Цэргүүдийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Цэргүүдийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Цэргүүдийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Сүүлийн үед цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагчдыг дарамталж, хүчирхийлснээс болж амиа хорлох, амь насаа алдах, бусдыг аминд хүрэх онц ноцтой хэрэг цөөнгүй гарлаа.  Он гарсаар хоёр цэрэг, нэг офицер амиа хорлосон хэрэг гарав. Мөн салаан захирагч нь байлдагчаа зодож хөнөөсөн, хоёр цэрэг харуулын даргаа буудсан гээд дуулиант хэргүүдий мөрдөн шалгах ажиллагаа юу болж байгааг тоймлон хүргэе.

Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд хяналт тавьж, шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллээ /2021.04.12/ танилцуулахдаа “Он гарсанаас хойш цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьж ажилласан. Хяналт тавьсан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бөгөөд цэргийн албаны эсрэг 11 хэргийн дөрвөн хэрэгт буюу 36.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” тухай мэдээлсэн. Одоогийн байдлаар таван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. 


ОФИЦЕР НАС БАРСАН ХЭРГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРЧЭЭ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангийн офицер нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд гарсан. Хэргийн шүүх шинжилгээний дүн гарчээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэж аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн” гэв.

Тухайн үед хэргийн талаар Хил хамгаалх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байв. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хадам ээжийнхээ буяны ажилд оролцохоор Алтай сум руу явж байжээ.


“НЭГНИЙГЭЭ ДЭГЛЭСЭН ЦЭРГҮҮДИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН”

Мөн өнгөрөгч хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг  2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан байсан талаар албаныхан мэдээлсэн.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Эрүүгийн гэмт хэрэг учраас хариуцлагыг шүүхийн байгууллагаас ногдуулна.

Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийн олж тогтоон, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн. Тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан талаар салбар яамны сайд мэдээлж байв.


БАЙЛДАГЧ САЛААНЫ ДАРГАДАА ЗОДУУЛЖ НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА                        

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр нас барсан.

Хэрэг гардаг өдөр буюу гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан байна. Улмаар харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г согтуудаа амиа алдтал нь зодсон байдаг.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллэв. Шалгалтын явцад талийгаач 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний алба хаагч болох И.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогджээ.


ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАЖ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус цэргийн хоёр алба хаагчийг дөрөвдүгээр сарын 11-ний 10:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумаас 50 км-ын зайтай байрлах Зөөлөн богд уулнаас саатуулсан талаар албаныхан мэдээлсэн.

Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд осол эрсдэлгүйгээр саатуулжээ. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АК-47 буугаар буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж. Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикл авч, зугтсаныг ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг Улаанбаатараас нисдэг тэргээр газар дээр нь очиж ажиллажээ.


“ХОЛБОГДОХ ГЭРЧҮҮДЭЭС ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВЧ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч энэ сарын 24-ний орой 22:00 цагийн орчимд нас барсан хэрэг гарсан талаар мэдээлсэн.

Хил хамгаалах ерөнхий газраас "Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х нь 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэжээ. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Талийгаач “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү өчигдөр мэдээлэхдээ "Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжинд задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Үүний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас цэргийн ангийн холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж