Халдварыг эрт илрүүлээгүй нь өвчлөл хүндрэх, нас барах шалтгаан болж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Халдварыг эрт илрүүлээгүй нь өвчлөл хүндрэх, нас барах шалтгаан болж байна

Халдварыг эрт илрүүлээгүй нь өвчлөл хүндрэх, нас барах шалтгаан болж байна

“Залуу хүн Covid-19 халдвараар өвдсөн ч хөнгөн тусч эдгэнэ  гэж өөрийгөө тоохгүй орхиж болохгүй юм билээ. PCR шинжилгээ өгөх, хариугаа сонсох хүртэл бие минь муудаж, орноосоо босч чадалгүй дөрөв хоног хэвтсэн” хэмээн иргэн Н.Уран хэлэв. Түүний хувьд 28 настай, нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг аж. Тэрбээр энэ сарын 19-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсноо мэдсэн байна. Иймд хувийн эмнэлэгт тухайн өдрөө түргэвчилсэн тестээр Covid-19 халдварын эсрэг шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ.  Гэвч дараагийн 2-3 хоногт бие нь муудсаар шөнө нь амьсгал давчдаж  эхэлсэн тул ХӨСҮТ рүү залгасан ч хугацаа алдсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ  “ХӨСҮТ рүү холбогдож ойрын хавьтал гэдгээ хэлж, PCR шинжилгээ өгөхийг хүссэн. Гэвч дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвтэй нь холбож өгнө гэж хариу хэлсэн өдрөө ирээгүй. Эмч хүлээх хооронд амьсгал тасалдаж, бие маань муудсан учраас нөхөр маань Өрхийн эрүүл мэндийн төв рүү холбогдсон. Өрхийн эмч үзээд Тандалтын багийнханд PCR шинжилгээ авах хүсэлтийг маш олон удаа явуулсан. Дараа нь Тандалтын багийнхан гэрт ирж PCR шинжилгээг авсан. Хариу нь нэг хоногийн дараа гарч, онош батлагдсан. Ер нь астматай хүнд Covid-19 халдвараар хүнд өвддөг юм билээ. Миний хувьд ойр дотны хүнээсээ гэр бүлийн  хүрээнд халдвар авсан. Дотны хүн маань орцноосоо халдвар авсан байсан” хэмээв. Тэр бол өнөөдөр халдварт өртөж, эмчлүүлж буй мянган мянган хүний нэг төлөөлөл юм.

НАС БАРСАН ӨВЧТӨНҮҮДИЙН 27.8 ХУВЬ НЬ ЭМНЭЛЭГТ 24 ЦАГ Ч БОЛООГҮЙ АМИА АЛДСАН

Н.Урангийн хувьд гэрээр тусгаарлагдаж байгаа юм. Эмчийн бичсэн жорын дагуу эмчилгээ хийлгэж, эм ууснаас хойш биеийн байдал нь сайжирч эхэлжээ. Одоогоор нүд, чих, хоолой, хамар шархирч хорсох, хамар битүүрэх, нус гоожих, үнэрлэх мэдрэмж алдах, нуруу, өвдөг үе мөчөөр янгинаж өвдөх, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэг бага багаар арилсан ч амьсгал үе үе тасалдах, ханиалгах зовиураас бүрэн салаагүй гэнэ.  Хэрэв муугаар бодоход, өвчин нь хүндэрч тусламж авч чадалгүй амь эрсэдсэн бол яах вэ, шинжилгээ өгсөн ч  арга хэмжээ авалгүй 72 цагт амь эрсдвэл хариуцах эзэн бий юу?  Ийм шалтгаанаар нас барсан тохиолдол ч цөөнгүй байгаа нь нууц биш.

Жишээ татвал, 36 настай залуу PCR шинжилгээ өгснөөс хойш хоёр өдрийн дараа онош нь батлагдаж нас барсан. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-нд PCR шинжилгээний хариу нь эерэг гарч, эмчлүүлж байсан ч харамсалтай нь амиа алдсан билээ. Зарим тохиолдолд PCR шинжилгээг өгсөн ч нас барсных нь дараа хариу нь эерэг гарсан тохиолдол ч байна. Энэ бол PCR шинжилгээний хариу хүлээх 72 цаг бол өвчлөл хүндрэх, амь насаа алдах хангалттай хугацаа гэдгийг харуулж буй.

ХӨСҮТ-ийн өгч буй мэдээллээр сүүлийн үед Covid-19 халдварын онош батлагдсан даруйд тухайн өдрөө нас барах тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаагаас тодруулахад “ХӨСҮТ-ийн лабораторит нийслэлд хийгдэж буй PCR шинжилгээний 30 орчим хувийг хийж байна. Хувиар нь авч үзвэл бага боловч тооны хувьд өндөр байгаа. Ойрын хавьтлуудын болон эерэг гарсан хүмүүсийн шинжилгээг авч байгаа юм. Хоногт дунджаар 450 орчим сорьцод шинжилгээ хийхдээ эерэг гарах магадлалтайг задалж шинжилж байгаа тул ачаалал хамгийн их байгаа. Жишээ нь, ХӨСҮТ-д хийгдэж буй эерэг эзлэх хувийн шинжилгээ 15 хувийг эзэлж байхад бусад дүүргүүдийн лабораторит 1-12 хувь байгаа юм.

Сүүлийн үед богино хугацаанд өвчлөл хүндэрч, нас баралт бүртгэгдэж байна.  Өмнө нь халдварын онош батлагдсан хүмүүс  тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа биеийн байдал нь хүндэрч  нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байсан. Харин одоо  онош нь батлагдаж эмнэлэгт ирэхдээ 24 цаг болохгүй нас барах тохиолдол бүртгэгдэж байна.

Covid-19 халдвараар нас барсан хүмүүсийн 27.8 хувь нь эмнэлэгт 24 цаг бололгүй өвчний хүндрэлээр амиа алдсан гэх үзүүлэлт байна. Энэ хувь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Өвчлөл богино хугацаанд хүндрэх хандлагата байна.  Зарим хүмүүс PCR шинжилгээ өгсөн байхдаа гэртээ нас барсан, дараа нь шинжилгээний хариу нь гарах тохиолдол байна. Нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлтэй хүн амын дунд тандалт явуулж байна” гэлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ДУР МЭДЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ 

Цар тахлын амаргүй үед эрүүл мэндийн салбар нь эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол, нас баралт нэмэгдсээр…Улсын хэмжээнд 31 мянга гаруй хүн халдварт өртөж, нас баралт 80 болов. Өнөөгийн нөхцөл байдалд PCR шинжилгээний хариу нь бидний хувьд нэвтрэх эрхийн бичиг шиг чухал ач холбогдолтой болсон гэхэд хилсдэхгүй. Мэргэжилтнүүд  утсаар харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар холбогдож, PCR  шинжилгээ өгөхийг иргэдэд зөвлөж байгаа ч бодит байдал дээр "Ойрын хавьтлуудаас PCR шинжилгээг авна, бусад тохиолдолд авахгүй гэх хариулт хэлж байна, шинжилгээ өгөхийн тулд заавал Covid-19 халдвар туссан байх ёстой юм уу", "PCR шинжилгээ өгөхөөр утсаар холбогдох гэсээр  цаг алдаж, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандсан ч тоохгүй явсаар хувийн эмнэлэгт  төлбөртэй PCR шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан", "Амт, үнэр мэдрэхгүй шинж тэмдэг илрээд байхад харьяа эмнэлэг нь тоогоогүй, PCR шинжилгээ өгтөл хариу нь  эерэг гарлаа" зэрэг PCR шинжилгээг тойрсон иргэдийн гомдол санал цахим орчинд хөвөрсөөр. Товчхондоо, иргэдийн хувьд PCR шинжилгээ өгөх нь "толгойн өвчин" болжээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр тандалт судалгааны явцад эмнэлзүйн шинж тэмдэг хүнд байгаа тохиолдолд түргэвчилсэн тестээр сөрөг гарсан ч тусгаарлалтад авч эмчилгээ, PCR шинжилгээг авах чиглэлээр ажиллаж байгаа аж. Ингэснээр PCR шинжилгээг хүлээж цаг алдахгүй байх, гэрийн нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Тус төвийн Ерөнхий захирал Л.Баттөр “Нас баралтын 90% нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдэгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR шинжилгээний хариуг хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой” хэмээн өчигдөр твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн билээ. Үүнийг НЭМГ-ын мэдээлснээр иргэд дур мэдэн Эрүүл мэндийн байгууллагаар яаралтай тусламж авах, PCR шинжилгээ өгөх боломжгүй. Шаардлагатай тохиолдолд нэн түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэйг зөвлөж байв.

Өөрөөр хэлбэл,  нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах жирэмсэн, төрөх дөхсөн, бие нь муудсан зэрэг түргэн тусламжаар эмнэлгийн байгууллагад очиж буй иргэдээс PCR шинжилгээ шаардахгүйгээр тусламж үзүүлэх, түргэвчилсэн тестээр шинжилгээ авах аж.

Өнөөдрийн байдлаар Тандалт судалгааны 42 баг ойрын хавьтлуудаас PCR шинжилгээг авах байдлаар ажиллаж байгаа аж. Өмнө нь нэгдүгээр сард есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж  байсан бол өнөөдрийн байдлаар 13, 31, 50 дугаар сургууль болон шинжилгээ авах явуулын гурван цэг ажиллаж байна.

Хэдийгээр PCR шинжилгээний цэгүүдийг нэмж болох ч лабораториудын хүчин чадал нь дийлэхгүй гэдгийг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа онцолж байсан юм. Түүний хэлснээр шинжилгээний цэгүүдээс илэрсэн батлагдсан тохиолдлын тооноос халдварын голомтоос илэрсэн тохиолдлын тоо өндөр байгаа аж. Тиймээс шинжилгээний цэгийн тоог нэмэхээс илүү голомт дагасан шинжилгээгээ хийх нь үр дүнтэй гэнэ.

ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ШҮЛСНЭЭС ИЛРҮҮЛЭХ PCR ШИНЖИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ 

Улсын эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, иргэд нь PCR шинжилгээнийхээ хариугаа авч тусламж авч чадалгүй нас барч байгаа нь бид арга барилаа өөрчлөх болсныг ч сануулж байгаа биз ээ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй халдварын тархалтыг хумихад дан ганц төрийн оролцоо хангалтгүй. Сүүлийн үед хувийн эмнэлгүүдэд PCR шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн нь сайн жишиг боловч  хүрэлцээ муутай, өндөр үнэтэй байгааг иргэд шүүмжлэх болсон.

Тухайлбал, “Интермед”, “Ачтан”, “Гялс төв”, “Номун” зэрэг  хувийн эмнэлэгт PCR шинжилгээг 60-100 мянган төгрөгөөр авч байна. Мөн хувийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест 30-40 мянган төгрөгөөр оношилж буй. Харин шүлснээс Covid-19  илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх нь  халдварыг эрт илрүүлэх, нас баралтыг бууруулах нэг гарц нь болоод байна.

Тиймдээ ч олон нийтийн дунд шүлснээс Covid-19 илрүүлэх түргэвчилсэн оношлуур эрэлт, хүлээлт үүсээд буй. Одоогоор Герман эм эмийн захиалгаар Ай Ви Ко интернейшнл компанийн оруулж ирсэн шүлснээс илрүүлэх түргэвчилсэн оношлуураар иргэд гэртээ өөрсдийгөө оношлох болжээ. Тус оношлуур нь хайрцагтаа 25 ширхэг, нийт үнэ нь 400 мянган төгрөг аж. Нэг ширхэг тест нь 16 мянган төгрөг боловч багцаар нь худалдан авах боломжтой юм.

Нөгөөтэйгүүр Монгол эрдэмтдийн бүтээсэн  шүлснээс Covid-19  илрүүлэх оношлуурыг  хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгээд буй. Хэрэв энэхүү оношлуураар  хувийн эмнэлгүүдэд  шинжилгээ авч эхэлснээр PCR шинжилгээг тойрсон асуудал цэгцэрч, халдвар, нас баралтын эрсдэл ч буурах боломжтойг эрдэмтэд хэлж буй. Одоогоор 10000 оношлуурыг Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, СХД-ын нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилаад буй.

Энэхүү оношлуурыг цар тахал дэгдсэн цагаас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх боломж байсан эсэхийг АШУҮИС-ийн сургуулийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач  Г.Батбаатараас тодруулахад “Оношлуурыг тухайн үед хэрэглээнд нэвтрүүлэх боломж нь байсан ч дэмжлэг дутагдсан. Өнөөдөр шүлснээс Covid-19  илрүүлэх оношлуураар  хувийн эмнэлгүүдэд  PCR шинжилгээ авах боломжтой. Хамгийн гол нь, хувийн эмнэлгүүд PCR машинтай байх, Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ хийх зөвшөөрлийг эмнэлгүүдэд олговол ямар ч асуудал байхгүй. Бид хувийн эмнэлэг, лабораториудтай хамтран ажиллах, шинжилгээг авах боломжтой. Халдварыг эрт оношлох тусам нас баралт буурна. Өнөөдөр халдварыг эрт оношлоогүйн улмаас л өвчлөл хүндэрч байна шүү дээ.

Хэрэв шүлснээс илрүүлэх оношлуураар PCR шинжилгээг хувийн эмнэлгүүдээр авч эхэлбэл үнэ өртгийн хувьд ч хямд тусна. Дунджаар 30 мянган төгрөгийн үнэтэй байна гэж үзвэл PCR шинжилгээний өртгөөс хямд гэсэн үг. Үүнд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, гадаадаас оруулж ирж буй оношлуурууд бол түргэвчилсэн. Харин бидний бүтээсэн шүлснээс илрүүлэх оношлуур баталгаажуулах PCR гэдгээрээ ялгаатай.

Хамар залгиурын болон шүлснээс илрүүлэх түргэвчилсэн оношлуур нь хамгийн багаар бодоход 100 мянган вирус байхад тодорхойлно. Үүнээс доош тохиолдолд мэдрэг чанар нь  илрүүлдэггүй. Бидний бүтээсэн шүлсний оношлуур 12 вирус байхад л мэдрэг чанар нь  оношийг  тодорхойлж чадна. Нөөцийн хувьд бидэнд хангалттай бий. Хувийн эмнэлэг, лабораториудтай хамтран ажиллахад Эрүүл мэндийн яам, төрийн дэмжлэг илүү  хэрэгтэй” гэлээ. Харин Эрүүл мэндийн яамнаас шүлснээс илрүүлэх  PCR оношлуураар хувийн эмнэлгүүд шинжилгээ авах нь нээлттэй. АШУИС-аас хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломжтой гэх тайлбарыг өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж