– “Сагсаахай”-гийн өдрийн тэмдэглэл №2 –
УСНЫ ТУХАЙ ЯРИА
Энэ өглөө бид гурав агуйнхаа үүдэн дээр гараад, бие биенийхээ нурууг маажин эрхлэлдэж байлаа. Ноцолдож тоглосоор ээжийг араас гарч ирсэнийг ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд ээж хэзээний дэргэд ирчихсэн эвшээсхийгээд:
-Ээ мөн сайхан өдөр болох нь дээ. Хэдүүлээ энд ингэж нозоорч байснаас энүүхэн дор байх ус руу очиж сэрүүцье! Тэнд очиж урвагар та нарыг угаая гэв. Бид ч бөөн хөөр болж:
-Ямар гоё вэ. Ус гэдэг чинь эхийн сүүнээс амттай юу? гэж асуувал ээж:
-Тэнэгхэн үрс минь дээ. Ус гэдэг чинь ус л юм шүү дээ. Үнэр, амт, өнгөгүй шингэн биетийг хэлдэг. Усны ганц ид шид нь хатаж цангасан хүн, амьтныг ундаалж, ангаа цангааг нь тайлдаг юм. Хадны ёроолооос ундарч буй нь “Булаг”. Хальж урсаад өргөсч гүнзгийрээд ирвэл “Гол”. Хавийн газрыг эзлэн цэлэлзээд ирэхээрээ “Нуур” болчихдог юм. Одоо бидний очих газар бол Булаг. За явцгаая! гэж тушаалаа.
ЗАРАА АА-АА-АА, ЧАМАЙГ ДАА…
Булаг руу анх удаа явж байгаа бид бөөн хөөр явлаа. Зам зуурт зүгээр явахгүй хоорондоо ноцолдож, ноололдон хэдэнтээ тонгорцоглон унаж, ээжийн уцаарыг хөдөлгөж явав. Уцаарлах нь ч аргагүй юм. Ээж бидэнд байгаль, газар орны тухай таниулж мэдүүлэх гэж тайлбарлаж байхад бид ноцолдож, ноололдон тоос шороо пургиулж байсан болохоор. Хорвоо ертөнц, ургамал ногоо, хад чулуу, шавьж хорхойтой анх удаа танилцаж буй гурав шүү дээ.
Зам зуур ээжийн араас дагаж явсан бидний анхаарлыг бүлтгэр нүдтэй, могдгор сүүлтэй, эрээн алаг биетэй, эгдүүтэй амьтан эгшин зуур татлаа. Энэ бяцхан амьтан бидний хажуугийн өндөрхөн том чулууны ирмэг дээр зогсоод, элэглэсэн маягтай бүлтгэр нүдээ бүлтэгнүүлэн, нугжгар хүзүүгээ эргэлдүүлэн, сүүлээ шарвалзуулж байв. Эрэгтэй дүү эгдүү нь хүрсэн бололтой дээш чиглэн үсэртэл эрээн биет хоромхон зуур алга болж, дүү минь том чулууны ёроолын хэсэг ногоон дунд уначихав. Тэгснээ төд удалгүй:
-Элий халай, халцгай түлцгэй, түлэгдлээ гэсээр гарч ирэв. Ээж:
-Үгүй чи чинь. Гүрвэлийн араас үсрээд, халгай дээр унаж түлэгдээд сүйд болох шахлаа шүү дээ. Энэ говьд ийм амьтан зөндөө шүү. Хамгийн гол нь хашир байх хэрэгтэй гэв.
Бид гурав саяны явдлаас овоо санамж авч, түр зуур урдах замаа ширтэн цааш алхлав. Гэхдээ бяцхан оюун ухаануудад минь сонор сэрэмж гэгч тийм ч удаан оршин тогтнохгүй эд бололтой. Удсан ч үгүй гурвуулаа дахиад л уухилалдан ноцолдож, урдах замаа анзаарахтай манатай болов. Бид бие биенээ өдөн байдгаараа аахилалдан ноцолдож байтал гэнэтхэн миний хөлийн хажуугаар арзайсан үстэй бөндгөр амьтан гүйгээд өнгөрөхөд түрүүчийн удаа ээжийн сануулж хэлснийг умартан, сониуч зан минь хөдөлж, савраараа өөр лүүгээ ойртуулах гэтэл часхийн халуу оргив. Би өвдсөндөө,
-Яая, юу вэ! гэж өөрийн эрхгүй дуу алдлаа. Намайг дуу алдах чимээнээр ээж хэдийнэ дэргэд ирчихсэн:
-Тэнэгхэн гүемүүд минь дээ, түмэн жадтай түнтгэр өвгөн гэгддэг зараа гээч амьтан даа. Учиргүй олон өргөстэй амьтан байгаа биз! гэж хэлэхийн зууртгүй өргөст амьтан харганын араар орон хэдийнэ алга болсон байлаа.
ДЭРГЭР СЭРГЭР ЭВЭРТЭЙ, АМАНДАА УРТ ҮСТЭЙ ЮУ ВЭ?
Очих газар минь дөхөж буй бололтой сэнгэнэсэн үнэр хамар цоргив. Ээж биднийг “Булаг руу шууд очиж болдоггүй юм!" гээд өөрөө алхаагаа зөөллөн, мярайсаар нэг том харганы ард нам хэвтлээ. Бид ч ээжийн бөөрөнд наалдан, амьсгаагаа түгжин нам хэвтэв. Нам хэвтэнгээ харганын араас сэлмэн эвэртэй, эрүүн дороо урт унжлагатай сүрэг амьтад цувралдан ус руу орохыг харав.
Ээжээс бид:
-Энэ дэргэр сэргэр эвэртэй, амандаа урт үстэй юу вэ? гэж асуув.
-Янгир ус уухаар орж ирж байна. Яагаа вэ, хэдхэн хоногийн өмнө та нарыг унтуулахгүй хад чулуу харжигнуулаад байсан нөхөд шүү дээ гэлээ.
Бид:
-Энэ сүрлэг амьтад идэш хоол иднэ гэж үзүүлж өгдөг байх даа гэхэд ээж:
-Өндөр сүрлэг биетэй ч гэлээ өвсөн тэжээлтэй, гэмгүй амьтад. Өвөл хаврын цагт маньтай адил өл алдаад, өрөвдмөөр болчихдог юм. Энэ амьтад үгүй бол ирвэсүүд бид өлбөрч үхэх нигууртай. Идэш хоол болохоор заяагдсан ийм амьтдыг бид аль хөгшин хөвөөгөөс нь түүж иддэг юм. Оготно хулганыг ч гэлээ бид олноор барьж идсэн нь үгүй. Яваандаа та нар ойлгоно оо гэв.
Сүрлэг янгирууд ханатал умдаалсны дараа бид булаг дээр ирэв.
Ээ, ямар сайхан юм бэ. Сэрүүн булаг гэгч сэтгэл татам гоёхон юмсанж. Бид булгийн уснаас ханатлаа залгилж, эрхлэн наадав. Булгийн усан дотор байгаад баймаар ч буцах цаг дөхөж буйг ээж бидэнд ямар ч байсан ойлгуулж дөнгөлөө. Бид гурав уснаас гарч ирээд, зөөлөн ногоон ургамал дээр зөндөө удаан тухлан хэвтэв. Ээж:
-“Ширэг, Зүлэг” гэдэг чинь энэ шүү дээ гэж шивнэж өгүүллээ.
Гэдсээ наранд ээж хэвтсэн бидний дээгүүр гэнэт нэг урт сүүдэр тусав. Сүртэй том сүүдэр юм. Ахиулаад сайн харвал аварга сүүдрийн эзэн нь асар том шувуу агаарт дүүлэн нисч байв. Эмэгтэй дүү харин энэ сүүдрийг тоглоом гэж бодсон уу, энд тэнд тусахад нь араас нь дагаж бөмбрөхөд ээж хориглон болиулав.
-Юун энэ сүүдэртэй эрхэлж наадах нь байтугай, эмээж болгоомжилж байх ёстой байхад чинь. Дараа бүр сайн тайлбарламз! гээд дахин олон юм ярьсангүй гэрийнхээ зүг хөдлөх дохио өгөв.
Бид гурав шороо тоосоо сэгсэрч аваад, гурвуул зэрэгцэн ээжийг даган алхалж явтал гэнэтхэн хажуугийн бутны араас гоёмсог бор арьстай, биеэр багшаархан хэдэн шувуу дэрхийн нисэхэд бид гурав “бөндгөсхийтэл" цочив. Шувууд сүрхий хол ниссэнгүй, ойрмогхон очиж буугаад, онц сэрэмжтэйгээр биднийг ажин харж байв. Далавч “сүр пар” хийх чимээнээр ээж эргэж харсанаа бидний цочсоныг мэдээд инээд нь хүрэв бололтой:
-Болдог ч юмнаасаа цочив доо, та гурав минь. Ятуу шувуу байна. Хахилаг, ятуунууд хаа сайгүй шүү дээ. Явгалж гүйгээд алга болдог. Нислээ гээд үүдэн хойморийн газарт хөөрөөд, буудаг сонин шувууд шүү. Гэмгүй дээ, та нар гэдэс чинь өлсөхийн үед эднээс зооглох үе ирнэ гээд цааш алхлав.
ЗҮҮД ЗӨНТЭЙ БАЙДАГ БОЛОВ УУ
Булаг дээрээс ирсэн шөнө хичнээн гоё зүүд зүүдлэв дээ, би. Аварга шувуутай зэрэгцэн агаараар нисэн дүүлэх юм. Атигар жаахан биед минь алаг эрээн далавч ургасан байлаа. Жигүүртэй болсон биед минь дэм өгөхөөр жижигхэн дөрвөн сарвуу минь агаар самардаад л… Мөн ч удаан нислээ, би зүүдэндээ…
Зүүднээс сэрсэн хойноо саяны амттай зүүдээ бодсоор нүдээ алгуурхан нээвэл элбэрэлт эх маань алга. Хөөрхөн хоёр дүү минь нам унтаж байна. Аа мэдлээ мэдлээ. Ээж анд явж. Бодвол нөгөө янгир ч билүү, ятуу ч билүү тэрийгээ агнаж яваа биз! гэж бодсон миний мэргэн ухаанд нэгэн саваагүй бодол зурсхийн орж ирэв. Нээрэн яадаг юм. Жигүүртэн шувууд нисч болдог юм бол ирвэсийн гүем нисч яагаад болохгүй гэж би бодоод агуйгаас сэм гарч, ойролцоох намхан хадыг чиглэн алхав. Сайхан зүүдээ зөнтэй болгох гэж сандруухан алхалсан минь энэ л дээ. Зорьсон газраа ч ирлээ, хэдий намхавтар хад ч гэлээ орчны юмс бүр ч сайхан харагдсан балчир наддаа л өндөр уулсын оргил мэт санагдаж байв. Зориг гарган доош үсрэхдээ:
-Нисдэг ирвэсийн гүем надаас өөр байна уу хэмээн бахираад л хадны ёроолд ухаан алдан унав.
Сэргэх нь ээ, ээж минь учиргүй том нүднээсээ усны дуслууд бөмбөрүүлэн, энэ биеийг минь илбэн долоож байв.
-Ээ тэнэгхэн үр минь дээ. Ирвэс ниснэ гэж хэзээ хаанаас дуулаа вэ. Эндэж осолдоод үрэгдсэн бол ээж нь шар махтайгаа хатах байлаа. Эрхбиш намхан хаднаас унасан тулдаа л элдэв муу юм холуур өнгөрөв бололтой. Ан, ан гэж яваад алахыг шахав чамайгаа. Анхаарлаа ер салгаж болдоггүй алаг үрс шүү гээд, айхтар гүнзгий санаа алдсанаа:
-Хэдийгээр жигүүртэн шувууд шиг хөх тэнгэрт хөөрөн нисэхгүй ч гэсэн ирвэс бид чинь хадат өндөр уулсынхаа дунд халин дүүлэн “нисдэг” тэнгэрлэг амьтад билээ л. Сагсаахай минь чи насанд хүрэхээрээ найман метрийн хол зайд харайж, дээшээгээ хоёр метрийн өндөрт үсэрдэг жинхэнэ “нисдэг ирвэс” болно оо хэмээн сургаалийн үгсээ үргэлжлүүлэн айлдсаар сахилгагүй намайг дагуулан гэрийн зүг гэлдэрлээ.
Үргэлжлэл бий…
П.Наранбаатар /Монгол ирвэс ТББ/
Холбоотой мэдээ