Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч энэ сарын 24-ний орой 22.00 цагийн орчимд нас барсан хэрэг гарсан талаар мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжинд задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Үүний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас цэргийн ангийн холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ЭРГЭН МЭДЭЭЛНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Хилийн цэргийн 0168 дугаар ангид ийм асуудал гарч, ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Уг байлдагч долоо хоногийн дараа гэртээ харих байсан. 25 настай, Хөвсгөл аймгийн харъяат, ганц бие хүн байсан. Өмнө нь болсон үйл явдлуудтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгүүд хүргүүлсэн.
Алба хаагчдын сэтгэлзүйтэй ажиллах хүчийг нэмэгдүүл, анги нэгтгэлүүд дээр сэтгэл зүйч ажиллуулах чиглэл өгсөн. Долоо хоногийн өмнө Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу ангийн удирдлагууд цэргийн ангиудад ажиллаж хоол унд, нөхцөл байдлын талаар асууж, хариулт авахад ямар нэгэн тодорхой зүйл илэрхийлээгүй гэж байгаа.
Говийн хоёр цэргийн анги дээр ийм харамсалтай хэрэг гарсан. Өмнө болсон хэргийг шалгаад, ангийн удирдлагуудыг сольсон ч дахин ийм хэрэг гарлаа. Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн мэдээлнэ” гэв.
"МАЛАА ЭРГЭЭД ИРЬЕ” ГЭЖ ГАРААД, МАЛЫН ХАШААНД ХООЛОЙГОО БООМИЛСОН БАЙДАЛТАЙ ОЛДСОН
Дээрх хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас "Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х нь 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн орчимд амиа егүүтгэжээ. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Талийгаач “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Холбоотой мэдээ