Олон улсын засгийн газрууд цар тахлаас үүдэн эдийн засаг хямарч байгааг үл тоон цэргийн төсвөө эрс нэмж, 1988 оноос хойш байгаагүй өндөр хэмжээнд хүргэжээ. Тухайлбал, 2020 онд цар тахал дэлхий даяар тархаж, олон улс хөл хорио тогтоон бизнесүүд хаалгаа барьж эдийн засгийн хүнд хямрал нүүрлэсэн боловч цэрэг армид зарцуулагдах мөнгө хасагдах нь битгий хэл өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна.
Олон улсын энх тайвны судалгааны Стокхолм хүрээлэнгийн судалснаар дэлхийн цэрэг армид зарцуулж буй мөнгө өнгөрсөн онд 2.6 хувиар нэмэгдэж, нийт 1.981 их наяд ам.доллар болжээ. Энэ бол 1988 оноос хойш байгаагүй их хэмжээ бөгөөд сүүлийн арван жилд цэргийн төсөв нийтдээ 10 хувиар нэмэгдсэн байна.
Цэрэг армид зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдсэн байхад нөгөө талд дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4.4 хувиар буурсан байна. БНСУ, Чили зэрэг зарим орнууд цэргийн төсөвт оруулсан мөнгөнийхөө тодорхой хувийг цар тахалтай тэмцэх үйлсдээ зарцуулсан бол ОХУ, Бразил тэргүүтэй зарим нь 2020 онд цэргийн төсвөө төлөвлөснөөс арай багаар нэмсэн байна.
Харин АНУ цэрэг, армид зарцуулах мөнгөнийхөө хэмжээгээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тухайлбал, цэрэг, армийн хэрэгцээнд зарцуулагддаг дэлхийн нийт төсвийн 39 хувийг нь АНУ дангаараа эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд цэргийн төсвөө өмнө байгаагүй их хэмжээгээр нэмсэн юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ