Тэрслүү үг: Ё.Баатарбилэг гишүүний хүүхдүүдтэй барьцахыг хориглоно!

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Ё.Баатарбилэг гишүүний хүүхдүүдтэй барьцахыг хориглоно!

Тэрслүү үг: Ё.Баатарбилэг гишүүний хүүхдүүдтэй барьцахыг хориглоно!

Ард түмэн тэгш эрхтэй, Ардын намын гахай илүү эрхтэй бичигдээгүй хуультай байсан бол удахгүй гахайн торойнууд бүр илүү эрхтэй байх бичигдсэн хуультай болох гэж байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Худалдан авалт гэрээлэлтийн даргаар томилсон томилгоо  хууль зөрчсөн нь батлагдсан тул албан тушаалаас нь чөлөөсөн. Тэрбээр төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдоогүй, тус албан тушаалд тавих шалгуурт тэнцээгүй байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал жишээ нь Б.Энхмөрөнгийн томилгоо хууль ёсных болж хувирна.

Эсрэгээрээ эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн энэ мэт томилгоотой иргэд барьцаж, хэл ам хийх эрхгүй болно гэсэн үг. Тэгээд ч хэний хүүхдүүд гадагшаа явж хэн өндөр төлбөртэй сургуульд өндөр боловсрол эзэмшдэг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой хойно. Үндэсний их, дээд сургуульд үр хүүхдүүдээ сургасан улстөрчийг Монголоос эрж олноос өвсөн дотроос зүү хайсан нь бараг дээр

 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Энэ хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэх заалтыг суулгаж өгчээ.

Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдвал дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн иргэн төрийн албан хаагчийн шалгалт өгсөн бол шууд дарга болж, үндэсний  их дээд сургууль төгссөн залуучууд төрийн албаны мерит зарчмаар дээшээ өгсөнө гэсэн үг.   Нэг нь цахилгаан шатанд суугаад дээшээ өгсөж байхад нөгөө нь шатаар дээшээ гүйхтэй л адилхан юм.

Тэр тусмаа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журамд нийцэж, Боловсролын зээлийн сангаас зээл авдаг оюутнуудын ихэнх нь эрх мэдэлтнүүдийн, улстөрчдийн хүүхдүүд байдаг.

 Хамгийн сүүлд гэхэд Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэнгийн Бристолын их сургуульд суралцах сургалтын зээлийн төлбөрт Боловсролын зээлийн сангаас 77 сая гаруй төгрөг төлсөн тухай баримт дэлгэгдсэн. Энэ бол зөвхөн ганцхан факт.

Боловсролын зээлийн сангаар суралцсан, буцаад төлсөн эсэх нь тодорхойгүй олон хүн бий. Олонх нь сайд дарга нарын хүүхэд, ах дүү хамаатан садангууд. Ц.Нямдоржийн хүү Анхбаяраас эхлээд Ө.Энхтүвшингийн хүү Золбоот, Д.Лүндээжанцангийн Мөнхдэмбэрэл, Т.Бадамжунайн Оюунчимэг, Х.Баделханы Арна, Галия гээд уртаас урт жагсаал хөвөрдөг.

Төрийн албаны тухай хуульд

  • 2.1. тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 2.2. эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 2.3. ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх мэтчилэн

шалгуурыг тавьж өгсөн. Гэхдээ өнөөдрийн Монголын төрд үйлчилж байгаа тогтолцоогоор энэ шалгуурууд зөвхөн ардын хүүхдүүдэд үйлчилдэг. Авьяастай, чадвартай, мэдлэгтэй байлаа гээд танил тал, арын хаалга, аав ээжийн дэмжлэг, намын харъяалалгүй бол Монголын төрд эрхэлсэн түшмэл байтугай тэргүүн түшмэл ч болж чадахгүй. Их л сайндаа ахлах түшмэл болно.

Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Т.Бадамжунайн охин Гаваа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, М.Энхболд, Н.Ганбямба, Т.Очирхүү нарын хүүхдүүд Монголбанкинд том дарга нар хийдэг. Даргын хүү дарга болдог бичигдээгүй хуулиа тэд одоо бичиж үлдээх гэж байна.

Уг нь Ё.Баатарбилэг У.Хүрэлсүхийн засгийн үед БСШУС-ын сайдаар ажиллаж байсан хүн. Егөөтэй нь, Монголын боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлж явсан сайд асны үндэсний боловсролын талаарх үнэлэмж нэг иймэрхүү.

Монголд өдгөө боловсролын тэгш бус ялгаа өдөр шөнө шиг болсон. Зайсан ба Баянхошуу гэх бүхэл бүтэн хоёр өөр нийгмийн давхрага Улаанбаатарт үүссэн. Дарга нар жилийн 50 мянган ам.доллараар хүүхдэдээ өндөр боловсрол олгож байхад Баянхошууны жирийн иргэдийн хүүхдүүд ангидаа 50, 60-уулаа чихэлдээд сууж байна. Ядаж байхад сүүлийн хоёр жил хичээл сургуулийг нь таг хорьчихсон. Цаашдаа цар тахлын үеийн сургууль завсардалт Монголын боловсролын салбарт газар тэнгэр шиг ялгарал, зөрчил үүсгэж магадгүй болсон байна. Хувийн сургуульд сурдаг боломжтой айлын хүүхдүүд гэрээсээ цахимаар хичээлээ үзчихэж байна. Эцэг эх нь гэрийн багш хөлслөөд хичээлийг нь нөхчихөж байна. Гэтэл орлогогүй айлын хүүхдүүд ор тас хаягдаж, өдрийн хоолоо яая даа гэж байгаа  тэдний хувь юу хичээл сургууль.

Монголд хүүхдүүд хаана, хэнийд төрснөөсөө болж тэгш бус боловсрол эзэмшиж буй нь цаашдаа нийгэм үе дамжсан дарга болоод  үе дамжсан ядуу анги гэж хоёр хуваагдаж магадгүй дүр зургийг арилгах,  чухам үүний ялгааг ярих ёстой  атал гадаад, дотоодод сурснаар нь иргэдээ ялгаварлан, үндэсний боловсролоо үгүйсгэж суугаа Ардын намынхан албан ёсоор кастын системээ зарлах  дутаж байна. Эцэст нь анхааруулах нь, эрхэм гишүүн Ё.Баатарбилэгийн хүүхдүүдтэй барьцахыг хориглоно, эцэг эхчүүд ээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
13
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж