагуу хотын удирдлагууд энэ сарын 5-нд нөхцөл байдалтай танилцаж, улмаар дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар болж иргэдийн саналыг үндэслэн, ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Ногоон байгууламжийн тохижилтын зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газар хийж байгаа аж. Харин “Марта Грийн” ХХК-д өөр байршилд газар олгох асуудлыг судалж, тухайн компанитай зөвшилцөлд хүрчээ.
Холбоотой мэдээ