Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.
Хэнтий аймгийн Батноров суманд Жонш олборлох уурхайд осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Бэрх тосгоноос зүүн урд байрлах “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд аймгийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Ү нь жонш тээвэрлэдэг яшикийг лифт рүү түрж явахдаа 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан байна. Ослын дуудлага өчигдөр өдрийн 15:32 цагт бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид талийгаачийн цогцсыг 18:35 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явж, сураггүй болсон хоёр иргэн нас барсан байжээ. Тодруулбал, алга болсон иргэдийн талаарх дуудлага энэ сарын 25-нд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Энэ дагуу аврах багийнхан эрлийн ажиллагааг зохион байгуулахад өчигдөр 21, 40 настай эрэгтэй Б, Г нарын цогцсыг Чандмань сумын хоёрдугаар багийн Хүнхэрийн-Ам гэх газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн Хүрмэн дэл гэх газарт сураггүй болсон малчин гэртээ эсэн мэнд ирсэн байна. Тодруулбал, малчин М нь энэ сарын 25-нд өдрийн 15:00 цагийн орчимд Эксел загварын суудлын машинтай мал хариулж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:15 цагт бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 26-ны өглөө 09:50 цагт малчин М нь өөрөө гэртээ ирсэн тухай ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрлийн ажиллагааг зогсоожээ.
Холбоотой мэдээ