Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах ёслол өчигдөр /2021.04.26/ болж өнгөрлөө. Та бүхэнд энэ удаагийн наадмаас онцлох долоон киног санал болгож байна.
“Nomadland”
Оскарын хамгийн гол шагналын нэг "Шилдэг найруулагч"-ийн шагналыг ази гаралтай эмэгтэй найруулагч Хлое Жао "Nomadland" киногоороо хүртсэн. Хлое Жаогийн хувьд энэ шагналыг хүртсэн анхны ази гаралтай эмэгтэй болж байна. Мөн энэ киноны гол дүрийн жүжигчин Фрэнсис МакДорманд Оскарын наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн бол "Шилдэг зураг авалт" төрөлд мөн тэргүүлсэн юм.
Нийт зургаан төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээлд эдийн засгийн хямралын үеэр нөхөр нь нас барж, цорын ганц амь залгуулах найдвар болсон үйлдвэр нь хаагдсаны улмаас бүхээгтэй машинтайгаа Баруун Америкаар хэсүүчилж буй 60-аад насны эмэгтэйн тухай өгүүлжээ. Тус бүтээл нь 2020 оны есдүгээр сарын 11-нд олны хүртээл болсон юм. Зохиолч Жессика Брюдерын “Нүүдэлчдийн нутаг: 21-р зуунд амьд үлдсэн Америк” номноос сэдэвлэн энэхүү киног бүтээжээ.
“Druk”
Данийн кино найруулагч Томас Винтенбергийн “Druk” кино энэхүү шагналын эзэн болжээ. Норвегийн сэтгэцийн эмч Финн Скэрдерудын төрөлхийн хүний цусан дахь согтууруулах ундааны түвшин 0.05 хувиас багагүй байх хэрэгтэй гэсэн онол дээр суурилж өдөр бүр тогтмол түвшинд согтуу байхыг туршиж үзэхээр шийдсэн дөрвөн найзын тухай өгүүлдэг. Их сургуулийн багш дөрвөн залуугийн хачирхалтай туршилт эхэндээ маш амжилттай болж, бүгдийнх нь болж бүтэхгүй байсан асуудал сайнаар шийдэгдэнэ. Гэтэл тэд согтууруулах ундаанаас хамааралтай болж эхлэх бөгөөд энэ нь тэдний хувийн болон нийгмийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж эхлэхийг хөгжилтэйгөөр харуулжээ.
“Two Distant Strangers”
Дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авч, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн хүрээгээ тэлсээр байгаа билээ. Тэгвэл найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд нарын цагдаа нарын гарт өнгөт арьст иргэн амиа алдсан тухай өгүүлэх “Two Distant Strangers” кино Оскарын наадмын “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд шилдэгээр шалгарчээ. Өнгөт арьстнууд цагдаа нартай мөргөлдөх үеэр амиа алдаж буйг хөндлөнгийн нүдээр ажиглан ярьж буй байдлаар кино үргэлжилдэг. Энэхүү киноны туслах продюссероор Бруклин Нетс багийн довтлогч Кевин Дюрант, Юта Жазз багийн хамгаалагч Майк Конли Жуни нар ажиллажээ.
“The Father”
Жүжигчин Энтони Хопкинс "The Father" кинонд бүтээсэн дүрээрээ энэ жилийн Оскарын наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн жүжигчин боллоо. Энэ бол түүний хоёр дахь Оскарын шагнал юм. Тэр 1992 оны "Хурга майлахаа болино" киноны Доктор Ханнибалын дүрээрээ энэ шагналыг хүртэж байсан аж. 30 жилийн тэртээ анхны Оскараа гардаж байсан алдарт жүжигчин тэрбээр энэ жил 83 насандаа дахин шилдэг эрэгтэй гол дүргийн жүжигчнээр тодорч байна. Ингэснээр Энтони Хопкинс хамгийн өндөр насандаа энэхүү төрөлд шилдгээр шалгарсан нэгэн болсон нь энэ юм. “The Father” киноны хувьд охиноосоо тусламж авахаас цааргалж буй Альцгеймерийн өвчтэй ахимаг насны эцгийн тухай өгүүлдэг.
“Soul”
“Шилдэг анимейшн”, “Шилдэг киноны хөгжим” төрөлд тэргүүлсэн "Soul" анимейшныг хөл хорионы үед гэр бүлээрээ үзэхийг санал болгож байна. Уг анимейшны найруулагчаар Оскарын хоёр удаагийн шагналт найруулагч Пит Доктер болон Кемп Пауэрс нар ажиллажээ. Анимейшн буюу хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд үзэх ёстой гэдэг ойлголт нь өрөөсгөл юм. Сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт энэ төрөл маш хурдацтай хөгжиж байна. Энэхүү анимейшн киноноос та зарим зүйлд хэт автаж, бусдыг даган дуурайх нь өөрийн мөн чанараа гээх, өөрт тань заяасан цор ганц амьдралдаа өөрийнхөөрөө амьдрах боломжийг үгүй хийдэг талаар, мөн зүгээр л амьдрах , амьд байх гэдэг нь хамгийн үнэт зүйл юм гэдгийг ухаарах болно.
“Minari”
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна. Өчигдөр болсон 93 дахь удаагийн Оскарын кино наадмын "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналын Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон "Minari" киноны дүрээрээ хүртсэн. Ийнхүү анх удаа Солонгос жүжигчин тус наадамд тэргүүлж байна. Тэрбээр энэ сард мөн "British Academy of Film and Television Arts" наадмын "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагнал хүртсэн байна.
Солонгос гаралтай Америк залуу хос гэр бүлийн хамтаар Арканзаст нүүн ирж, өөрсдийн мөрөөдлийн төлөө ажиллаж байгаагаар кино эхэлдэг. Тэдэн дээр ааш муутай ч хайр дүүрэн эмээ нь хамт амьдрахаар ирснээр тэдний амьдралд эргэлт хийх, тэсч тэвчих, сонголт хийх эгзэгтэй мөч тулан ирнэ. Залуу гэр бүлийн амьдралд тулгарч болох олон асуудлыг хөндсөн уг киног заавал үзээрэй.
“My Octopus Teacher”
Найруулагч Пиппа Эрлич, Жеймс Рид нарын бүтээл "My Octopus Teacher" кино энэ удаагийн Оскарын наадмаас “Шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан юм. Хэрэв та болон танай гэр бүлийнхэн баримтат кинонд дурлагчид бол, адал явдал, танин мэдэхүй, далай тэнгисийн гайхамшигт ертөнцөөр аялахыг хүсч байвал энэ киног үзээрэй.
Кино найруулагч Крейг Фостерын Өмнөд Африкийн замган ойд далайн амьтан наймалжтай хэрхэн холбоо тогтоож, судалж, нэг жилийг өнгөрөөсөн тухай баримтат кино юм. Фостер 2010 онд Өмнөд Африкийн Кейптаун хотын ойролцоох Фалс Бэй хэмээх алслагдсан газарт ирсэнээр эхэлнэ. Нэг жилийг энэ газарт өнгөрүүлэхдээ тэр нэгэн наймаалжыг даган шумбаж, амьдралын бүхий л үе шатуудыг нь хамтдаа өнгөрөөж, үүнийгээ хүний амьдралтай зүйрлэн, тайлбарлах болно.
Холбоотой мэдээ