Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Asiana Airlines” компанийн Гүйцэтгэх захирал асан Ким Сү Чонд өчигдөр (2021.04.25) тус улсын шүүх хоёр сая воны торгууль ногдуулжээ. Учир нь тэрбээр сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилчдадаа чөлөө өгөхөөс татгалзсан байна. Тэр 2014-2015 оны хооронд онгоцны үйлчлэгч 15 эмэгтэй ажилтны чөлөө авах 138 хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан аж.
Ийнхүү татгалзах болсон шалтгаанаа тэрбээр "Ажилчид сарын тэмдэг нь ирсэн эсэхээ батлах ёстой байсан" хэмээн тайлбарлажээ. Мөн тэдгээр ажилтнууд ихэвчлэн баяр ёслолын үеийг тааруулж ийм чөлөө хүсдэг байсан нь сэжигтэй санагдаж, зөвшөөрдөггүй байсан аж.
“Asiana Airlines” компанийн ажилтнууд анх 2017 онд доод шатны шүүхэд захирлынхаа эсрэг гомдол гаргасан нь одоо ийнхүү эцэслэн шийдэгдэж буй юм байна.
Тус улсад 1953 онд батлагдсан хуулийн дагуу эмэгтэйчүүд сар бүрийн хоёр өдөр сарын тэмдэг ирсэнтэй холбоотой чөлөө авах эрхтэй байдаг. Япон, Индонез, Тайвань зэрэг улсуудад ийм төрлийн хууль байдаг ч амьдрал дээр хэрэгжилт нь тааруу байдаг аж. Гэхдээ энэ хууль эмэгтэй ажилтнуудын талаар нийгэмд буруу ойлголт бий болгож, эмэгтэй хүнийг ажилд авахаас татгалзах хандлага бий болгодог гэж зарим хүмүүс үздэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ