"Малчдад жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээл олгоно"

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

"Малчдад жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээл олгоно"

"Малчдад жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээл олгоно"

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас хаврын тариалалтын ажлын явцын талаар тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг хэзээнээс олгож эхлэх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөдөө аж ахуйн салбарт олгох 500 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг энэ сарын 16-нд Сангийн сайдын тушаал гарч, олгохоор болсон. Арилжааны банкуудаар дамжуулж зээлийг олгоно. Энэ зээл зөвхөн тариаланчдад олгож буй зээл биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газраас Covid-19-тэй холбоотойгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Үүнээс хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ноолуурын үйлдвэрүүдэд олгох 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байгаа. Харин малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Монголбанк, Сангийн яам гарын үсэг зурчихвал ААН-үүдэд зээл өнөөдрөөс ч олгогдож эхлэх боломжтой. ХХААХҮЯ-наас арилжааны банкууд руу тариа тариалах аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг өгснөөр түүний дагуу аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргаад, банкууд нь тариалалт хийх талбайн хэмжээнд нь тааруулж тохирох зээлийг нь олгоно. Зээл авах аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх, мөн харилцагч банкныхаа тодорхой шалгууруудыг хангаж байх ёстой.

-Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хаврын тариалалтын ажил эхлэх хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Хаврын тариалалт технологийн хугацаандаа эхэлнэ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр урьд жилүүдтэй харьцуулахад энэ сард хур тунадас ихтэй байхаар байна. Энэ нь тариалалтын үйл явцад хөрсөнд чийг өгөх сайн талтай. Хугацааны хувьд хойшлох асуудал гарахгүй.

-Газар тариалангийн аль бүс нутагт нөхцөл байдал хүнд байна вэ?

-Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндрэл үүсч байгаа газар орон нутгуудад одоогоор байхгүй байна. Цас болон хур тунадасны тухайд газар тариалалтад хэрэгтэй.

-Газар тариалан эрхлэгчид бүгд дархлаажуулалтад хамрагдсан уу. Одоогийн байдлаар хэчнээн тариаланч хамрагдаад байгаа вэ?

-Орон нутгийн тариаланчдаа вакцинд хамруулахаар ажиллаж байна. 3500 гаруй тариаланч өнөөдрийн байдлаар вакциндаа хамрагдаад байгаа. Бусад тариаланчдыг яаралтай вакцинд хамруулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа. Нийт 14 мянган тариаланчийг дархлаажуулалтад хамруулна. Вакцинд хамрагдсан иргэдийн хоёр дахь тунг ажиллахаар очсон орон нутагт нь хийж байна.

-Тариаланчид хатуу хөл хорионы хугацаанд орон нутаг руу хэрхэн зорчих вэ. УОК-оос чиглэл өгсөн үү?

-Орон нутгийн тариаланчидтай энэ талаар хэлэлцэж байна. Хөл хорионы хугацаанд тариаланчид шаардлагатай үр, түлш, сэлбэг авах чухал хэрэгцээ гарвал орон нутаг зохион байгуулалтад ороод, дэмжиж ажиллаж байна. Нэг сумын тариалчид нэгдсэн байдлаар сэлбэг хэрэгслээ авах боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын тариаланчид шаардлагатай тариалангийн хэрэгслээ захилаа гэж бодоход түүнийг нь нэгдсэн байдлаар хамгийн ойрхон газраас татан авалт хийх буюу Дарханаас аваад хүргэж өгөх гэх мэтчилэн зохион байгуулалтад оруулж байгаа.

-Энэ жил хэчнээн га газарт тариалалт хийх вэ?

-Энэ жил 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Үүнээс 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жилийн хувьд бид “Өрхийн тариалан хөдөлгөөн” зохион байгуулж байна.  Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр аваад, ногоочид, тариаланчид, иргэддээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Ерөнхийдөө хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьсан. “Өрхийн тариалан хөдөлгөөн”-д хамрагдах хүсэлтэй иргэд орон нутгийнхаа Хөдөө аж ахуйн газраар дамжуулж захиалгаа өгөөд, үрээ хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж