С.Энхболд: Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн байсан

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн байсан

С.Энхболд: Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн байсан

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлснээр “Хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6161 хүүхэд халдвар авснаас 1725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Дүүрэгт хариу арга хэмжээний багуудыг үүсгэснээр иргэдэд тусламж цаг алдалгүй очих боломжтой болсон. Дүүргүүдэд тандалт судалгааны 6-8 баг ажиллаж байгаа" гэв.

ЭМ-ийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Орон нутагт халдвар их байна. Өвөрхангайд голомт үүссэн. Орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс олгохгүй байгаа тухай хэлээд байна. Үүнийг яаралдтай шийдэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн хамгаалах хэрэглэл дутуу, түргэвчилсэн оношлуур олдохгүй байгаа тухай гишүүддээ хандаж байна. Үүнийг хангах чиглэлд яаж ажиллаж байгаа вэ. Улаанбаатар хотод тавдугаар сарын 30 гэхэд 2 дахь тунгаа 100 хувь хийж дуусна гэж байгаа нь их орой санагдаж байна. Тавдугаар сарын 20 гэхэд орон нутгийн иргэдээ 1 дүгээр туд 100% хамруулах чиглэлтэй ажиллах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 25-аас сурталчилгаа эхэлнэ. Ядаж эхний тунг нь орон нутгийн иргэддээ 100 хувь хийхгүй бол хүндрэл их харагдаж байна. Үүн дээр анхаарч ажиллаарай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын илүү цагийн хөлсийг олгож байгаа. дотоодод халдвар гарснаас хойш эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэл биелэхгүй байгаа. 30-50 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн онош нь батлагдсан хүмүүст ЭМД-аас санхүүжилтийг нь олгож эхэлсэн. Түргэвчилсэн оношлуур, хамгаалах хувцсыг дүүргийн эмнэлэг, орон нутгуудад хуваарилж байгаа. Энэ сарын 23-нд БНХАУ-аас 200 мянган түргэвчилсэн оношлуур авч хөдөө орон нутгуудад өгсөн. Вакцины дараа дараагийн татан авалт тодорхой болбол хөдөө орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА:

-Гэрэгэ систем дээр эерэг, сөрөг гэж андуурагдаж гарч байна. Шинжилгээ нь сөрөг гарсан хүн гадуур нийгмийн харилцаанд орж байтал шинжилгээ нь эерэг гарсан байх жишээний. Үүнд тайлбар өгнө үү. Өмнө нь би ногоон бүстэй аймгийнхаа иргэдийг даруй вакцинжуулмаар байна гэж хэлж байсан. Одоо үлдсэн хоёр аймагтаа энэ арга хэмжээг авмаар байна. Шүлсээр шинжилгээ авдаг болсон. Хаана ашиглаж байгаа вэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Тархалтын эрчмийг математик тооцооллоор эрдэмтэд долоо хоног тутам хийж байгаа. Мөн ХӨСҮТ-ийн долоо хоногийн статистик мэдээлэлд үндэслэн тархалтын эрчмийг бусад үзүүлэлттэй харьцуулан хянадаг. Ганц гарсан тохиолдолоор бус нийт өвчлөл хүнд, хөнгөн, хүндэвтэртэй харьцуулж тархалтыг мөрийг гаргадаг. Сүүлийн долоо хоногт тархалт эрс нэмэгдэж байсан бол одоо тархалтын мөр тогтворжих түвшинд очсон. 1.5 болж буурсан. Гэрэгэ системийн тухайд механик ажиллагаатай, шинжилгээг оруулж байгаа хүнээс шалтгаалж байгаа алдаа бий. Тухайн бүрт нь алдааг залруулж тогтмол хяналт тавьж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал маш их байгаа. Мөн салбарын ачаалал огцом нэмэгдсэн. Өвчлөлийн халдвар нэмэгдэх хэрээр эмч, ажилчид ажлаас халшрах хам шинж үүсч  байгаа. Жил гаруйн хугацаанд ачаалалтай ажилласан. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ихээхэн анхаарал хандуулж байна. Зөвлөгөө тусламж үзүүлэх, хувийн хамгаалах хэрэгслүүдээр хангах зэрэг арга хэмжээг авч байна. Шүлсээр шинжилгээг авч эхэлсэн, хэрэглээнд нэвтэрсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА:

-Эмэгтэйчүүдийн хорих анги дээр халдвар гарч 50 хувь нь өвдсөн гэсэн. Зарим нярай ээжтэйгээ хамт байдаг. Нярай хүүхдүүдийн талаар мэдээлэл өгөөч.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Хорих ангиудын эрүүл мэндийн ажилчидтай холбогдож байгаа. Мөн ХӨСҮТ-ээс баг ажиллаж, эмчилгээ, оношилгоог хийдэг. Нярай хүүхдүүдүүд болон жирэмсэн эхчүүдийг Эх нялхаст хүлээн авах ор бэлдсэн, тэндээ хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүүхдүүдийг Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвд 180 орж бэлдэж эмчилгээг эхлүүлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Ажил хийж байгаа хүмүүст алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Нас барж байгаа хүмүүс халдвараар нас барж байна уу эсвэл суурь өвчтэй хавсарч нас барж байна уу. Иргэд Оросын вакциныг их асууж байгаа. Хэзээ, хэдий хэмжээтэй тун ирэх вэ. Газар тариалан эрхэлдэг хүмүүс PCR шинжилгээ өгөөд Улаанбаатараас гарсан байхад өдөр бүхэн постод 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээг авч байна. Энэ бол эдийн засагт маш хүндрэтэй. PCR шинжилгээ өгчихөөд байхад өдөр бүр түргэвчилсэн шинжилгээ  авах нь зөв юм уу. Орон нутгуудын хоорондын үл ойлголцол гарч иргэдэд чирэгдэл учруулж байна. Энэ талаар сайд нь мэдэж байна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Нас баралт нэмэгдэж байгаа. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй хүмүүс байна. Ялангуяа элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, хорт хавдартай, булчин сулрах зэрэг өвчлөлтэй хүмүүс хүндээр өвчилж амьсгалын дутагдалд орж нас барж байна. Өнөөгийн байдалд нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулах боломж байхгүй. Хэрвээ задлан шинжилгээ хийвэл энэ хүмүүсийн нас баралтын шалтгааныг тогтоох боломжтой. Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн хүмүүс байна. Бусад хүн нь вакцин хийлгээгүй байсан. Нэг сая тун Спутник вакцин тавдугаар сарын дундуур тунг оруулж ирнэ гэж төлөвлөж байна. Хугацаа нь тодорхой бус байна. PCR шинжилгээ өгсөн бол орон нутаг руу зорчиж болно. Төлбөртэй ав гэсэн чиглэлийг өгөөгүй, тухайн аймгийн онцгой комисс шийдвэрлэсэн. Нийслэлээс орон нутагт очсон хүмүүс долоо хоног тусгаарлагдаад шинжилгээ хоёр удаа өгнө.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Эрүүл мэндийн салбар өнөөдөр боломжид тулгуурлах биш зорилтдоо тулгуурлаж ажиллаж байна. Эрүүл мэндийн тухай хуульд 30.1,2,3 гээд заалт бий. Гамшгийн үед ажилласан эрүүл мэндийн ажилтан цалингаа гурав дахин нэмэгдүүлж авна, нас барах юм бол эрүүл мэндийн ажилтны гэр бүлд таван сая төгрөг олгоно, энэ үед иргэд дайчлагдан ажиллавал эрүүл мэндийн ажилтнуудтай тэнцүү хэмжээний урамшуулал олгоно гэж хуульд заасан. Энэ заалт хэрэгжиж байгаа юу. Урамшуулал өглөө л гэдэг та нар, тэр нь юу ч болохгүй байгаа шүү дээ. Хоёрдугаарт, нэмэлт хүчийг улам нэмэгдүүлмээр байна. Саяхан тэтгэврээ гарсан эмч нарыг дайчилж, вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд зохион байгуулмаар байна. Гуравдугаарт, тусгаарлалтын байрны зардлыг эмнэлгийг ажилчдыг хувиасаа гарга гэсэн байна. Энэ талаар надад зөндөө захидал ирсэн Эмч, ажилтнуудаа дархлаажуулах аян өрнүүлээч ээ. Зүгээр ажлаар нүдэх биш. Бүтэн жил ийм хүнд нөхцөлд ажиллуулж байгаа учраас улс нь энэ хүмүүсээ анхаарч, сувилдаг гэдгийг ойлгуулах ёстой.  Улс орон нь сэтгэл санааг нь дэмжвэл урам авна шүү дээ. Эмч, ажилчид бүтэн жил ажиллаад үнэхээр туйлдаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Эрүүл мэндийн тухай хуульд заасан асуудлыг шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар 150 эмч сайн дураар ажиллах хүсэлтээ өгсөн. Дайчлагдан ажиллаж байгаа хүмүүс тусгаарлах байранд ороход ямар нэгэн төлбөрийн асуудал яригдаагүй.  Дархлаажуулалтын хувьд байгууллага бүрт чиглэл өгч, арга хэмжээ авч байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: 

-Эрүүл мэндийн салбарынхан бол хүн бүр дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг туйлдтал нь ажлуулж байгаа нөхцөл байдал ийм хэмжээнд хүрэхэд менежментийн асуудал байгааг мартаж болохгүй. Хичнээн хүндэлж, талархаж, ойлгож байгаа боловч сэтгэл бухимдуулсан зүйлс байгаа. Эдгээрийгээ ч ярих ёстой. Гишүүд улсын хэмжээнд асуудлыг хөндөн нилээн ярьсан учраас хөгжлийн хувьд хоцрогдолтой явж байгаа Завхан аймгийн хэмжээнд асуудлыг яримаар байна. Олон сар PCR шинжилгээний машин хөөцөлдөж байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Завхан аймгийг өнөө маргаашгүй PCR шинжилгээний зөөврийн машинтай болгоно гэж хэлсэн ч түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Одоо хүртэл хангагдаагүй байгаа. Үүнээс болж тус аймагт халдварын тархалт эрс нэмэгдсэн. Онцгой нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл шинжилгээгээ Улаанбаатар хот руу явуулдаг. 72 цагийн дараа дор хаяж хариу нь ирдэг. Иймээс байдал хүндэрсэн. Өнөөдөр УНТЭ-т хэрэглэж байсан PCR машиныг явуулахаар болж байна. Үүнд шаардлагатай дагалдах хэрэгсэл, оношлууртайгаа явж байгаа юу сайд аа. Шинэ PCR машин хэзээ энэ аймагт хангагдах вэ? Загастайн давааны зам ашиглалтад ороогүй байгаа тул Тосонцэнгэл болон Улиастай суманд тус бүр PCR шинжилгээний машин зайлшгүй хэрэгтэй байна. Дархлаажуулалтын хувьд хөргүүрийн багтаамжийн хэмжээгээр вакцин илгээнэ гэж байгаа. Завхан аймагт 10 мянган тун вакцин авах баталгаатай хөргүүртэй байгаа. Өнөөдрийн байдлаар 4713 хүн вакцинд хамрагдсан. Хөргүүрийн багтаамжтай байгаа аймгуудаа яаралтай хангана уу? Түүнчлэн хүнд өвчтэй, хөгжлийн бэхшээлтэй иргэдээ урьдчилан дархлаажуулах шаардлагатай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:

-Энэ цар тахлыг даван туулсан улс нэг ч байхгүй. Бид энэ халдвараас сэргийлэх нотлогдсон хоёр л арга байна. Маскаа зүүх мөн хөл хориог тогтоох юм. Маск зүүх нь халдварыг 30 хувиар бууруулна. Эрүүл мэндийн салбарт гарч байгаа нэг асуудал бол утаснууд ажиллахүй, ачаалалтай байна. Уг асуудалд салбарын сайд нь анхаарч ажиллаарай. Вакцинжуулалтын ажил сайн хийгдэж байгаа ч гэсэн вакцин хийлгээгүй хүмүүсийг түлхүү хамруулах тэднийг уриалах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Гэртээ эмчлүүлж байгаа хүмүүсийн халдвар 10 дахь хоног дээрээ хүндрэх эрсдэлтэй байна. Тийм учраас компьютер томографын шинжилгээ хийх цэгүүдийг нэмэх хэрэгтэй. Даатгалаас компьютер томографын өртгийн 70 хувийг чөлөөлсөн шүү дээ. Үүнд анхаарч ажиллаарай.

УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН:

-Цар тахлын эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлийг харахад та бүхнийг зүрх сэтгэлээсээ, сайн ажиллаж байгааг ойлгож байна. Тиймээс хувийн зүгээс ч талархаж байгаагаа илэрхийлье.Өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаагаас бол гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа иргэд олон байна. Эмчилгээнд нийтлэг хэрэглэж байгаа эмийг эмийн сангуудаар худалдаалж болохгүй юу, иргэд цаг алдахгүйгээр тухай эмийг авч эмчилгээндээ хэрэглэх боломж бий юу.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Сангийн яам вакцины төлбөрийг бүрэн хариуцаад явж байгаа. Төлбөр тооцоон дээр ямар нэгэн саадгүй. Манай улс өнгөрсөн онд КОВАКС хөтөлбөрт хамрагдаж байгаагаа зарласан. Гэхдээ долдугаар сарын сүүлээр вакцинаа нийлүүлэх болчихоод байна. Тиймээс бид наана нь вакцин худалдан авч байна. Одоо хийж байгаа БНХАУ-ын вакциныг худалдан аваад хийж байгаа. Тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотод нэгдүгээр тунгаа бүрэн хийх, шаардлагатай хүмүүсийнхээ хоёр дахь тунг хийх төлөвлөгөөтэй явж байна. Дахин вакцин татан авах шаардлагатай байгаа. Зургадугаар сарын дундуур гэхэд 60 хувиа бүрэн вакцинжуулна. Спутик вакцин авах гэрээгээ хийчихсэн. Дотооддоо үйлдвэрлэл нь тасраад, асуудалтай байгаа учраас өдөр хоногоо хэлж чадахгүй хүлээчихлээ. ОХУ-ын Элчин сайд энэ долоо хоногт эхний татан авалтыг хийхийн тулд ажиллана гэдгээ илэрхийлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж