Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг өнгөрсөн долоо хоногт Бали арлын ойролцоогоос сураггүй алга болсон билээ. Тус хөлгийг эрэн хайх ажиллагаанд хэд хэдэн улс нэгдсэн бөгөөд Бямба гаригт хөлгийн эх бие далайн ёроолд байгааг тандалтын төхөөрөмжөөр илрүүлсэн юм.
“KRI Nanggala-402” хөлгийн их бие гурван хэсэгт хуваагдсан байдалтай далайн ёроолд байгааг илрүүлж, хөлгийн багийн гишүүн 53 хүн амьд олдох найдлагагүй болсныг Индонезийн армийн генерал Хади Тяхяанто мэдэгджээ. Хөлгийн багийн гишүүдийн эд хэрэглэлүүд мөн далайн мандал дээрээс олдсон байна.
Осолд хөлгийн багийн гишүүд буруугүй, харин олон жил болж, хэтэрхий хуучирсан нь нөлөөлсөн гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдсан багийн гишүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим хэсэг нь хуучин хэвээр байгаа аж. “KRI Nanggala-402” хөлгийн хувьд 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэсэн, 2012 онд их засвараас гарсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Одоо тус улсад дөрвөн шумбагч хөлөг үлдсэний нэг нь мөн Германд үйлдвэрлэсэн хуучин хөлөг бол гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд аж.
Үүнтэй төстэй хэрэг хамгийн сүүлд 2017 онд Аргентинд болж байв. Тус улсын 44 хүнтэй шумбагч хөлөг Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болж, жилийн дараа далайн ёроолоос олдсон. Тэрхүү хөлөг дэлбэрэлтийн улмаас живсэн нь хожим тогтоогдсон билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ