"Хуулийн төсөл АНУ-ын Конгрессын гол хоёр намын дэмжлэгийг авсан"

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

"Хуулийн төсөл АНУ-ын Конгрессын гол хоёр намын дэмжлэгийг авсан"

"Хуулийн төсөл АНУ-ын Конгрессын гол хоёр намын дэмжлэгийг авсан"

Ямар ч улсын гадаад бодлогын энэ тэргүүний чиглэл нь хөрш орнууд байдаг. Монгол Улсын хувьд ч  хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх, найдвартай түнш байх үүднээс тэдний нөлөөг гуравдагч хөршийн оролцоотойгоор зөөллөн, эвээр тэнцвэржүүлэх бодлогыг явуулж байна.  Гуравдагч хөрш гэдгийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.5-т “Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заажээ.  

2017 онд Монгол Улс, АНУ хоёр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэсэн.  1987 оноос хойш 34 жилийн хугацаанд хоёр улс харилцаагаа эдийн засаг, соёлын салбараас авхуулаад цэргийн салбар хүртэл өргөжүүлэн хөгжүүлж, өнөөдөр АНУ, Монгол Улс хоёуланд нь харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэх хоёр талын худалдааны хуулийг батлахаар ажиллаж байна.“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн  төслийг 2018, 2019 онд Конгресст өргөн барьсан ч батлуулж чадаагүй.

Тэгвэл энэ сарын 22-нд АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар  тус хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барьжээ.

Энэхүү хуулиар Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй. Цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх, Монгол, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ЧИГЛЭЛД ТҮЛХҮҮ АЖИЛЛАЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх:

-“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль” нь  АНУ-ын парламентын эрхийн асуудал учраас хэзээ батлагдах эсэх дээр хариулт хэлэхэд хэцүү.  АНУ-ын Конгресс хоёр жил тутамд солигддог. Нэг асуудлаа өргөн бариад  хэлэлцэж шийдвэр гаргаж амжаагүй байхад нь дараачийн сонгууль болоод шинэ Конгресс бүрэлддэг. Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг энэ сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барьсан.

Хуулийн төслийг шинэ бүрэлдсэн Конгресст өргөн барьсан нь “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль” нь олны анхаарлын төвд байна гэсэн үг. Хоёрдугаарт тус хуулийг Ардчилсан нам, Бүгд найрамдах намын хоёр дарга өргөн барьсан.

Ингэснээр манай хуулийн төсөл Конгресст байгаа гол хоёр намын дэмжлэгийг авч байна гэсэн үг. Шинээр бүрэлдсэн Конгрессын гишүүд дунд  дахин сонгогдсон, зарим нь шинэ гишүүд байгаа учраас хуулийн төслийг дэмжих хүмүүсийн тоонд өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс Гадаад харилцааны яам АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Монгол-Америкийн бүлэгтэй хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө  хуулийн төслийг дэмжих гишүүдийн тоог нэмэх чиглэлд түлхүү ажиллаж байна. “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өмнө нь 2018, 2019 онд Конгресст өргөн барьж байсан. АНУ-ын 116 дугаар Конгресст эл хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг авч байсан. Ерөнхийдөө АНУ-ын Конгресс Монгол Улсын ардчилал, хөгжил, Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа баталж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2020 оны арванхоёрдугаар сард, Сенатын танхим 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг тус, тус баталсан. Тиймээс "Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-д Монгол Улсын Засгийн газар ихээхэн найдлага тавьж байгаа.

ХӨДӨӨ АЖ АХУЙ, БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ НЬ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ БОДЛОГО

2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “ АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж буйг илэрхийлсэн.

Монгол Улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тиймээс  нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцоолсноор 40-50 мянган хүний ажлын байр бий болно. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж