С.Бизьяа МУИС-ийн физикийн тэнхимийн хоёрдугаар дамжааны оюутан. Тэрбээр энэ ангийг яагаад сонгон суралцах болсноо ийн тайлбарлав. "Миний аав физикийн багш. Тиймээс багаасаа физикийн хичээлд дурлаж, улам гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн. Дунд сургуулиа төгсөхдөө би өөр чиглэлээр суралцдаг юм уу гэж бодож байсан. Харин манай тэнхимийн багш надад санал болгосон л доо". С.Бизьяагийн анги таван оюутантай. Гэхдээ тэр нэгийг нь танина, бусдыг нь харж байгаагүй гэнэ. Тэрбээр оюутнууд физикийн мэргэжлийг сонгохоо больсон шалтгааныг хэлэхдээ "Хүүхдүүд физикийн ангийг сонгодоггүй нь төгсөөд ажиллах ажлын байрны олдоц муу, бас цалин бага байдагтай холбоотой байх. Мөн ЕБС-д физикийн хичээлийг уйтгартай заадаг нь хүүхдүүдийг залхааж, маш хүнд хэцүү хичээл гэсэн ойлголтыг өгч, энэ хичээлд дургүй болгочихдог” гэв.
МУИС-ийн Физикийн тэнхимийн хоёрдугаар дамжаа ердөө таван оюутантай. Тэдний хоёр нь өөрийнхөө хүсэлтээр уг тэнхимд элссэн. Харин сургуулийн захиргааны зүгээс таваас бага оюутантай бол тэнхимийн хөтөлбөрийг хаах шаардлага тавьсан байна. Тиймээс багш нар нь тоо, физиктээ сайн гэх хүүхдүүдийг гуйж, түүж оюутныхаа тоог арай гэж тав болгосноор үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон гэнэ.
Уг нь, шинжлэх ухааны хаан нь математик, хатан нь физик гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь хими, биологи зэрэг бүх төрлийн байгалийн шинжлэх ухааны үндэс нь. Орчлон ертөнц хэзээ хэрхэн үүссэнээс эхлээд, молекулуудын хөдөлгөөн зэрэг байгалийн бүх үзэгдлийг физикчид судалдаг. Өдгөө хүн төрөлхтний хэрэглэж байгаа гар утас, компьютер, техник технологи зэрэг нь физикчдийн судалгааны нэгээхэн хэсэг билээ. Гэтэл энэ том салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо алдагдаж байгаа нь харамсалтай. Энэ гажуудал олон зүйлээс шалтгаалдаг аж.
Нэгдүгээрт, 2014 оноос МУИС-ийн нэгдүгээр дамжаанд оюутан элсүүлэхдээ анги сонгуулалгүй шууд элсүүлэх болсон. Ингээд нэг жил ерөнхий хичээл заалгаад хоёрдугаар дамжаанаасаа мэргэжил сонгон суралцдаг зарчим нь физикээс хөндийрүүлж, энэ мэргэжлийг сонгох сэдлийг нь замхруулдаг аж. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлснээс хойш физикийн тэнхимээс гадна, хими, биологи зэрэг байгалийн ухааны чиглэлийн салбаруудад боловсон хүчин бэлтгэх бодлого доройтолд орсон байна.
Хоёрдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) ахлах ангид физикийн хичээлийг сонгон судлах хичээл болгосон бөгөөд сонгон судалж байгаа сурагчдын тоо тодорхой групп үүсгэх хэмжээнд хүрэхгүй бол цуцлагддаг байна. Энэ нь физикийн хичээлийг сонирхсон ч сонгож чадахгүй хохироход хүргэдэг гэж ЕБС-ийн физикийн багш ярьж байна.
Гуравдугаарт, физикийн хичээлийг ЕБС-ийн багш нар заахдаа сурагчдад ойр байлгах тал дээр ажилладаггүй, асар хүнд хичээл мэтээр заадаг нь сурагчдыг физикийн хичээлд дургүй, энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэлгүй болгодог гэж сурагчид ярьж байлаа.
ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ НЭГ ХҮҮХЭД АВЧРААД ТАВ БОЛГОЖ ХИЧЭЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН
МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, дэд профессор Д.Эрдэнэбаатараас энэ асуудалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-МУИС-ийн Физикийн тэнхим хаагдахад хүрлээ гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр та энэ асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хаагдахад хүрлээ гэдэг нь хаагдах аюул байна, хаагдах асуудал яригдсан гэсэн үг. Учир нь, өнгөрсөн оны зургадугаар сард МУИС-ийн Физикийн тэнхимийн хурлын үеэр сургуулийн захиргааны зүгээс физикийн ангийн хөтөлбөр үр ашиггүй байгаа, цөөхөн оюутан элсүүлж байгаа болохоор таваас доош оюутан сонговол хөтөлбөрт элсэлт авахгүй гэдэг асуудал яригдсан. МУИС-ийн Физикийн тэнхим нь физикч, физикийн багш гэсэн үндсэн хоёр хөтөлбөрөөр элсэлт авдаг. Энэ хоёрын учрыг ол, цөөхөн оюутантай байгаад байвал хаана гэх агуулгатай хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Физикийн тэнхимийн багш нар бүгд эсэргүүцлээ илэрхийлсэн. Физикийн салбарыг бодлогоор авч явах ёстой байтал цөөн хүүхэд элссэн гэх шалтгаанаар хаах талаар ярьж байгаа нь зохимжгүй гэдгийг илэрхийлсэн. Гэвч физикийн багшийн хөтөлбөрийн элсэлтийг 2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авалгүй өнжүүлсэн. Их сургуулийн оюутан нь хоёрдугаар дамжаанаасаа үндсэн ангиа сонгож суралцдаг. Өөрөөр хэлбэл, физикийн багшийн хоёрдугаар ангид хүүхэд аваагүй гэсэн үг. Харин физикийн ангийг дөрвөн оюутан сонгосон байдаг. Ингээд тэнхимийн эрхлэгч хөөцөлдөж байж нэг хүүхэд шилжүүлж авчраад тав болгож хичээлээ эхлүүлсэн. Миний хувьд физикийн хоёрдугаар курсийн ангийн багш. Дааж авсан ангитайгаа уулзалт хийх, сургалт явуулах зэрэгт хоёр л оюутан оролцож байсан нь үнэн.
-Танай сургуулийн зүгээс энэ тэнхимийг хаахгүй, харин ч элсэн суралцаж байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байгаа гэх тайлбарыг өгч байсан?
-Физикийн тэнхимийн хоёрхон хөтөлбөрийн нэгийнх нь элсэлтийг зогсоож байгаа нь хааснаас ялгаагүй нөхцөл байдал. Өмнө жил нь элсэлт аваагүй хөтөлбөрийг оюутан сонгох магадлал бүр л буурч таарна. Бас хаах талаар ч яригдсан. Үнэндээ бодлогоор дэмждэг юм бол элсэлт хаах тухай асуудал ярих ч ёсгүй юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь сайн хэрэг, гэвч үзүүлэхдээ дүнгийн голч нь 3.2-оос дээш байх зэрэг шаардлага тавьж байгаа. Физикийн ангид тогтмол 3.2-оос дээш голчтой суралцана гэдэг тийм ч амар зүйл биш. Зөвхөн төлбөр гэдэг талаас гадна үнэхээр сонирхолтой хөрвөх чадвартай физик суурьтай, технологийн чадвартай мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг ч бас нээх шаардлагатай байгаа юм л даа.
УРЬД НЬ НЭГ АНГИД 50-60 ХҮҮХЭД СУРДАГ БАЙЖЭЭ
Физикийн тэнхимийн багш ийнхүү харамсангуй ярьж байна. МУИС анх 1942 онд байгуулагдахад физикийн салбар нь цуг нээгдсэн, суурь шинжлэх ухааны нэг юм. Энэ салбар нь 2014 оныг хүртэл МУИС-ийн Физик-Электроникийн сургууль гэж хөгжиж явсан. Шинэчлэл гэх нэрийн дор сургууль нь татан буугдаж физикийн тэнхим нь л үлдсэн, бусад нь өөр салбарт тарсан юм байна. Ингээд физикийн багш, физикийн анги л үлджээ. Урьд нь Физик-Электроникийн сургуулийн нэг ангид 50-60 хүүхдийн элсэлт авдаг байжээ.
Гэтэл одоо тэнхимийн бүх дамжаанд нийт 50-60 оюутан бүртгэлтэй байгаа бөгөөд бодит байдал дээр түүнээс цөөн оюутан идэвхтэй суралцаж байгаа ажээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МУИС-ийн захиргаанаас шинэчлэл нэрийн дор зарим тэнхимийг хаахад хүргэж байгаа энэ асуудлын талаар тодруулахад хэвлэлийн төлөөлөгч Г.Билгүүн “МУИС физикийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй. Харин ч энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элссэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байснаа 100 хувь болгож өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр дамжаандаа сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100 хувь төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой. Энэ талаар бид удахгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
Физикийн салбарт элсэн сурагчдын тоог нэмэгдүүлэхэд салбар яам нь бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Мөн ЕБС-ийн ахлах ангид физикийн хичээлийг сонгон судлах хичээл болгосон нь олон хүүхдийг мөрөөдлөө орхиход хүргэж байгаа юм. Бас физикийн багш нарын заах арга барилыг ч өөрчлөх шаардлага тулгараад буй. Тиймээс БШУЯ-наас уг асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл авахыг хүссэн ч “Манайхан хуулийн төслүүд дээр ажиллаад хэвлэлд яриа өгөх завгүй байгаа” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан юм.
ФИЗИКИЙН АНГИ ТӨГССӨН ХҮН ӨӨР ОЛОН МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Физикийн анги төгссөн хүн зөвхөн багш болдог гэсэн ойлголт нь өрөөсгөл. Харин ч эсрэгээрээ олон мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой юм. Яагаад гэвэл тэд математикийн, судалгааны, байгалийн шинжлэх ухааны гэх мэт маш олон чадамжийг зэрэг эзэмшиж төгсдөг аж. Бусад хүмүүс мэргэжлээ дээшлүүлэх гэж математикийг нэмж судалж байхад физикчид цаг товчлон орчуулагч, бизнесийн удирдлага, төслийн удирдлагаар мэргэших боломжтой ажээ.
Түүнчлэн ерөнхий мэдлэг олж авсан гэж үзвэл математик, физик, хими, мэдээлэл зүй гээд дөрвөн хичээлийг зааж чаддаг болно. Мөн арай өөр чиглэлээр ажиллахаар бол холбооны инженер, цахилгааны инженер, нисэхийн техникчээр ажиллах боломжтой. Үүгээр зогсохгүй бизнес хийе гэвэл телевиз засвар, фото зурагчин, програмист гээд юу л бол юу хийх чадвартай болох юм.
Аливаа улс орны хөгжил дэвшлийн амин чухал мэргэжил, гол боловсон хүчин, үнэт баялаг нь болсон физик, инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүдийг төрөөс бодлогоор дэмжих цаг болжээ. Монголын нийгмийн хөгжлийг чирч явах инженерүүд эндээс л төрнө.
Гэтэл боловсролын салбарт олон жил нүүрлэсэн алдаатай бодлогын улмаас энэ төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол сургууль болох МУИС-ийн Физикийн тэнхимд элсэн сурагчид цөөрч, улмаар физикийн анги нь ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ