Дэлхийн эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 40 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг бол бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд болох гангийн бүх үйлдвэрлэлд коксжих нүүрс ашигладаг. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүссэн эрсдэлүүд хүн төрөлхтний аж амьдралд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх болсон тул дэлхийн улс орнууд аль болох байгаль орчинд ээлтэй, эко хэрэглээг эрхэмлэж, “ногоон эрчим хүч”-ийг эрэлхийлэх болжээ.
Дэлхийд нүүрсний хэрэглээгээр тэргүүлдэг, нүүрснээс асар их хамааралтай Хятад улс дээрх давалгаанд нэгдэж, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч эхлээд байна. Дэлхийд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятадад байна. Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг тус улс үйлдвэрлэдэг. Тиймээс ч улс төр, эдийн засгийн хямралаас илүүтэй агаарын бохирдол, байгаль орчны өөрчлөлтөөс тус улс эмээж байгаа юм.
Хятад улс байгаль орчны асуудалд онцгой ач холбогдол өгч, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэн, агаарын чанарыг сайжруулахаар тэмцэж байгаагаа илэрхийлсээр буй. Дэлхийн нийт хүн амын зургааны нэг нь оршин тогтнодог тус улс одоогоор дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг эзэлж, дэлхийн агаар мандалд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг дангаараа ялгаруулдаг. Тус улс 2060 он гэхэд нүүрчтөрөгчийн ялгарлыг 0 хувьд хүргэх буюу нүүрсний эрчим хүчээс бүрэн татгалзах зорилт тавиад байгаа билээ.
Хятад улс 2021 онд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх хэмжээг 56 хувиас бууруулна гэж өнгөрөгч Пүрэв гариг (2021.04.22)-т мэдэгджээ. 2010 онд энэ тоо 68 хувь байсан бол өнгөрсөн 10 жилд тус улс нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх процессыг даруй 12 хувиар бууруулж чадсан нь харагдаж байна. Түүнчлэн тус улс нь 2021 онд нар, салхин цахилгаан станцаар эрчим хүч үйлдвэрлэх хэмжээг улсын нийт эрчим хүчний хэрэглээний 11 орчим хувьд хүргэхийг эрмэлзэж байгаа аж.
Хятад улс нүүрсийг сэргээгдэх эрчим хүчээр амжилттай сольж чадвал эдийн засгийн хувьд маш өндөр үр ашиг хүртэх боломжтой гэж “TransitionZero” санхүүгийн аналитик компани тооцоолжээ. Энэхүү тооцооллоор Хятадын засгийн газар одоо байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа сэргээгдэх эрчим хүчний станцуудаар сольсон тохиолдолд 1.6 их наяд ам.доллар хэмнэж чадна гэж үзсэн байна.
АНУ-тай үзэглэсэн уур амьсгалын гэрээнд Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд энгийн төвшинд аваачна гэсэн байдаг. Энэ сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар зохион байгуулагдсан Дэлхийн цаг уурын дээд хэмжээний цахим уулзалтын үеэр Хятад улс ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эдийн засгийн төлөвлөгөөндөө нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлогыг багтаасан талаар тус улсын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
Тэрбээр тус улс цаашид нүүрсээр ажилладаг эрчим хүч үйлдвэрлэх төслүүдэд хатуу хяналт тавьж, XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нүүрсний хэрэглээний өсөлтийг хатуу хязгаарлаж, XV таван жилийн төлөвлөгөөт үе шатанд бууруулна хэмээн мэдэгдсэн байна. Хятадын XIV таван жилийн төлөвлөгөө нь 2021-2025 он, XV таван жилийн төлөвлөгөө нь 2026-2030 оныг хамарна.
Үүний тулд эхний ээлжинд хуучирсан станцуудыг хаах, жижиг станцуудын тоонд хяналт тавих арга хэмжээ авах аж. Хятадад одоогийн байдлаар нүүрсээр ажилладаг том, жижиг нийлсэн 1082 цахилгаан станц ажиллаж байгаа бол 92 станц барилга угсралтын шатандаа, 135 станц угсралтын өмнөх шатандаа байна.
Хятадын дарга Ши Жиньпин "Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудын ногоон эрчим хүчний салбарын санхүүжилтийг дэмжихээ амласан байна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтаар нүүрсний хэрэглээг танах өөр бусад арга хэмжээнүүдийг танилцуулна хэмээн мэдэгджээ.
Хятад улс нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилт тавьж байгаагийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний салбар нь хурдацтай өсч байна. Тус улс салхины эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол нарны эрчим хүчний чадал нь Германы дараа хоёрдугаарт бичигддэг.
Эх сурвалж: NEW YORK TIMES, REUTERS
Холбоотой мэдээ