"Бид улсынхаа аюулгүй байдалд өөрсдөө л аюул учруулж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

"Бид улсынхаа аюулгүй байдалд өөрсдөө л аюул учруулж байна"

"Бид улсынхаа аюулгүй байдалд өөрсдөө л аюул учруулж байна"

Москвагийн Удирдлагын их сургуулийн докторант, судлаач Ж.Соёмботой ярилцлаа.

-Улс орны улс төрийн амьдрал ээдрээтэй байна. Улс төрчдийн бодлогогүй, увайгүй үйлдлийн уршгаар үндэсний аюулгүй байдал болгоомжлох хэмжээнд хүрлээ гэж зарим хүмүүс дүгнэж буй. Та судлаачийн хувьд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хэр баталгаатай байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Энэ талаар өнгөтэй өөдтэй, гэгээтэй зүйл ярьж чадахгүй нь. Бодит үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай улсын төр засгийн удирдлагын чадавх суларсан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн дийлэнх авлига, албан тушаалын гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчилд нэр холбогдож, эдийн болон албан тушаалын хүчтэй сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр эрэмбэлсэн  улс төрчид олширсон нь улс орон минь сулран доройтохын үндэс суурь болж байна. Хамгийн ноцтой нь, төрийн эрх барих дээд байгууллагынхны хууль бус үйл ажиллагаа, эд мөнгө, албан тушааалын төлөөх хязгааргүй шунал, түүний төлөө юу ч хийхээс буцахааргүй болсон сэтгэлгээ нь ард түмний төрд итгэх итгэлийг үгүй хийж байна. Угтаа манай улс шиг “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг, төрдөө хүндэтгэлтэй ханддаг, эх орон газар нутгийнхаа төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй язгуурын чанартай иргэдтэй улс тун ховор байх. Иргэдийн төрд итгэх итгэл бол тусгаар тогтнол, аюулгүй байдлын чухал баталгаа. Үүнд төр засгаас онцгой анхаарал хандуулж, улс орон иргэдийнхээ төлөө эх оронч, үндэсний үзэл шингэсэн улс төрийн бодлогыг тууштай, тасралтгүй, залгамж холбоотой явуулж, ард түмнийхээ итгэлийг буцааж олоход түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэддээ худал амалж, хууран мэхлэх замаар улс төрийн эрх мэдэлд хүрдэг, эрх мэдэлтэй болсныхоо дараа амлалтаа мартдаг хуучирсан технологио улс төрийн намууд, улс төрчид өөрчилж, халах цаг нь болсон. Ийм хоцрогдсон, ийм жижигхэн, ийм бүдүүлэг сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь хувьд ч, улс гүрнийх нь хувьд ч мөхөлд хүргэх аюултай.

-Гаднын орнуудаас манай улс руу чиглэсэн улс төр, эдийн засгийн нөлөөллийн үйл ажиллагаа тасардаггүй. Энэ асуудалд манай улс төрийнхөн анхаарал хандуулах хүсэл багатай байна уу гэж бодогдог. Гадна, дотнын элдэв нөлөөллийн ажиллагаанаас бид хэрхэн хамгаалвал зохих вэ?

-УИХ, Засгийн газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл зэрэг байгууллагууд үүний эсрэг нэгдмэл бодлогоор тэмцэх ёстой.  Яг үнэнийг хэлэхэд манай улс төрчдийн дунд энэ чиглэлийн асуудалд санаа зовнидог улс төрчид маш цөөн. Энэ бол улс орон, ард түмэнд маш хохиролтой, ноцтой үзэгдэл.

-“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг. Харамсалтай нь, өнөөдөр тодорхой хүчнүүд нам гэсэн талцлаар улс орны хөгжлийг урагшлуулах биш, гацааж байна. Энэ байдлаас ангижрах боломж бий гэж үздэг үү?

-Бид үндэстнийхээ сэтгэлгээний хүч чадал, давуу болон сул талаа судлахгүйгээр, нээхгүйгээр, зөв үнэлэхгүйгээр өөрчлөгдөж, хөгжих үнэхээр боломжгүй юм. Тухайлбал, монголчууд хүчирхэг байхдаа хэн байсан, сул дорой байхдаа хэн болж хувирсан, эдгээрт чухам юу нөлөөлж байв зэргийг үргэлж судалж, дүн шинжилгээ хийж, төрийн бодлого үйл ажиллагаандаа хүртэл ашигладаг байх ёстой. Төрийн эрхэнд улс төрийн ямар ч нам гарсан биднийг хөгжилд хүргэхгүй гэдгийг сүүлийн 30 жил Монгол төрийн бодлого, үйл ажиллагаа бүрэн харууллаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр монгол хүн бүр сэтгэлгээний хандлагаа л өөрчлөх ёстойг илэрхийлж буй хэрэг юм. Бидний хөгжлийг гацаанаас гаргах, улс шиг улс болж хөгжих цорын ганц өөрчлөлт бол монголчууд бидний сэтгэлгээний өөрчлөлт. Бидний цөөхөн монголчууд дэлхийн хүчирхэг орны иргэд шиг сэтгэдэг, хүсэл зорилгодоо хүрдэг дадал зуршлаа дахин сэргээж, хөгжүүлэх шаардлагатай. Ийм хандлагыг монгол үндэстэн дэлхийд анх түгээсэн. Бидний өвөг дээдэс дэлхийг захирч явахдаа тооны хувьд хэзээ ч бусдаас илүү гарч байгаагүй. Зөвхөн тооноос чанарт шилжих гайхамшигт хуулиар дэлхийд монгол үндэстэн гэж хэн бэ гэдгийг таниулж, мэдрүүлж, бахархуулж чадсан. Агуу зүйл энгийнээс эхэлдэг гэдэг. Бид бие биенээ муулсан, талцаж хуваагдсан, бэлэнчилсэн, бүтээмжгүй, ямар ч сайн зүйлийг бараан өнгөтэй болгон хувиргадаг урагшгүй бүхнээс л яаралтай салж, зөвд тэмүүлэх хандлага бий болгох ёстой. Эс чадваас ядуу буурай, сэтгэлгээний тусгаар тогтнолгүй, харийг шүтсэн монгол хүний өнөөгийн амьдрал цаашид яг энэ хэвээрээ үргэлжлэх нь ойлгомжтой.

-Өнөөдөр үндэсний аюулгүй байдал, улс орны батлан хамгаалах хүч нөөц хэмээх ойлголтыг өөрөөр харж, цоо шинээр үзэл баримтлал, онолоо дэвшүүлэхийг цар тахал сануулж буй. Таны бодлоор энэ үед хөгжилд хүргэх гол гарц юу байх вэ?

-Хөгжлийн тухай ярихад монгол хүний язгуур мөн чанар, сэтгэл зүйн онцлогийн тухай ярих шаардлагатай болно. Ямар ч улс үндэстний хөгжлийн концепц түүхтэйгээ холбогддог. Монголчууд эв нэгдэлтэй, бие биенээ хайрладаг хүндэлдэг, хуулийг дээдэлдэг, жинхэнэ эрх ашиг нь Монголынхоо төлөө цохилдог удирдагчидтай байсан цагтаа хүчирхэгжиж, дэлхийн талыг эзэгнэж байсан түүхтэй. Харин дээрх мөн чанарууд саармагжиж үгүй болсон үед бусдад эзлэгдэж, мөхлийн ирмэгт тулж байсныг түүх гэрчилдэг. Ер нь өнөөгийн болж бүтэхгүй байгаагийн үндсэн шалтгаан нь монгол хүний язгуур чанарууд гээгдэж, эд баялгаас илүү эвийг эрхэмлэдэг байсан монгол ухаан бүдгэрч буйтай зарим талаараа холбоотой ч байх гэж боддог. Бид монгол ухаанаар дэлхийг засаглаж явсан ард түмэн гэдгээ ямагт санаж, энэ бахархалт үзэл санааг үндэснийхээ  өөртөө итгэх итгэлийг сэрээх, эв нэгдлээ бэхжүүлж, оюуны хурдны зам болгон ашиглаж чадвал улс орны хөгжил зөв гольдрилдоо орж, сайн сайхан бүхний эхлэл болох нь гарцаагүй юм. Бид дэлхийн ямар ч үндэстнээс дутаарахгүй улс орноо хөгжүүлж чадна.  Бидэнд тийм гайхамшигтай ген, бусад боломжууд ч бий.

-Хүмүүс таныг “Муухай монгол хүн” номын зохиогч гэдгээр сайн мэдэх болов уу. Нэлээн олон жилийн өмнө гарсан санагдаж байна. Яагаад ийм зохиол бичих болсон юм бэ?

-Монгол хүний сэтгэл зүйн онцлог, язгуур мөн чанарын талаар судалсан иж бүрэн судалгааны бүтээл манай улсад бараг үгүй юм. Монголчууд бол агуу түүхийг бүтээсэн, бахархам амьдарч ирсэн дэлхийн цор ганц үндэстэн. Харин өнөө цагт дэлхийн хөгжлөөс үлэмж хоцорч, бусдын гар харсан, алтан дээр суусан гуйлгачид гэж доромжлуулж, доог тохуу болж амьдарч байна. Нэг сая 566 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, байгалийн асар их нөөцтэй, экологийн цэвэр орчинд, дэлхийн хамгийн том хоёр зах зээлтэй хиллэдэг. Ердөө 3.3-хан сая хүн амтай хэрнээ ядуу тарчиг амьдарна гэдэг хэзээ ч байж боломгүй, бүр ой гутмаар зүйл. Товчхондоо, бидний хөгжил, сэтгэлгээний хоцрогдлын бодит шалтгаан нь “Муухай монгол хүн” юм. Үүнтэй монгол хүн бүр цаг алдалгүй тэмцэх ёстой гэдгийг бүтээлээрээ нийтэд хүргэхийг зорьсон. Мөн монгол хүн хэн болж өөрчлөгдөж буйг, хэн болж өөрчлөгдөж болохгүйг хүн бүр ухаарч, эх орон, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө өөрчлөгдөх ёстойг сануулж, анхааруулахыг хичээсэн.

-“Муухай хятад хүн”-ээс ялгарах зүйл бидэнд байна уу?

-Бусад улс орнуудад “Муухай монгол хүн” номтой төстэй бичигдсэн “Муухай хятад хүн”, ”Муухай япон хүн”, “Муухай америк хүн” зэрэг бүтээлүүд бий. Агуулгын хувьд үндэстнийхээ хөгжил дэвшилд саад болж буй зан чанар, алдаа дутагдлаа бүрэн оношилж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдаг. Харин “Муухай монгол хүн” дээрх зохиолуудтай зорилгын хувьд адил ч зохиогчийн хувийн үзэл бодол гэхээсээ илүү бодит  судалгаа, үйл явдал, жишээ баримтад тулгуурлан бичигдсэнээрээ онцлог. Энэ бүтээлийн үзэл санааг боловсруулахад үнэтэй зөвлөгөө өгч, тусалж дэмжсэн яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай ахдаа талархаж явдаг. Номын хавтас дээрээ яагаад Бямбын Ренчин гуайн зургийг сонгон тавьсан юм бэ гэж олон хүн асуудаг. Монголд эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантан хуруу дарам цөөн. Нэрт эрдэмтэн Б.Ренчин бол шударга бус явдалтай үл эвлэрэгч, үндэсний хэл соёлоо дээдлэгч, түүний төлөө цуцалтгүй тэмцэгч, эгэл жирийн хүмүүст элгэмсүү, дарга сайд нарын хоцрогдол, хуудуутай явдлыг ёжтой онч үгээрээ тууштай шүүмжлэгч байсныг монголчууд сайн мэднэ. “Муухай монгол хүн” ном ийм л үзэл санаагаар үзэглэгдсэн учраас Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин гуайн хөргийг номынхоо нүүр болгосон юм.

-Өнөөдөр олон жилийн өмнөх “Муухай монгол хүн” өөрчлөгдсөн үү?

Удахгүй өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Би эх орныхоо ирээдүйг ямагт өөдрөгөөр төсөөлдөг. Бидэнд бусдын адил сайн, муу чанар бий. Монголчууд бид дэлхийн бусад үндэстнээс хэзээд ялгарах уламжлалт сайхан чанаруудаа хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх ёстой. Энэ нь үеийн үед Монгол Улсын минь тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, хөгжлийн тулгуур багана байх учиртай. 21 зууны монголчууд бидэнд дэлхийд цуу алдраа цуурайтуулах боломж гарцаагүй бий гэдэгт би итгэдэг.

-Муухай монгол зан, сэтгэлгээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж боддог уу?

-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд шууд халдан заналхийлэх, илэрхий үгүйсгэх хандлага, маргаан дэлхий дахинд байхгүй. Харин гадаадын зарим улс орнуудаас манай улсын аюулгүй байдалд заналхийлэх үйл ажиллагаа тухайлбал, үндэсний эв нэгдлийг сарниулах, эдийн засаг, улс төрийн нөлөөлөл тогтоож, хараат бус байдалд оруулах, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлогууд нууц далд байдалд тасралтгүй, зогсолтгүй, байнга үргэлжилж буй нь тодорхой. Эдгээр үйл ажиллагаа гадаадын тусгай албадын оролцоотойгоор хэрэгжих нь ч ойлгомжтой. Харин бид тэдэнд хэзээ ч боломж олгодоггүй, аюулгүй байдлын хамгаалалтын маш сайн тогтолцоо, дэглэмтэй байх ёстой юм. Харамсалтай нь, өнөөдөр манай улсад гадаад улсын нөлөөллийн бодлого, санаархлыг эсэргүүцэх чадвартай төрийн бодлого, улс төрчид үндсэндээ байхгүй болсон. Тухайлбал, зарим орны тусгай албаны зүгээс “…Монголчууд мөнгөний төлөө нүдээ ч өгөхөөс буцахгүй болсон гэж дүгнэж байна” гэж Монгол Улсын Гавьяат хуульч Мятавын Цогтоо “Тагнуулын нэвтэрхий толь” бүтээлдээ бичсэн нь бий. Энэ бол манай улсын эсрэг ажилладаг гаднын нууц байгууллагаас Монгол төрийн үйл ажиллагаа, Монголын улстөрчдөд өгч буй бодит үнэлгээ ч гэж ойлгогддог. Мөн хамгийн ноцтой нь, Монголд мөнгөтэй байхад хэнийг ч худалдан авч болно, хүссэн хууль, хүссэн шийдвэрээ гаргуулж, нөлөөллийн ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлж болно гэсэн санааг мөн давхар илэрхийлж буй хэрэг.

-Монголчууд бид бие биетэйгээ тэрсэлдэж, нэгнийхээ дор орохгүй гэж тэмцэлдсээр ирлээ. Энэ муухай зангаас биднийг юу аврах бол?

-Монголчууд бол өвөрмөц сэтгэлгээтэй, сэтгэл зүйг нь ойлгоход тийм ч амархан ард түмэн бол биш. Гаднаа дайсангүй болоод ирэхээрээ л улс дотроо бие биетэйгээ дайсагналцаж үзэн ядалцаад эхэлдэг. Манай түүхэнд бид улсынхаа аюулгүй байдалд өөрсдөө л аюул учруулж, харийнханд боломж олгож байсан үйл явдал олон байдаг. Өнөөдөр ч тийм боломж бүрдэх эхлэл тавигдаж буйг зайлшгүй анхаарч сэрэмжлэх ёстой. Уг нь бид чинь хамгийн эв найрамдалтай амьдарч чадах ард түмэн шүү дээ. Монголчууд шиг гэр бүлсэг, ах дүү, хамаатан саднаа үргэлж дэмжиж тусалдаг, өөрөөсөө илүү бусдыг эрхэмд үздэг ард түмэн байхгүй байх. Үндэснийхээ энэ сэтгэл зүйн онцлогийг үндэсний эв нэгдлийг хангах хүч болгон ашиглаж чадвал өнөөгийн талцдаг, хуваагддаг, муудалцдаг монгол үгүй болно.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Монголчууд бид энэ удаа ямар удирдагчийг сонговол ононо гэж та бодож байна вэ?

-Монголыг технократ улс төрчид л хөгжлийн зөв замд оруулна гэдэгт би итгэдэг. Тухайлбал, Сингапурын эцэг гэгддэг Лю Куан Ю шиг. Тэрбээр Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан, байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүй дорой буурай, олон үндэстнээс бүрдсэн, арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улсыг хожмоо Азийн төдийгүй дэлхийн хэмжээний улс болгон хүчирхэгжүүлж чадсан. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр генерал Пак Жон Хыг ажиллаж байхад тус улс  экспортод тулгуурласан хүчирхэг эдийн засагтай болж, дотоодын үйлдвэрүүд нь  хөгжлийн өндөр түвшинд хүрчээ. Өнөөгийн Монголын улс төрд Лю Куан Ю, Пак Жон Хы нар шиг улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, бүтээж чаддаг, технократ сэтгэлгээтэй удирдагчид ус, агаар мэт хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж