Испанийн эзэн хааны багийн эсрэг Оросын тэрбумтаны баг | News.MN

Испанийн эзэн хааны багийн эсрэг Оросын тэрбумтаны баг

Испанийн эзэн хааны багийн эсрэг Оросын тэрбумтаны баг

Испанийн эзэн хааны багийн эсрэг Оросын тэрбумтаны баг

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын аварга тодрох улам ойртсоор байна. Өнөөдөр/2021.04.27/ хагас шигшээн эхний тоглолт Испанийн Мадрид хотод явагдана.


Реал Мадрид – Челси тоглолтын өмнө

Испанийн эзэн хааны Реал Мадрид баг талбайдаа Оросын тэрбумтан Роман Абрамовичийн Челсиг хүлээн аван тоглоно. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Реал Мадридын ахлах дасгалжуулагч Зинедин Зидан “Энэ бол хагас шигшээ. Тун хүнд тоглолт болох нь дамжиггүй. Челси бол хамгаалдаг, довтолдог баг. Тиймээс бид анхааралтай байж, сайн хамгаалах хэрэгтэй. Мөн олдсон боломжуудаа ашиглах хэрэгтэй. Бид Челсиг буулган авахын тулд хамгийн сайн тоглолтоо үзүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн тоглолтонд Тони Кроос оролцох боломжтой бол Ферланд Менди боломжгүй” гэв.

Реал Мадридын ахлах дасгалжуулагч Зинедин Зидан

Европын Супер лигт оролцсон багийг УЕФА Аваргуудын лигт оролцуулахгүй гэсэн талаар Зидан “Ирэх жил Реал Мадридыг аваргуудын лигт оролцуулахгүй гэвэл утгагүй зүйл болно. Гадуур олон л яриа гарч байна. Гадуур гарч байгаа яриаг бид зохицуулах боломжгүй шүү дээ. Би зөвхөн энэ тоглолтонд төвлөрч байна. Бид бүгд л Реал Мадридыг аваргуудын лигт харахыг хүсч байгаа” хэмээжээ. Харин Эден Азар болон Ла лигийн талаар асуухад “Бид аль тэмцээндээ анхаарлаа төвлөрүүлэх вэ гэж эргэлзэхгүй. Бид Ла лигт ч, аваргуудын лигт ч түрүүлэх боломжтой байна. Бэрхшээлтэй зүйлс олон байсан ч бид засч чадсан. Одоо нэг сарын хугацаа үлдэж байна. Юу ч болсон бай бид эцсийг нь үзнэ. Эзэн Азарын тухайд би түүнд асуудал байгаа гэж харахгүй байна. Сүүлийн хэдэн өдөр тэр сайн байгаа гэдгээ надад харуулсан. Тэр одоо бэлэн гэж бодож байна. Бид ч түүнийг эргэн ирсэнд баяртай байна” хэмээн ярилаа.

Эден Азар

Английн Челсигийн ахлах дасгалжуулагч Томас Тухель тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Ковачич л тоглох боломжгүй. Бусад тоглогчид маань бэлэн байгаа. Бид Тоттенхэм, Ливерпүүл, Атлетико, Порто зэрэг багуудыг хожиж, өөрсдийн ур чадвар, сэтгэл зүйгээ хангалттай сайн байгаа гэдгээ харуулсан гэж бодож байна. Мөн Вест Хэмийг хожсоныг дараа аваргуудын лигийн тоглолттой байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр бид дээд түвшний тоглолтоо гаргах хэрэгтэй. Бид Реал Мадридтай финалын төлөө тулалдах болно. Багийнхныгаа хамтдаа тэмцэж, бүх хүчээ дайлчлан ялалтын төлөө тоглоно гэдгийг мэдэрч байна. Аваргуудын лигийн хагас шигшээ гэдэг бол дээд түвшин. Тиймээс аз, гэнэтийн зүйлд найдах хэрэггүй. Өөрсдийн үзүүлдэг өндөр түвшний тоглолтоо дахин гаргахад л болно. Сайн зүйл нь бид хамтдаа Премьер лиг, ФА капын хүнд тоглолтууддаа маш сайн формтой давж гарлаа. Гол нь өнөөдөр энэ сайн формоо хадгалах хэрэгтэй” гэв.

Челсигийн ахлах дасгалжуулагч Томас Тухель

Тухелээс хэрхэн Зиданыг ялах вэ гэж асуухад “Өөрсдийнхөөрөө л байх хэрэгтэй. Давуу талууддаа найдаж, хийдэг зүйлсээ итгэлтэйгээр л хийх ёстой. Залуучууд маань 90-94 минутын турш Реал Мадридын эсрэг хамгийн сайн тоглолтоо толилуулах шаардлагатай” хэмээжээ. Харин тэрбээр Эден Азарын талаар “Эден бол сайн тамирчин. Челсигийн болон дэлхийн хамгийн ширүүн Премьер лигийн нүүр царай олон жил байсан тамирчин. Тэр энэ багийн төлөө бүхнээ зориулсан. Түүнийг хүндэлж байна. Харин тэр одоо Реал Мадридын тоглогч. Тэр бэртлээсээ эргэн ирсэн. Өнөөдрийн тоглолтонд тоглохын тулд Ла лигийн өмнөх тойргийн тоглолтонд оролцсон байсан. Гэхдээ Челси түүнгүйгээр илүү тоглох эсэхийг харцгаая. Реал Мадридад олон сайн тамирчин бий. Баг маань энэ сорилтыг давах ёстой” гэжээ.

Боломжит гарааны бүрэлдэхүүн:

Реал Мадрид: Куртуа, Карвахаль, Варане, Милитао, Начо, Каземиро, Кроос, Модрич, Винисиус Жр, Бензема, Асенсио

Челси: Менди, Азпиликуэта, Тиаго Силва, Рудигер, Рийс Жэймс, Жоржиньо, Канте, Чилвелл, Маунт, Хаверц, Вернер

Мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглал

Реал Мадридын сурвалжлагч Жо Уокер:

-Мадрид бүрэн формдоо ороогүй ч аваргуудын лигийн хагас шигшээд дахин шалгарлаа. Эден Азарын хувьд эргэн формдоо орох хангалттай хугацаа байгаагүй ч хуучин багийнхаа эсрэг сайн тоглолт үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь Серхио Рамос байхгүй ч Мадридын хамгаалалтын шугам гайхалтай байгаа. Ирэх долоо хоногт Лондонд зочлохоосоо өмнө Мадрид талбайдаа ажлаа дуусгах байх.

Челсигийн сурвалжлагч Жон Филипс:

-Томас Тухелийн удирдлага дор Челси ердөө хоёрхон хожигдлоо. Гурван тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй байгаа Челси одоо итгэл дүүрэн байна. Нөгөө талаараа Челси сүүлийн дөрвөн тоглолтондоо ердөө хоёрхон гоол оруулаад байна. Тиймээс энэ тоглолтонд нэг их олон гоол орохгүй байх. Гол нь Челси Испаниас сайн үр дүнтэй Лондонд буцаж ирэх хэрэгтэй.

Бусад мэргэжилтнүүд ч гэсэн энэхүү тоглолтыг олон гоолгүй тоглолт болно гэж үзэж байна. Магадгүй 1-0 эсвэл 1-1 гэсэн харьцаатай өндөрлөх байх. УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатны үлдсэн нэг тоглолт болох ПСЖ – Манчестер Сити багууд маргааш Парист хотноо тоглох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-27 202.126.88.159

Челси хусах байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж